Асгатын наадамд АРАВ ТҮРҮҮЛСЭН аймгийн начин П.Янсанжав

2024 оны 09 сарын 17

Сумын наадам л хамгийн сайхан нь... хэмээн ярих хүмүүсийн нэг нь аймгийн начин Пяранлайн Янсанжав. Хүүхэд байхаасаа л аавыгаа дагаж сумын наадам үздэг байсан жаалхүү хожим Асгат сумынхаа наадамд 10 удаа, мөн нутгийнхаа хайрхан Их-Уулын тахилгад /1990/ түрүүлснээр 11 удаа түрүүлсэн босоо начин болсон юм. Аймгийн наадамдаа хоёр удаа зодоглохдоо нэгэнд нь дөрөв, нэгэнд нь тав давснаар аймгийн начин цол хүртжээ.

Нэгэн үе сумын заан Х.Чойжилсүрэн, Ц.Буджав, сумын начин Г.Раднаабазар, Ц.Пүрэвбаатар, М.Гансүх, М.Чулуунбаатар, сүүлийн үеийнхээс Б.Отгонбаяр, З.Түвшинбаяр зэрэг бөхчүүдтэй гал гарсан барилдааныг үзүүлдэг байсан нь Асгатынхны одоо хүртэл ярьдаг сэдэв нь.

Миний хүү чадалтай... хэмээн урамшуулсан аавынхаа үгээр олон жил мал ахуй дагасаар бэлтгэлд гаралгүйгээр шууд наадмын өглөө зодоглодог байжээ.

1979 онд сумынхаа наадамд 18 настай анх удаа түрүүлэхэд нь шөвгийн дөрөвт үлдсэн том ах П.Загджав нь дүүдээ бууж өгчээ. Янсанжав начны ах сумын заан, Спортын мастер П.Загджав, аймгийн арслан П.Цэнджав нар цагтаа наадмын дэвжээнд зодоглож байсан иртэй бөхчүүд.

Тэр наадмын үзүүр түрүүнд Чойжоотой /бүдүүн/ үлджээ. -Чойжоо чамд бууж өгөхгүй, яс л үзнэ. Сайн барилдаарай хэмээсэн ахынх нь үг давах ёстой... гэдэг том сануулга болж, сумын наадмын анхны түрүүгээ авчээ. Тэр жил цэргийн албанд мордож. Цэргээс ирээд л нутгийнхаа наадамд зодоглосоор Асгат сумын наадамдаа 10 удаа түрүүлсэн бөхийн түүхэн замналаа хадгалсаар  яваа билээ.

Том ах нь долоо, дунд ах нь дөрвөн удаа аймаг, сумын наадамдаа түрүүлсэн. Үүн дээр Янсанжав начны 10 түрүү нэмэгдэнэ. Нэг гэр бүлээс төрсөн эдгээр бөхчүүдийн удам бол Жавынхан. Тэдний ээж чадалтай, том биетэй хүн байжээ. Нөхрөө сархад зооглоод явах үед ганцаараа гэрээ нүүлгээд, шинэ нутагтаа бариад, том том авдар, ачаагаа гэртээ зөөгөөд оруулчихсан байдаг хэмээн нутгийнхан ярьдаг юм.

Янсанжав начны арван жил түрүүлэхдээ өмсөж асан зодог нь одоо хүртэл хадгалдсаар байна. Ирэх жил болох Сүхбаатар аймгийн Дарьганга хошууны зургаан сумын нэг Асгат сум байгуулагдсаны 100 жилийн ойн баяр наадмаар гаргаж салхи оруулна хэмээн ярилаа. Энэ сумынхаа дэвжээнд 10 удаа түрүүлэхдээ өмссөн зодгийнх нь хийморь сэргэх биз ээ.

Тэрээр учраа бөхтэйгөө нэг их удаан барилддаггүй онцлогтой. Сэрвүү барьцнаас дархан мэхээ хийдгийг сумынхан андахгүй.

Залуу байхдаа наадмын өглөө талбай руу алхаж явахдаа тэнд эндээс тэр гэдэг хүн ирсэн байна билээ... хэмээх олны салхины хажуугаар Түрүүлнэ дээ... гэж л боддог байсан нас сайхан шүү. Түрүүлчихээд мал хуй руугаа явчихна. Байнд ирсэн ёотон, цайгаа аав, ээж, ах дүү нартаа амсуулах нь хамгийн том баяр нь. Одоогийнх шиг найр наадам хийж, наргих гэдгийг мэдэхгүй. Түрүү бөхийн байнд ирсэн даагануудаас нэгийг нь уяж, сумын наадамдаа долоод давхиулжээ.

Улсын наадамд 10 удаа түрүүлсэн Дархан Аварга Б.Бат-Эрдэнэтэй түрүүлсэн даваа нь ижил хэмээн бэлгэшээдэг. Сумын наадамдаа завсаргүй 10 түрүүлээд 1990 онд зодог тайлснаас хойш одоо хүртэл Асгатын наадмын бөхийн хөлийн цэцэд ажилласаар байна. Монгол бөхийн дэвжээ нь түүнийг сумын наадамтай насан туршид нь бөхөлсөн гэлтэй.

1990 оноос хойш Их-Уулынхаа тахилга бүрийн хүчит бөхийн барилдааныг хоёр ахынхаа нэрэмжит болгон байлдаг уламжлалтай болсон. Дээрээс нь сумандаа бөхийн дэвжээ байгуулж, хойч үедээ үндэсний бөхийн залгамж халаа бэлтгэх хүсэл бий ч бэлтгэл сургуулилтын заал танхимаас эхлээд стандартын бус байр шаарддаг учир төсөв хөрөнгөгүй, сэтгэл өвөрлөснөөс цаашгүй начин юу хийх билээ дээ хэмээн шогширно.

Залуу ахуйдаа аймгийн наадамд тоотой хэдхэн зодоглосон. Ер нэг их улсын болон томоохон барилдаан гэхээсээ илүү сумын наадам үзэх нь хамгийн том тайтгарал нь гэнэ билээ. Нутгийн олноороо уухайлуулан жил бүр зодоглох нь ус нутгаасаа холдох дургүй хүний араншин ч байж мэднэ. Өдгөө түүний ач хүү Ч.Нямжав нь өвөөгийнхөө шийрийг хатааж яваа, бөх сонирхогчдын анхааралд өртөөд буй ирээдүйтэй бөхийн тоонд зүй ёсоор орсон 17-хон настай өсвөрийн бөх. Ачдаа бөхийн А үсгийг заасан багш нь Янсанжав начин. Дэвээ шаваанаас эхлээд бөх хүнд байх бүхий л чанарыг хэлж өгөх үүрэгтэй өвөө.

Хөлд орох, суйлах өөрийн дархан мэхийг ач хүүдээ заан өвлүүлж буй.

Янсанжав начны гэргий П.Оюунчимэг зодог шуудаг, үндэсний хувцас урлаач. Наадам бүрд ханийнхаа дээлийн өнгийг сольдог байснаа дурслаа. Нэлээд биерхүү өндөр болохоор олон метр даавуу орно оо... хэмээх нь насаараа бөхийн гэргий байж, наадмын гоёлыг нь урласан хүний  зангарагтай.

Сумын наадамд 10 түрүүлсэн хүн ер сонсогдоггүй юм даа... хэмээн П.Янсанжав начин яриагаа дуусгав. Асгат нутгийнхаа торгон дэвжээг арван түрүүгээр мялаасан түүн шиг бөх өдгөө хараахан төрөөгүй л...

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(66.181.166.196) 2024 оны 09 сарын 17

Бөх муутай л сум байна, бурхангүй газар бумба галзуурна гэдэг чинь л энэ шүү дээ, кк

0  |  0
Top