Эрдэнэцагаан, Жаргалант, Чоно гол, Шовдол булаг, Халтар хошуу гээд нэр нь хүртэл домог, түүх өгүүлэх шиг сонсогдох Монгол Улсын зүүн хязгаарын хилийн застав, отряд бүхий газрууд. Өвөг дээдсийн амиа өргөж, ариун цусаараа тамгалсан, аавын олон хөвгүүдийн атгахан зүрхэнд өнө мөнхөд багтаж явдаг эх орон, дархан хилийн бүс. Ижий аавынхаа өврөөс эр цэргийн албанд дуудагдсан эрх танхи хөвүүн эх орныхоо дархан хилийн манаанд очиж, жагсаалын байлдагчаас хилийн цэргийн дэд хурандаа болтлоо өсөж хөгжсөн эрхэм хүмүүн, энх цагийн эгэлгүй дайчин эр Сэрээтэрийн Дашдэмбэрэлийн ажил амьдралын түүхээс уншигч танаа хуваалцаж, “Хувь заяа” булангийнхаа энэ дугаараар хамтдаа аялцгаая.
Цоохорынхоны үргэлжлэл...
Сайн ноён хан аймгийн Сайн ноёны хошуу буюу одоогийнхоор Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын уугуул С.Дашдэмбэрэл 1958 онд Орхон түшээ мөрний эхэнд Төмөртийн Зулзагат гэдэг газар төржээ. Аав Хоролын Сэрээтэр малч удамтай нутгийн уугуул иргэн. Цоохорынхон гэж Монголын томоохон 40 овгийн нэг. Говь нутгаас найман сайхан залуу бүсгүй хангай газар ирж нутаглан голдуу тайжын удмын хүмүүстэй гэр бүл болж амьдарчээ. Эндээс ийм удам үүссэн гэж ярьдаг.
Сүүл үеийнхээс нь гэвэл “Цоохор” Дүгэр гэгч эр гурван эхнэр авч 32 хүүхэдтэй болж ураг удам тэлж байсан гэдэг. Сүрхий мэдлэгтэй, төвөд номтой хүн байсан аж. Энэ домгийн үргэжлэл болсон үр сад өдгөө ч бий нь нийтлэлийн маань баатар юм. Ээж Ишмэдийн Долгоржав нь Архангай аймгийн Цэнхэр сумаас гаралтай. Дөрвөн хүү, дөрвөн охин төрүүлж өсгөжээ. Найман хүүхэдтэй айлд зургаа дахь нь хил манах хүү төрсөн нь С.Дашдэмбэрэл юм.
Есөн нас хүртлээ эцэг эхийн гар дээрч өсөж, хурга ишиг хариулж яваад 1967 онд сумын сургуульд орсон байна. Багш нар цөөхөн, сумын хөгжил тааруухан байсан үеийн сурагч. Сайннямбуу гэж 17-хон настай, Багшийн сургууль дөнгөж төгсөж ирсэн багшийн ангид оржээ. Багш нь ангийнхаа хүүхдүүдийг өмөөрөөд л дөрөвдүгээр ангийн хүүхдүүдтэй зодоон хийгээд явдаг байсныг тод санана. Багш нь ч хүүхдээрээ байжээ. Хичээлийн болоод дотуур байр хоёулаа гэрт. Хангай газар хүйтэн. Эсгий гутал, хөвөнтэй дээлтэй л хичээлээ хийнэ. Дараа нь найман жилийн сургууль болж, шинэ байр баригдсан аж. Эдний ангийнхан Бат-Өлзий сумын найман жилийн сургуулийн гурав дахь төгсөлтийнх. Дашдондов багш нь найм төгсгөжээ. Ингээд 1975 онд Хужирт сумын 10 жилийн сургуульд Ч.Лхагва багшийн ангид хуваарилагдав. Бат-Өлзий сумаас хоёр хүү, гурван охин очиж байлаа. Таван сумын хүүхдүүд Хужиртад очно. Сум сумаараа амь нэгтэй. Гэрээс нь илгээмж ирэхээр нөгөөхөө аминчилж хувааж иднэ. Довон дээрээ байгаа болохоор Хужиртынхан “атаман”. Ингэж явсаар байгаад л бие биедээ дасна даа. Тэр үеийн сургалт чанартай байжээ. Ном, сурах бичиг их ховор. Багш нарт л ном байх. Тэгсэн хэр нь 10 гаруй хичээлийг маш сайн үздэг байжээ. Одоогийнхтой адилхан зурагт, гар утас гээд сатаарах зүйл ч байхгүй. Байнга сурлага хүмүүжлийн ажил зохион байгуулагдаж, уралдаан, шалгалт болно. Хичээлээсээ хоцорвол ханын сонинд гарна гэхээс хүүхдүүд ичиж эмээдэг. Байрны багш нарын хяналт сайн, чанга байдаг байжээ.
Малчин болохоор шийдсэн ч эх орон дуудав
Байгалийн зураг зурдаг, мужааны ажилд сонирхолтой, гар урлалын зүйл, гэрийн шал багштайгаа хамтарч хийдэг хүү байв. Тэгээд ч тэр үү, зураг, хөдөлмөрийн багш болох сонирхолтой. 10 дугаар ангиа төгсгөөд мөнөөх мөрөөдлийнхөө дагуу шалгалт өгөн тэнцтэл журам нь өөрчлөгдөж, хүссэн сургуулийн хуваарь ирсэнгүй. Явсаар байгаад сүүлдээ техникумд хуваарилагдах болж ч байх шиг. Дорнодын техникумоос ирсэн багш эмэгтэй “Миний дүү манай сургуульд ор. Ёстой гоё” гээд л ятгаад байж. Хүү “Үгүй ээ, миний материалыг Хөдөлмөрийн товчоон дээр үлдээгээрэй. Би мал дээр гарч, малчин болно оо” гэж хэлээд ямар ч хуваарь авсангүй. Бат-Өлзий сумандаа аав ээж дээрээ очиж сувай хонь, тэмээ хариулаад байж байтал хойтон хавар нь цэргийн зарлан ирж, эх орон дуудав.
Цэрэгт явахаар боллоо. Бат-Өлзий сумаас 30 залуу эр цэрэгт тэнцжээ. Сумын дарга, аав, ээжүүд нь Ягаан толгой гэдэг газар үдэн гаргаж өгөв. Аймгаас 24 машин цэрэг явсан аж. Тэр үед одооных шиг цэргийн насны залуус эрүүл мэндээр тэнцэхгүй гэх шалтаг шалтгаан байдаггүй. Цэргийн насны эрчүүд барагтай л бол эрүүл мэндээр хасагддаггүй, ар гэрийн гачигдал, энэ тэрийг нь харж үзээд л үлдээдэг байв. “Харин одоо саналыг нь харгалзан үзэх маягтай болсон байна. Дүйцүүлэх алба гээд сонголт олон болжээ. Юм бүхэн бэлэн, бэлэнчлэн сэтгэлгээтэй, хал үзээгүй эвдэрсэн залуус ч их байна” хэмээн дэд хурандаа С.Дашдэмбэрэл хуучлав.
Ингээд шинэ цэрэг Улаанбаатар хотод Хилийн цэргийн 0151 дүгээр ангид хуваарилагдаж, холбооны цэрэг болжээ. Хилийн бүх холбоочин тэнд бэлтгэгдэж байв. Нэг жилийн сургалтаар мэргэжил эзэмшүүлээд шалгарсан цэргүүдийг хил рүү явуулна. Хил дээр очоод дандаа морзоор л харилцана. Утсан холбоо ховор байсан. 1978 онд Хилийн цэргийн Холбооны ангид очоод 1979 оны хавар 400-500 цэргийг Монгол Улсыг тойрсон хил рүү холбоочноор хуваарилжээ. Холбоочиндоо тэнцээгүй нь монтёр, моторчин болно. Гурван жилийн цэрэг эр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд хуваарилагдав. “Сүхбаатар гэхээр нь Сэлэнгийнх юм болов уу гэж бодоод гоё модтой газар очих нь” гэтэл биш болж таарав. Монгол-Хятадын хил рүү, зүүн хязгаар руу томилогдсон байлаа.
Энэ томилолт хожмоо үзэмчин, барга, хуучид, авга, дарьгангачуудынхаа дунд 26 жил хөдөлмөрлөн, төрдөө хоёргүй сэтгэлээр зүтгэн, дархан хилээ манах амьдралын тойрог, их ажлын тойрох хуудас байсныг тухайн үед хэн мэдэх.
Хил дээр хүнд, цагийн байдал түгшүүртэй
Баруун-Уртад Улаанбаатараас онгоцоор буугаад цааш ЗИЛ-130 машинаар Эрдэнэцагаан руу давхилаа. Цэлийсэн тал газар угтав. Яваад л байх. Барагдах юм биш. Зотол хан шовойгоод л байна. Тал газарт 220 км барагддаг юм биш. Өдөржингөө л давхиж байж үдшээр очив. Радист нар бусад цэргээ бодвол их хүндтэй. Хүлээж аваад л тусад нь байрлуулчихлаа. Том, жижиг станц дээр хоёр хоног дадлага хийлгээд л хурдхан гэгч нь хил рүү хуваарилаад явуулна. Бэлтгэгдсэн холбоочин цэрэг сагс тоглох зэргээр гар нь эвдэрвэл мэдээгээ явуулж чадахгүй болчихно. Тиймээс нэг өрөөн дотор л өдөр шөнөгүй сууцгааж байх. Хоёр цаг болоод л мэдээгээ өгнө. 1976 оны цэргүүд халагдах гээд л. Шинэ холбоочин ирэхийг хүлээгээд л, саначихсан гэж жигтэйхэн “Дүү ирлээ” гээд тэвэрч үнсээд л чухам. Хамаг юмаа хурдхан хүлээлгэж өгөөд л халагдахын түүс болчихсон сууж байгаа юм л даа. Очоод жинхэнэ хилийн холбоочин болов. Хамгийн анх хилийн тор татах ажлыг хийсэн санагдана.
Тэр үед зах хязгаар нутаг, хилийн байдал нэлээд хүнд, түгшүүртэй байжээ. Хятад-Вьетнамын дайн болж байв. Орос цэргийн ангиуд манайд хүч нэмэгдүүлж ирсэн байдалтай. 1979 оны хавар Цагаан сараар бараг л дайн болох гэж байгаа юм шиг л хилийн цэргийнхэн түгшүүр аваад ажиллаж байв. Ер нь байнгын бэлтгэлтэй. Ялангуяа, хил дээр байлдааны бэлэн байдалд орчихсон. Гурван жилийн цэргийн хоёр дахь он ийнхүү өөхөн дэнгийн гэрэлд үргэлжлэв. Бас ч гэж мэдээлэл сайтай. Станцаараа олон улсын болоод улс орныхоо байдал, цэргүүдийн тухай мэдээллийг авчихна. Түүнийгээ бусад цэрэгтээ ярьж өгнө. Тэгээд ухуулагч болоод нам, улс төрийн ажил хийдэг болов. Ажил алба гайгүй явж байлаа. Гэтэл нэг өдөр дарга нар 500 цэргээс шалгалт авав. Сургийг дуулах нь ээ, Орос руу сургуульд явуулах юм байх. Тэднээс 14 цэрэг дарга нарын хараанд тунаж үлджээ. Түүнээс зургаа нь шигшигдэн тэнцжээ. Офицерууд ч бас шалтгалт өгсөн юмсанж. Ингээд хэсэг чимээгүй болжээ. Гэнэт Улс төрийн хэлтсийн дарга, хурандаа Баатар “10 дугаар анги төгссөн гэрчилгээ, хувийн хэргээ авчруулах хэрэгтэй байна. Яаж авчруулах вэ. Бид хөөцөлдөж өгье” гэж ярилаа. Халагдах бэлтгэлээ хийж байтал гадаадын сургуульд тэнцсэн зургаан цэргийн нэг нь С.Дашдэмбэрэл болж таарав. Хөөр баяр, хөнгөн гуниг хольж хутгалдах нь тэр. Нөгөө нэг багш хүүхэн хувийн хэрэг, сургууль төгссөн гэрчилгээг нь Дорнод аймаг руу аваад явчихсан байсныг аймгийн Цэргийн штабаар дамжуулан авчээ. Том, том сейфийг дөрвөн цаг ухаж байж материалыг нь олсон гэдэг.
...1980 оны хавар зуднаар хил рүү маш их мал урууджээ. Нэг өглөө сэртэл тас харанхуй байгаад байж. Тал газарт шуурахаар хаалга, цонхыг цас дарчихдаг. Энэ мэтээр хүндхэн хавар болжээ. Зургаадугаар сард ЗХУ-д суралцах таван цэргээ татаж авсан байна. Хилийн цэргийн полиган барих ажилд дайчилж, хоёр сар ажиллуулж байгаад намар наймдугаар сард ЗХУ руу Хилийн цэргийн командын дээд сургуульд явуулжээ. Монголоос нийт 20 гаруй сонсогч мордов. Москва хотын Бабушкины раойнд таван жил сурсан түүх энэ.
Дархан хилээ ч манаж, гал голомтоо ч бадраажээ
Улс бодлогоор хилийн цэргийн боловсон хүчнийг бэхжүүлж байсан үе. Хилийн цэргийн командын дээд сургуулиа төгсөөд ирэхэд нь Хилийн цэргийн удирдах газраас хуваарь хийхдээ төрөлх заставт нь сургасан мэргэжлийн боловсон хүчнээ хуваарилав. Тэтгэвэрт гартлаа газар орноо хамгийн сайн мэддэг нэг отрядад тогтвор суурьшилтай ажилласан байх юм. Жагсаалын байлдагчаас эхлээд хилийн цэргийн дэд хурандаа болтлоо Монгол Улсынхаа зүүн хязгаарт ажиллаж амьдарчээ. Цэрэг байхдаа байсан газар нь учраас сэтгэлд их дотно. Штабын галын бэлтгэлийн офицероос ажлын гараагаа эхлэн эрэмгий дайчин он жилүүдийг үдэв. Отряд наана сумын төв дээр байрлах. Хил рүү явахаар хамгийн захын застав Дорнод талдаа 300 гаруй км. Хамгийн наад талын застав Дорноговь тал руугаа 60 орчим км. Галын бэлтгэлийн офицер хүн чинь зэвсэг, сургалтаа хариуцаад бүх завставынхаа байлдааны бэлэн байдлыг буу зэвсгээр хангаж, цэргүүддээ байлдааны дадлага хийлгэнэ. Иймэрхүү байдлаар сард хоёр удаа явна.
“Эр хүний жаргал эзгүй хээр” гэдэг ч гэргий авч, гэрээ босгохоо мартаагүй зайтай эр аж. Баянхонгор аймгийн Гурванбулаг сумаас гаралтай айлаас эхнэр авчээ. Тэрбээр гэргий Ч.Нарантуяагаа Төмөр замын техникумд сурч байхад нь танилцаад захиагаар харилцдаг оюутнууд байв. Ч.Нарантуяа бүсгүй 1984 онд сургуулиа төгсчихсөн Дорноговьд ажиллаж байлаа. Албан байгууллагууд тэр болгон боловсон хүчнээ ийш тийш нь өгч явуулах дургүй байсан үе л дээ. Хилийн цэрэг НАХЯ-ны харьяанд учир ёстой нэг дархан эрхтэйгээр эхнэрээ очиж авчээ. Хадам ээжээ машины кабенд суулгасан шигээ эхнэрээ, дүүтэй нь аваад ирж. Амьдрал хоёр цэрэг ортой л эхэлж байв. Залуу байхад хэцүү бэрхийг бодож ч мэдэхгүй. Тал талаасаа дэмнэж туслаад зуух яндан, аргал түлштэй болов. Сүүлдээ офицерийн байранд орж, тог гэрэлд залгажээ. Ууган охин нь 1985 онд Дорноговьд, удаах хүү Баянхонгорт, дараагийн гурван хүүхэд Эрдэнэцагаанд, бага хоёр нь Бат-Өлзийд төржээ. Долоон хүүхэд өсгөсөн өрхийн тэргүүн, эх орны харуул тэрбээр өдгөө “Хүмүүсийн итгэл, сэтгэл, хариуцлага гурав дээр заставын амьдрал тогтоно. Өдөр шөнөгүй хилээ эргэнэ. Цагийн байдал хүнд байсан учир илэрсэн юм бүгдийг нааш нь мэдээлнэ. Хаагуур яаж байна, ямар гэрэл гэгээ хэзээ гарав, хятадууд хаана, ямар бэлтгэл хийж байна вэ гээд л тэр дор нь л мэдээлнэ. Хятадууд ч тэр үед тагнуул туршуул янз бүрийн юмаа манайхан руу оруулаад л амраахгүй. Нутгийн гүнээс бол гайгүй. Тэгсэн мөртлөө яг хил орчимд ийм түгшүүртэй амьдрал өрнөдөг байлаа. Гэхдээ гурван жилийн цэргүүд байлдааны бэлтгэл сайтай, нэлээд дадлагажсан, хилийн манаа харуулдаа хариуцлагатай яваад сурчихсан. УАЗ-469, УАЗ-466 машин, Урал-72 гээд гурван дугуйтай мотоцикльтой. Тэгсэн ч мориор голдуу хилийн манаа хийнэ дээ. Хил дээрээ их хонодог. Цэрэг, морь хүрэлцээтэй. Тэр үед хил дээр байгаа хүмүүс ар гэртэйгээ холбоо тасардаг байв. Утсаар ярих боломжгүй. Шуудан их удаж очдог байсан. Сүүл рүүгээ л нөхцөл байдал сайжирсаар одоо сайхан болсон” гэв.
“Цэргүүд хүүхэд шиг юмаа нуудаг”
Жагсаалын байлдагчаас дэд хурандаа хүртлээ Монгол Улсынхаа хилийн халдашгүй дархан байдал, тусгаар тогтнолын төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэсэн С.Дашдэмбэрэл цааш үргэлжлүүлэн ярихдаа “Оны ялгаа, цэрэг дэглэх асуудал дээр үед ч байдаг байсан. Гэхдээ иймэрхүү асуудлын арын голомтыг л зөв олж авахгүй бол их хэцүү. Цэргүүд чинь их хэцүү шүү дээ. Хүүхэд шиг юмыг их нуудаг байхгүй юу. “За гайгүй, дүү нар ирнэ ээ” гээд л зодуулаад байдаг байхгүй юу. Зарим нь дүү нараасаа өш хонзонгоо авна. 1977 оноос өмнө ийм асуудал нэлээд хүндэрч ирж байсан юм билээ. Харин 1977 оноос хойш цэрэгт явсан залуусаасаа сургуульд явуулж, офицер болгож бэлтгэж эхэлсэн. Тэгээд цэрэг дэглэх асуудал бараг байхгүй болж байсан. Нэг жил цэргүүдтэй хамт байсан, алба хаахдаа аавын олон хөвгүүн дотроос шалгарч, шалгалтдаа тэнцсэн цэрэг эрс чинь яах аргагүй тодорно шүү дээ. Сургуульд очоод ямар ч хүндрэл бэрхшээлгүй суралцана. Төгсөж ирлээ гэхэд цэргийнхээ занг мэднэ. Өөрөө цэрэг байсан, дарга нараа ямар байсныг ч мэддэг. Харин одоо дарга нар хариуцлагагүй байгаа болохоор цэргүүдийнхээ “нууц”-ыг олох ухаан дутаж байна. Цэргийн анги дотор хэрэг зөрчил гарах шалтгаан энэ” гэнэ. Харин өөрөө цэрэг байгаагүй, туршлагагүй нөхөр хэрэг зөрчлийг их сүржин илрүүлж гэнэддэг аж. Цэргийн дарга хүн айлын хүүхдүүдэд байнга л анхаарал тавьж байхгүй бол болдоггүй гэх. Сэтгэл муутай нөхөд сэмхэн шоглоод л дорой нэг нь улам сэтгэлээр унаад байдаг гэнэ. Аль альд нь эвээр, нөхөрсөг харилцаж байж л асуудлыг шийднэ. Орос багш нар 18-22 нас бол хүнд тэсвэр хатуужил суулгадаг үе гэж үздэг. Тэр үед тэсвэр хатуужил сууж, ачаа үүрч сурсан хүн цаашид амьдралд алзахгүй болдог аж. Энэ мэтээр онол, туршлагаар сурсан бүгд нь ажил амьдралд нь ихээхэн нэмэр, хэрэг болжээ.
Хилчин хүн үнэнч шударга, эх орныхоо төлөө гэсэн зүрх сэтгэлтэй байх ёстой. Аливаа юманд зөв дүгнэлт хийдэг, цагийн байдлыг зөв үнэлдэг, түүнийхээ дагуу хил хамгаалах ажил, зохион байгуулалтаа зөв хийдэг, үүргээ гүйцэтгэж чаддаг байх ёстой. Маш гярхай ажигч, хараа хяналт сайтай, тактик, мэдрэмж сайтай хүн сайн хилчин болдог. Нутгийн гүнээс очиж байгаа хүн, хил дээр үүрэг гүйцэтгэдэг хүн хоёрын хооронд асар их ялгаа байдаг. Хятадын талаас хил зөрчигчийн мөр илэрлээ гэхэд нутгийн гүнээс нэмэлт хүч түргэн аваад очно л доо. Ингээд эрлийн ажил зохион байгуулна. Газар орны онцлог, нөхцөл байдлаа сайн мэддэг учир хил дээр байгаа цэргүүд бараг хэдэн уулынхаа орой дээр гарч сууж байгаад нөгөө хил зөрчигчийг барьчихдаг гэнэ. Харин тэнд байгаагүй хүмүүс чинь хий дэмий сандарч давхиад, бужигнаад байх жишээний. Хилчин хүн чинь шал өөр тактиктай шүү. Хяналтаа яаж хийх вэ. Хилийн манааг яаж зохион байгуулах вэ гэдгээс эхлээд ондоо шүү. Өөрсдөө нууцлалаа хадгалахгүй илрээд байвал ямар хамгаалалт байх вэ дээ, тийм үү хэмээн тэрбээр ярих. Цаанаас нь тагнуул туршуул орж ирэх гэж байхад тэдэндээ харагдаад яваад байж болохгүй шүү дээ. Тийм учраас маш их сонор сэрэмжтэй, үйл ажиллагаагаа маш нууцлалтай явуулдаг аж.
Цагийг зүгээр нөхцөөж суудаггүй
Тэтгэвэртээ гараад Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын ЗДТГ-т нийгмийн бодлогын түшмэлээр ажиллаж байжээ. Тэрбээр хараа хурц, бие цэх юм. Гүйх дуртай. Зураг, сийлбэр оролдоно. Сураар ч элдвийг хийдэг. Ер нь цагийг зүгээр нөхцөөж суух дургүй. Гэрийн мод, будаг хийнэ. Хаалга, тооно гээд комлоно. Гэрийн тавилганаас авдар хийдэг аж. Санаа нийлэх хүмүүстэйгээ бүл болоод хоршоо, нөхөрлөл байгуулсан шигээ Бат-Өлзийдөө сууна. Бүл болсон 20 гаруй хүн иймэрхүү байдлаар нэгдэж нийлдэг аж. Бага залуугаас суусан дадал одоо ч хэвээрээ юм байна гэж бодогдов.
Дэд хурандаа С.Дашдэмбэрэл “Манай улс жолоо цулбуураа алдаж, “Хар хайрцагны бодлого”-гүй болжээ. Хэтэрхий их задгай явж бас боломгүй. Түүхийг хэт гуйвуулж, үнэнийг орхигдуулж болохгүй шүү. Монгол хүний шуналыг ашиглаж гаднаас явуулдаг бодлого хэзээнээс байсныг мартаж болохгүй. Одоо хагас, дутуу ч гэсэн санаж сэрж байх шиг байна. Хил дээр байгаа хүмүүс эрэгтэй, эмэгтэй, хөгшин, залуу гэлтгүй бүгд гярхай хянамгай болчихсон байдаг юм. Туслах хүчний малчид ч эх орноо гэсэн сэтгэлтэй хүмүүс байдаг. Дандаа цаанаас буюу гаднаас харийн хүмүүс хил зөрчдөггүй юм шүү дээ. Эндээс нутгийн гүнээс ямар хүмүүс очиж байгаа нь ч анхаарал татдаг. Хориотой бараа хил давуулахыг оролдох, малын хулгай, конторбандын хэрэг үйлдэж болзошгүй гээд ер нь хил дээр байгаа хүмүүс их сонор сэрэмжтэй ажиллаж амьдардаг. Нэг хэсэг танхай зэрлэг хүмүүс олширч ирсэн л дээ. Харин одоо гайгүй болжээ. Дрон нисгэх зэргээр янз бүрийн техник хэрэгслийг хил хамгаалахад нэвтрүүлж, хилийн хамгаалалт сайжирчээ. Ямар нэгэн зөрчил гарлаа л бол хоёр талаас хилийн уулзалт болж байна. Энэ нь ч зөв гэж боддог. Би хамт ажиллаж байсан хүмүүсээ зөв явж байвал маш их баярладаг. Олон аавын хүүг “хоолонд хүргэсэн”-нь миний амьдралын хамгийн том шагнал байжээ” 19 хил зөрчигчийг илрүүлэн барьж байсан ахмад хилчин дурсан сууна.
Гал манах хоёр охин боож авсан нь
Хилийн застав дээр гал манах хоёр ч охин эх барьж авчээ. Эхний охин Жаргалантын застав дээр 1991 оны хавар, Март-8 болох гэж байх үед төржээ. Застав 3-4 бүсгүйтэй. Малчных руугаа Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэхээр явчихсан, Аж ахуйн дарга, ахлагч Батхолбоо жижүүртэй байх үед, хөл хүнд эхнэр нь өвдөж эхэлжээ. Өглөөгүүр, хар гүйхээрээ ирснээ “Нөхөр хошуучид илтгэх нь, манай эхнэр төрчихлөө” л гэж. “Чи чинь яаж байна вэ” гээд гайхаад л очлоо. Эх барьж авах хүн нэг ч байдаггүй. Гэрт нь яваад ортол хойд талын диван дээр... Цонхоо ч хаагаагүй. Хөшиг ч татаагүй. Хаалга үүдээ онголзуулаад нэг л тийм учраа олохгүй байдалтай угтжээ. Хүүхэд гараад нэлээд удчихаж. Нэг охин наана нь цай чанаад л зогсоно. Нөгөө нөхрийг “Хүн алах нь уу, чи” гээд загналаа. Хүүхдээ боох өлгий, даавуу ч бэлдээгүй байх нь тэр. Гэртээ гүйж ороод эмийн сан, хүүхдийнхээ өлгийний даавуунаас шүүрч аваад л, нэг цэрэг дуудаад л “Хурдхан шиг хойшоо малчныд очоод нэг хонь төхөөрөөд шөл хийх гуя аваад ир” гээд явууллаа. Эмнэлэг рүү ярьж дуулгалаа. Машин мөд ирэхгүй. Шатахуун түлш ч ховор үе. Цасаар шуураад байдаг... Багадаа ээжийнхээ эмэгтэйчүүд хүүхнүүдтэй ярьж байсныг санав. Хүйнээс нь дөрвөн хуруу зайтай хоёр талаар нь боож байгаад хайчилдаг гэж сонсож байснаараа хийтэл хүүхэд уйлав. Багадаа хурга, ишиг авдаг байсан нь ч хэрэг болов. Боож авсан охин Б.Нандин-Эрдэнэ одоо айлын бэр болжээ.
Сүүлд, тэтгэвэрт гарахаас нь өмнө 2003 оны намар идэшний үеэр, арваннэгдүгээр сарын сүүлчээр заставын Аж ахуйн дарга Энхбаярын эхнэр бас л өвдөх нь тэр. Заставт хоёрхон эмэгтэй байх. Нэг нь төрж байгаа нь тэр. Бас их цас орчихсон үе. Тэднийх их эмзэг, хүүхэд зулбаад тогтдоггүй айл байв. Эмч дуудлаа. “Дашдэмбэрэл ээ, чи төрөх юм бол эх барихыг бодоорой” л гэж байна. “За, надаас гарцаагүй боллоо” гэдгийг ойлголоо. Хүйтэн цас шуураад л зутруухан л байв. Нөгөө нэг хүүхнээ дуудаж, хань татав. Нөхрийг нь “Чи халуун цай чана” л гэлээ. “Эмэгтэй хүн их хөөрдөг юм гэнэ билээ. Хөөрч, тархи толгой нь эргэвэл хуурай цай нүдээд үнэрлүүлдэг юм гэсэн. Чи нэг цай бэлдээрэй” л гэлээ. Эмч амжиж ирэхгүйг мэдэж байгаа юм чинь, хол газарт өөр яах вэ. Тэгээд л гараа угаагаад байж байтал юу юугүй төрлөө. Хүүхдийн толгой ч гараад иржээ. Айсан ч гэсэн “Сайн дүлээч, чи. Хүүхэд чинь амьсгаа авч чадахгүй байна” гээд л гэдсэн дээр нь дарлаа. Хүүхэд ч гараад ирэв. Эрэгтэй хүмүүс чинь анзааргагүй, цонхны салхин дор хэвтүүлчихэж. Хүйтэн салхи сэвэлзээд л байна. Нөхрийг нь дуудаад л цаагуур нь хөнжлөөр битүүлүүлэв. Эхнэр нь даараад л дажигнатал чичрээд л байна. Массажлаад л. Дотор нь муухай болоод байгаа бололтой. Утах санаатай. “Цайгаа аваад ир” л гэжээ. Байдаггүй. Дахиад л хэллээ. Нөгөө Энхбаяр байдаггүй. Гайхаад л асуутал 4-5 аягатай цай өрөөд тавьчихсан. Хуурай цай бэлдэхээ ерөөсөө ойлгоогүй байсан аж. Хүүхдээ эх барьж аваад угаачих санаатай халаалгасан усанд гараа дүрээд үзтэл хав халуун ус байх нь тэр. Тэгээд угаахаа больж өлгийдөв. Энэ мэтээр хөглөж байгаад л хоёр дахь охиноо боож авчээ. Э.Энхжин одоо БНХАУ-д олон улсын харилцааны чиглэлээр сурч байна. Өвөө эмээгийн амь болсон охин бий. Тэднийхэн боож авсан аавд нь хачин сайн аж.
Энэ мэтээр хил дээр амь дүүсэн амьдрал өрнөдөг. Хилийн харуулд гарч байгаа цэргүүд ч осолд өртөж, осгож эндчих гээд асуудал зөндөө. Нэг удаа усанд явсан нэг цэрэг хуруугаа тасалчихжээ. 40 литрийн битонтой усаа дүйрэх гэж байгаад хуруугаа тас цохьжээ. Харуулын дарга нь “Яах вэ” гээд сандраад утсаар ярьсан байна. “Хурдхан чиг барьж боогоод нааш авчир” л гэжээ. Чүдэнзний модоор чиг барьж боосон харагдана. Сувилагч бүсгүй “Хурууг нь тайрна” гэж байна. “Юу гэж тэгэж байх вэ, буцаагаад боо” л гэжээ. Ашгүй эдгэчихсэн гэнэ...
Эх орныхоо дархан хилийг манаж, эрдэнэт хүмүүний алтан амийг сахисан ахмад хилчнийг Бат-Өлзийгөөс Улаанбаатарт ирээд байх зуурт "барьж аван" хууч хөөрч амжив.
Сэтгэгдэл ( 1 )
Нутгийн ах байна. Цэргийн баярын мэнд хүргэе ээ. \n