Замын-Үүдийн боомтоор машин нэвтрүүлэхгүй байна

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 25

Энэ сарын 20-ны өдрөөс эхлэн Замын Үүдийн гаалийн боомтоор ачааны машин болон УАЗ-469 машин нэвтрүүлэхгүй байх сануулгыг БНХАУ-ын талаас сануулжээ. Үүний улмаас Замын Үүдийн хилийн боомтоор дээрх машинууд нэвтэрч чадалгүй хил дамнасан тээврийн хэрэгсэл болон зорчигчдын гацаа үүсээд өнөөдөртэй нийлээд тав хонож байгаа аж. Үүнээс үүдэн Монголын талаас ачааны машин болон УАЗ-469 машинаар хил дамнан тээвэр хийгч 1000 гаран жолооч зорчигчид нийлсэн эсэргүүцлийн жагсаал хийж хилийн гарцыг хааж байна.
Хилийн боомтоор ачааны болон УАЗ-469 машин гаргахгүй байх шийдвэрийг Эрээн хотын захирагч, Засгийн ордны зүгээс гаргаад байгаа юм. Учир нь БНХАУ-д 10 жилээс дээш жил ашигласан болон өнгө үзэмж муу, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаагүй тэвш бүхий авто машиныг нэвтрүүлэхгүй байх хэрэгтэй гэж үзжээ. Энэ талаар Эрээн хотын замын хөдөлгөөний дүрэм, хуульд мөн заасан байдаг аж.
Өнөөдрийн хувьд УАЗ-469 машинуудыг хилийн боомтоор нэвтрүүлж байгаа бол энэ нь зөвхөн өнөөдөртөө гэнэ. Ачааны машины хувьд зохих шаардлагад нийцсэн 90-н ачааны машиныг хил нэвтрүүлсэн байна. Энэ асуудлаар Замын үүдийн холбогдох албан тушаалтанууд эрээн хотын даргатай дахин хэлэлцэж байж шийдэх гэнэ.

Б.Анар

Zindaa.mn Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top