Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны 3800 иргэнийг төлөөлөн хэсэг иргэн УИХ-ын нийт гишүүд болон УИХ-ын сонгуулийн дөрөвдүгээр тойргоос сонгогдсон эрхэм гишүүн Л.Мөнхбаатар, Л.Энх-Амгалан, Ц.Даваасүрэн, Х.Баттулга, Д.Үүрийнтуяа, Д.Батлут, Б.Бат-Эрдэнэ, Ж.Бат-Эрдэнэ нар, Засгийн газрын гишүүдэд “Өглөөний сонин”-оор дамжуулан хандаж захидал илгээснийг нийтэлж байна.
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ШИНЭЭР БАЙГУУЛАХ ХАТГАЛ СУМЫН ТУХАЙ ТАНИЛЦУУЛГА
НЭГ. Хатгал сумын түүхэн байдал
Хатгал сумын нутаг нь 1600 оны дунд үе хүртэл баруун Монголын хаант улсын бүрэлдэхүүнд багтаж байсан юм. Хөвсгөл нуурын баруун урд эрэгт орших Хатгал боомт нь 1691 онд анх суурин иргэншлээ олсон гэж түүхэнд тэмдэглэгддэг ба Манж, Оросын хил тогтоох Буурын гэрээгээр 1727 оны найдугаар сарын 28-нд “Хатгал харуул“ болсон байна.
Хатгал нь хүн ам олонтой, гадаад дотоодын худалдаачид, аялагчид хэрэн сүлжилдсэн их хөлийн түшиц газар байсан тул щ Ардын хувьсгал ялсны дараа 1921 оны арванхоёрдугаар сард Хөвсгөлийн хязгаарын хэрэг эрхлэх ардын түр яам гэдэг орон нутгийн захиргааны анхны нэгж Хатгалд байгуулж байсан бол 1928 онд Дэлгэр их уулын хошуу болгон өргөтгөж хошууны төв Хатгалд төвлөрчээ. Хөвсгөл аймгийн анхны төв 1931-1933 онд Хатгалд суурьшиж байгаад Мөрөнд шилжүүлжээ. Хатгал нь БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн 1955 оны гуравдугаар сарын 31-ний өдрийн 24-р зарлигаар Хөвсгөл аймгийн Хатгал хороо болон байгуулагдсан. Хатгал хороо захиргаа болон төрийн үйлчилгээний бүх байгууллагууд үйл ажиллагаа явуулж байсан үед 1933 онд үүд хаалгаа нээсэн Монголын аж үйлдвэрийн ууган голомт, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт Ноос угаах үйлдвэр, Усан замын газар, усан боомт, Гадаар худалдааны Дамжлага бааз, Нефть бааз, Шатахуун тээврийн 24-р автобааз, Мод боловсруулах үйлдвэр, Ахуй үйлчилгээний газар, Барилгын цэргийн 110-р батальон, 187-р анги, нисэх онгоцны буудал, шуудан холбоо, тойргийн сумдын сурагчдыг хамран сургадаг 1000 гаруй сурагчтай 10 жилийн бүрэн дунд сургууль, Сум дундын нэгдсэн эмнэлэг, Газар хөдлөл судлалын станц, Гал команд, Цагдан сэргийлэх анги зэрэг томоохон үйлдвэр, үйлчилгээний газрууд ажиллаж хүн амын тоо эрс өссөн тул БНМАУ-ын АИХ-ын тэргүүлэгчдийн 1975 оны гуравдугаар сарын 27-ны өдрийн 73-р зарлигаар Хатгал хороог 6000 гаруй хүн амтай орон нутгийн хот болгон өргөжүүлсэн. Шинэ Үндсэн хууль батлагдаж, засаг захиргааны нэгжийг өөрчлөн байгуулахад 1994 оны тавдугаар сарын 6-ны өдрийн Монгол Улсын Их Хурлын “Зарим хот хороодыг сумдад нэгтгэх тухай” 36-р тогтоолоор Хатгал хотыг Алаг-Эрдэнэ суманд харъяалуулан тосгон болгосон нь одоог хүртэл мөрдөгдөж байна.
ХОЁР: Хатгал тосгоны одоогийн байдал
Хатгал тосгон өнөөдөр нийт 1174 өрх, 3738 хүн амтай, 53396 мянган толгой мал сүрэгтэй, эдийн засгийн бүтэц нь аялал жуулчлал, МАА, худалдаа үйлчилгээ, аялал жуулчлалын бүтээгдэхүүн, байгаль орчныг хамгаалах ашиглах зэргээс бүрддэг. Хатгал тосгон нь аймгийн төвтэй хатуу хучилттай замаар холбогдсон, тосгоны төвдөө таван км хатуу хучилттай замтай, Жанхайн даваа, Хүзүүвчийн шилийн арын жуулчны баазуудыг засмал замаар холбож байна. Бусад жуулчны баазуудыг сайжруулсан шороон замаар холбосон. Нисэх онгоцны буудалтай агаарын замаар зорчих боломжтой, усан замтай, Хөвсгөл нуурт хөндлөн гулд явах Сүхбаатар онгоц, орчин үеийн бага оврын усан онгоц гурав, моторт завь 68 ажиллаж байгаа нь нууранд явах усан замын сүлжээтэй гэсэн үг. Хөвсгөл нуурын баруун, зүүн, хойд, урд талуудад завь онгоцны зогсоолтой. Төвийн эрчим хүчинд холбогдсон. Нуурын баруун талаар 50 км газарт жуулчны бааз, гэр буудлуудыг эрчим хүчээр хангасан. Хатгал тосгонд аялал жуучлалын чиглэлээр үйлчилгээ үзүүлдэг 126 гэр буудал, 88 жуулчны бааз, усан мандал ашиглан үйл ажиллагаа явуулдаг 80 гаруй завь, морин хөтөч 60 гаруй, авто машин таксины тээвэр үйлчилгээ эрхлэгч 30 гаруй жолооч ажиллаж гар урлалын бүтээгдэхүүн худалдаалдаг 100 гаруй иргэд өрхийн үйлдвэрлэл, бэлэг дурсгалын худалдаа үйлчилгээ эрхэлж байна. Хатгалд хүнсний дэлгүүр 23, зоогийн газар гурав, цайны газар дөрвөн, кофе шоп гурав, талхны цех гурав, загас боловсруулах цех гурав, ойн мэргэжлийн байгууллага 5, ШТС зургаа, сүү цагаан идээний цех хоёр, авто машины дугуй засварын газар тав, газын колонк нэг ажилладаг ба ХААН болон Төрийн банкны салбарууд ажиллаж АТМ үйлчилж байна.Төрийн үйлчилгээний байгууллагууд болох ЕБ-ын 12 жилийн сургуульд 800 сурагч, 94 багш ажилтан, 15 ортой, 28 эмч ажилтантай Сум дундын нэгдсэн эмнэлэг, 220 хүүхэд 6 бүлэгтэй 27 ажилчинтай хүүхдийн “Уран дөш” цэцэрлэг, соёлын төв, цагдаагийн тасаг, ЗАА зэрэг төсөвт байгуулллага үйл ажиллагаа явуулж байна. Хатгалд мөн ХУТХГ-ын захиргаа, Газар хөдлөл бүртгэх станц, Цаг уур, нуур судлалын өртөө, шуудан холбоо, үүрэн телефоны Мобиком, Юнител, Жи мобелийн салбарууд, Гал унтраах аврах 069-р анги, иргэдийн санаачилгаар гар урчуудын 12 бүлэг, байгаль орчныг хамгаалах нөхөн сэргээх иргэдийн нөхөрлөл ес, хог ангилан ялгах булшлах ЛАНДФИЛЛ байгууламж, шингэн бохирын цэвэрлэх байгууламж зэрэг албан газар байгууллага, компаниуд ажиллаж байна.
Дээрх бодит байдлаас дүгнэлт хийхэд:
1. Хатгал тосгон нь бүтэц зохион байгуулалтын хувьд бараг бие даасан томоохон сум болчихсон газар
2. Хатгал тосгон сум болоход орон тоо, цалингийн сан нь нэмэгдэхгүй, төсөв санхүүгийн ямар нэг хүндрэл үүсэхгүй.
3. Эдийн засгийн голлох бүтэц нь аялал жуулчлал, МАА, жижиг үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ, байгаль орчин түүний өгөөж юм
4. Төсөв санхүүгийн хувьд 2023 оны гүйцэтгэлээр тосгоны татварын орлого 626,3 сая төгрөг, татварын бус орлого 36,3 сая төгрөг, аймгаас авсан дэмжлэг 337,2 сая төгрөг, бүгд нэг тэрбум дөрвөн сая төгрөгийн орлого бүрдүүлж нийт 863,3 сая төгрөгийн зардал гаргасан нь сум орлогоороо зардлаа нөхөх бүрэн боломжийг бүрдүүлж байна.
5. Шинээр сум байгуулах хууль эрх зүйн орчин бүрдсэн байна. Энэ нь Монгол Улсын Үндсэн хууль, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, холбогдох тогтоол заавруудад бүрэн нийцэж байна.
ГУРАВ: Хатгал сум болох тухайд
Хатгал тосгоны оршин суугчид сум болох тухай хүсэлтийг удаа дараа гаргасаар ирсэн. Тухайлбал, 2008 оноос эхлэн Хатгалчууд бид сум болох тухай өөрсдийн хүсэлтийг Алаг- Эрдэнэ сумын ИТХ-д найман удаа, аймгийн ИТХ-д гурван удаа, Монгол Улсын Засгийн газарт хоёр удаа хүргүүлж байсан боловч шийдвэр гаргуулж чадаагүйн учир шалтгаан нь хууль эрх зүйн орчинд байсан юм. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 4.1 дэх заалт нь засаг захиргааны нэгжийг өөрчлөхдөө сумын ИТХ-ын шийдвэрийг үндэслэж шийддэг байсан тул Алаг-Эрдэнэ сумын ИТХ-ын олонх нь тус сумаас сонгогддог учир саад болж байлаа. Одоогийн байдлаар Алаг-Эрдэнэ сум 3329 хүн амтай, Хатгал тосгон 3738 хүн амтай байхад суманд 20 төлөөлөгч, Хатгал тосгонд таван төлөөлөгч ноогддог нь тэгш бус төлөөлөл үйлчилж байна. Хүн амын тоог харгалзан мандатын тоог тогтоох хуулийн зарчим энд алдагдсан. Энэ нь одоо мөрдөж байгаа Сонгуулийн хуулийн 12.5 дахь заалт буюу “Сумын баг бүр нь сумын ИТХ-ын сонгуулийн тойрог болно” гэсэн нь мөн саад тотгор болсоор байна. Хатгалын иргэд гурван удаагийн санал асуулгад дунджаар 83-85 хувийн ирцтэй оролцож сум болохыг тосгоны иргэдийн 95-99 хувь нь дэмжсэн байдаг юм. Ийнхүү 16 жил дараалан төр, засгийн бүх шатанд Хатгалчууд бид асуудлаа тавьж, бодит байдлаа үнэнээр нь илэрхийлж, шат шатны Иргэдийн Хурлын төлөөллөөрөө дамжуулан УИХ-ын гишүүдэд хүргүүлэн иргэдийн оролцоонд түшиглэн ажиллаж ирлээ. Засаг захиргааны нэгжийг өөрчлөх эрх зүйн орчин ч шинэчлэгдэж баталгаажлаа.
1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулга 2020 онд батлагдсан нь сум болох тухай хүсэлт гаргах боломжийг бүрдүүллээ.
2. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх асуудлаар тухайн нутгийн иргэдийн санал авах журам ч 2024 оны хавар УИХ-аар батлагдлаа.
Дээр дурдсан хуулиудын шинэчлэгдсэн найруулга, өөрчлөлтүүд УИХ-аар батлагдсан, иргэдийн санал авах журам, Хатгал тосгоны 3738 иргэдийн санал, бодит нөхцөл байдлыг үндэслэн Монгол Улсын Их Хурал, Засгийн газар Хатгалчуудын саналыг судлан үзэж 2025 оноос эхлэн хойд бүсийн хөгжлийн бодлого төлөвлөлттэй уялдуулан Хатгал тосгоныг өргөжүүлэн засаг захиргааны үндсэн нэгж сум болгох асуудлыг хурдавчлан шийдвэрлэж өгөхийг Хатгалын иргэд оршин суугчид бид хүсэж байна. Хатгалчуудын сонгох, сонгогдох эрх ч бүрэн хэрэгжиж чадахааргүй хэмжээнд хүрчихээд байна. Өнөөдрийн байдлаар Алаг-Эрдэнэ сумын ИТХ нь 25 төлөөлөгчидтэй, үүнээс Хатгал тосгоноос 5 төлөөлөгч сонгогддог нь хүн амын тоогоор бараг илүү атал тосгонд тэгш бус төлөөлөл ногдож буй бөгөөд ард иргэдийн нийтлэг эрх ашгийг бүрэн хамгаалахад хангалтгүй байна. Энэ байдал 2024 оны орон нутгийн сонгуульд ч дахин давтагдаж тавхан суудал Хатгалд хуваарилагдлаа. Тосгоны зэргэлдээх сумдын нутагт өвөлжөө, хаваржаа худалдан авах, шинээр гаргах бүрд сум, тосгоны харьяаллын асуудал хөндөгдөж хөөгдөх, гэрчилгээ олгохгүй байх, худалдан авсан гэрчилгээг шилжүүлж өгөхгүй байх, зуслан, намаржаанд буусан хойгуур хашаа хороог буулгах, зөөх зэргээр иргэдийн эд хөрөнгөд халдсан тохиолдол цөөнгүй гардаг. Монгол Улсын нутаг дэвсгэр зөвхөн засаг захиргааны нэгжид хуваагдана гэсэн заалтад ч тосгон гэсэн статус нийцэхгүй байна хэмээн иргэд бид үзэж байна. Энэ нь Үндсэн хуульд заагдаагүй нэгж бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийн 57-р зүйлийн 1-д зааснаар Монгол Улсын нутаг дэвсгэр засаг захиргааны хувьд аймаг, нийслэлд, аймаг нь суманд, сум нь багт, нийслэл нь дүүрэгт, дүүрэг нь хороонд хуваагдана гэжээ.
1. Ингээд манай тосгоны 3800 орчим оршин суугч болон Хатгал тосгон нь ямар нэг засаг захиргааны нэгжид хамаарагдахгүй Хөвсгөл аймаг дахь харъяалалгүй иргэдийн бөөгнөрөл мэт харагдаж Үндсэн хуульд заагдсан иргэний зарим эрхийг эдлэхэд хязгаар тогтоож байна .
2. Засаг захиргааны нэгжийг өөрчлөх үйл ажиллагаанд баримтлах доорх зарчмууд ч алдагдаж байна.
А/ Нутаг дэвсгэрийн хувьд давхцахгүй байх
Б/ Үйлчилгээг дордуулахгүй байх
В/ Нутгийн иргэдийн оролцоог хангах
Г/ Эдийн засгийн үр ашиг өгөөжтэй байх
Иймээс Хатгалчуудын эцсийн эрхэм зорилго бол бие даасан сум болох асуудал тул энэхүү танилцуулгыг бичиж санал хүсэлтээ илэрхийлсэн Хатгал тосгоны иргэдийг төлөөлж:
1. Я.Чулуунбаатар-Алаг-Эрдэнэ сумын ИТХ-д Хатгал тосгоноос сонгогдсон төлөөлөгч, багш
2. Б.Ганбаатар-Алаг-Эрдэнэ сумын ИТХ-д Хатгал тосгоноос сонгогдсон төлөөлөгч, Аялал жуулчлалын “Мөнх сарьдаг” ХХК-ийн захирал
3. Ш.Дүүжий-Монгол Улсын зөвлөх инженер
4. Б.Ням-Очир-Төр, захиргааны тэргүүний ажилтан, Хатгал хотын дарга асан
5. А.Билэгдэмбэрэл-Хүний их эмч
2024.09.05
Сэтгэгдэл ( 3 )
Энэ юмыг нь бичиж өгсөн хүн байна. Миний нэр байдаггүй шүү. Манай эндэхийн МАН-н өвгөчүүд
Сумыг тосгон болговол хөгжинө. Харин тосгоныг сум болговол хөгжил нь зогсож ахиад 100 жилийн дараа модон жорлонтойгоо 200 жилийн ойгоо тэмдэглэх биз.
Балайраад бай. Бас нэг сум байгуулж яадгийн. Харин ч татан буулгах хэрэгтэй.