Гэрэл зургийг Ж.АДИЛБИШ
"Парис-2024" паралимпын наадмын эхний өдөр Монголын баг тамирчдаас паралимпын аварга төрлөө.
ДАШТ-ий хүрэл, Ази тивийн аварга, “Ханжоу-2022” Азийн наадмын мөнгөн медальт, Паралимпын шигшээ багийн тамирчин, ОУХМ У.Сүрэнжав паралимпын наадмын таэквондогийн эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд өрсөлдөж, аваргын алтан медаль хүртлээ.
17 дахь удаагийн паралимпын наадмын эмэгтэйчүүдийн 52 кг-ын жингийн К-44 ангилалд өрсөлдсөн манай тамирчин Египетийн тамирчин Салма Хассаныг ялж, шөвгийн дөрөвт шалгарсан бол дараагийн тулаанд Мексикийн Жессика Гарсиаг 13:5 харьцаатай ялж, финалд шалгарсан. Улмаар аваргын төлөөх тулаанд Ираны 15 настай залуу тамирчин Захра Рахимиг 5:2-оор буулгаж авсан юм.
У.Сүрэнжав ийн паралимпын наадмын түүхэн дэх Монголын анхны эмэгтэй аварга, гурав дахь алт, тав дахь медалийн эзэн болж байна. Паралимпын анхны алтан медалийг Хөдөлмөрийн баатар Д.Баатаржав "Бээжин-2008" паралимпын наадмаас хүртэж байсан бол Хөдөлмөрийн баатар Э.Содномпилжээ "Токио-2020" паралимпын наадамд түрүүлж байсан билээ.
ОУХМ У.Сүрэнжав 2000 онд Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн. 24 настай. Анхны паралимпын наадам нь "Парис-2024". Арваннэгдүгээр ангийн сурагч байхдаа Завхан аймагт таэквондогийн спортоор хичээллэж эхэлсэн, анхны багш нь Завханд байдаг. Харин түүнийг спортоор тууштай хичээллэх замыг эхлүүлсэн хүн бол Монголын таеквондогийн холбооны үүсгэн байгуулагчдын нэг Л.Отгонбаатар агсан бөгөөд сүүлийн жилүүдэд Н.Эрдэнэбаатар, Д.Батнасан нар У.Сүрэнжавын дасгалжуулагчаар ажиллаж байна.
“Парис-2024” зуны 17 дугаар паралимпын наадамд таван тивийн 168 орны 4400 гаруй тамирчин спортын 22 төрөлд 549 багц медалийн төлөө өрсөлдөж байна.
Паралимпын наадамд Монгол Улсаас зургаан спортын төрөлд 12 тамирчин оролцож байгаа билээ.
Сэтгэгдэл ( 6 )
Баатар..\n
Эвий дээ баяр хүргэе
GOE.
баяр хүргэе ээ
ямар сайхан мэдээ вэ монголчуудыг ёстой нэг баярлууллаа ойрдоо сонсоогүй сайхан мэдээ байна дүүдээ аз жаргал сйхан бүхнийг хүсье
Энэ мэдээ сайхан сэтгэгдэл төрүүллээ. Том тэмцээнд аваргалж байгаа монгол тамирчин дүүдээ талархлаа, баярлалаа. Олимпийн аваргыг ингэж бэлддэг юмаа чөлөөт, жүдо гийнхон мэдэж авцгаа