Ц.ЧИНЗОРИГТ: Аав, ээж минь “ЗӨВ, САЙХАН ЯВАХ ХЭРЭГТЭЙ” гэж сургадаг байлаа

Б.Төрбат | Zindaa.mn
2024 оны 09 сарын 25

Энэ удаагийн “Өглөөний зочин”-оор Хан-Уул дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Цэдэн-Ишийн Чинзоригтыг урьж, ярилцлаа.

-Юуны өмнө урилга хүлээж авсанд баярлалаа. Эхлээд уншигчдад өөрийгөө товчхон танилцуулахгүй юу?

-Намайг Цэдэн-Ишийн Чинзоригт гэдэг. Би 1977 онд Улаанбаатар хотод төрж, өссөн.

-Унаган Улаанбаатар хотынх байх нь ээ?

-Тийм ээ. Бүр тодруулах юм бол Хан-Уул дүүрэгтээ л төрж, өссөн. Эцэг, эхээсээ тавуулаа.

-Айлын хэд дэх хүүхэд билээ?

-Дөрөв дэх хүүхэд нь.

-Одоо эхнэр, хүүхдүүдтэйгээ хаана амьдарч байна вэ?

-Хан-Уул дүүрэгтээ л амьдарч байна. Эхнэр, гурван хүүхэдтэй.

-Таны амьдрал тэр чигээрээ л Хан-Уул дүүрэгтэй салшгүй холбоотой байх нь. Хан-Уул дүүрэгтэй л сурч, хүмүүжсэн байж таарах нь ээ дээ?

-Тийм ээ. Дүүргийнхээ 49 дүгээр цэцэрлэгт хүмүүжиж, ерөнхий боловсролын долоодугаар сургуулийг төгссөн. Харин 1996-2000 онд Бөхийн үндэсний дээд сургуулийг багш, дасгалжуулагчаар дүүргэсэн. Сүүлд 2012-2014 онд Удирдлагын академийг Бизнесийн удирдлага мэргэжлээр төгссөн. Үргэлжлүүлэн 2016-2017 онд МУИС-д Улс төр судлалын магистр хамгаалсан.

-Таны унаган мэргэжил спортын салбар, тэр дундаа багш дасгалжуулагч юм байна. Яагаад улс төр, бизнесээр сурахаар шийдсэн юм бэ?

-Спорт бол залуу насны хобби л доо. Чөлөөт бөхөөр хичээллэдэг байсан. Одоо бол Монголын Жиу-Жицүгийн холбооны дэд ерөнхийлөгчийн алба хашдаг. Удирдах зөвлөлийнх нь гишүүн гэж явдаг. Тодорхой хэмжээнд бодлого, шийдвэрт нь оролцоод явж байна.

Яах вэ, спортын хүн яагаад улс төр сонирхох болсон бэ гэж асууж байна л даа. Спортоос улс төрийн салбарт орсон гэхээсээ илүү тухайн үед нийгэмд бухимдалтай олон зүйл байсан. Надад ганцхан хувийнхаа ажлыг хийгээд зөвхөн өөрийгөө бодоод явах боломж зөндөө л байлаа. Гэхдээ хүмүүсийн амьдрал, амьдрах орчин хүнд байсан

-Хэдэн он гэсэн үг үү?

-2016 он. Тухайн үед би нийгэмд шүүмжлэлтэй ханддаг байсан. Тэгээд л хэн нэгнийг хүлээх биш өөрсдөө гар бие оролцож, нийгмээ өөрчлөх ёстой юм байна гэж бодсон. Бид л хийхгүй бол хэнийг хийнэ, хэн нийгмийг өөрчилнө гэж хүлээх юм бэ, тийм биз дээ.

-Таныг хувийн хэвшилд ажиллаж байсан гэж сонссон юм байна шүү?

-Би хувийн секторт ажиллаж байсан. Худалдаа үйлчилгээний “Янгир хайрхан” ХХК-тай. Ээж, аав маань 1990-ээд оны эхээр ТҮЦ-ээс л эхэлж байсан. Тэр нь өргөжиж 1999 онд “Янгир хайрхан” ХХК болгосон. Тухайн үеэс л хүнсний дэлгүүр ажиллуулж эхэлсэн. Тэр үед айл, өрхийн амжиргааны түвшин одоогийнхоос илүү хүнд байсан. Үнэхээр сэтгэл өвддөг байлаа. Тэр үеэс л нийгэмд өөрийн гэсэн хувь нэмрээ оруулах, өөрчлөх бодол төлөвшиж эхэлсэн гэж ойлгож болно. Түүнээс гэнэт улс төр, төрийн албанд орж ажиллахаар шийдсэн зүйл биш  юм. 

-Ингэхэд аав, ээж тань аль нутгийн хүмүүс вэ?

-Манай аав Төв аймгийн Алтанбулаг сумынх, Ц.Цэдэн-Иш гэж хүн байлаа. Хуучнаар ЗХУ-д инженер мэргэжил эзэмшсэн. Эх орондоо ирээд АН-2 /Царцаа ногоон/ гэдэг онгоц дээр насаараа ажилласан байдаг юм. Тэтгэвэртээ гарснаас хойш хувийн нисэхийн компанид мэргэжлээрээ ажиллаж байсан.

Харин ээжийг маань П.Оюунчулуун гэдэг. Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд төрж өссөн. Иргэний нисэхийн байгууллагад ачаа тээшний няраваас эхлүүлээд ээлжийн ахлагч, МИАТ компанийн Хотын салбарын даргаар хүртэл ажиллаж байсан.

-Та эцэг, эхээсээ тавуулаа. Аав, ээж тань та тавыг ямар хүмүүжлээр өсгөсөн бэ. Юуг захиж, сургадаг байв?

-Биеэрээ үлгэрлэж л үзүүлдэг байсан даа. Аав, ээж хоёр маань маш хөдөлмөрч хүмүүс байсан. Улсын ажлыг маш хариуцлагатай хийдэг, гүйцэтгэл сайтай. Хоёулаа тав, таван удаа ажил хөдөлмөрийн аварга болж байсан.

Хожим хувийн салбарт цаг наргүй л ажилласан. Таван хүүхдэдээ “Зөв, сайхан явах хэрэгтэй. Хүнтэй эвтэй байх хэрэгтэй” гэж захиж, сургадаг байлаа. Тэр бүхнээ бие, үйлдлээрээ л үлгэрлэж үзүүлдэг байсан даа.

-Таны хувьд тэр бүгдээс яг ямар зан чанарыг нь авч үлдсэн байна вэ?

-Ээжийн минь чанар илүү бий. Хүн болгонтой гоё сайхан харьцдаг зан. Би байнга л инээж явдаг хүн дээ. Тэр маань ч хүмүүст эерэг сэтгэгдэл төрүүлдэг байх гэж боддог.

-Хэр хариуцлагатай, хөдөлмөрч хүн бэ?

-Тэрийг манай хамт олон л дүгнэж хэлнэ байх. Би өөрийгөө чадлынхаа хэрээр хөдөлмөрлөж байгаа л гэж бодож байна. Залуу насандаа нийгэмдээ сайхан зүйл хийж, бүтээчихсэн, зөв тогтолцоонд оруулчих юмсан. Амьдрах орчноо сайжруулчих юмсан, тэр бүхэнд өөрийнхөө хувь нэмрийг бага ч атугай оруулчих юмсан л гэж бодож явдаг даа. 

-Тэгвэл та хэр зарчимч хүн бэ. Гурван хүүхдэдээ юу гэж хэлж, сургадаг вэ?

-Манай аав шинийг санаачлагч инженер хүн байсан. Тэр нь өвлөгддөг юм уу мэдэхгүй. Ямар ч хэцүү зүйлийг хурдтайгаар зөв хийчих юмсан гэж боддог, хичээдэг. Гудамжаар алхаж явахдаа хүртэл янзалчихмаар зөндөө л зүйлтэй таарна. Тэр болгоныг бүтээлч сэтгэлгээгээр хандаж, шийдчих юмсан гэж боддог.

Тухайлбал, хог хаягдал дээр хүртэл тулгамдаж байгаа асуудлыг яаж  хурдтайгаар шийдэх вэ гэдэг ч юм уу. Аавын маань инженер сэтгэлгээ өвлөгдөж үлдсэн байхыг үгүйсгэхгүй. Эхлүүлсэн ажлаа дуусгана, ард нь гарна л гэж үздэг. Хүүхдүүдээ ч гэсэн тэр хүмүүжил, зарчмаараа өсгөдөг. Ажлыг дутуу орхиж болохгүй, заавал гүйцээж хийх хэрэгтэй гэж сургадаг.  Хүний нүдийг хуурч ажил хийж болохгүй, чанартай, гүйцэтгэл сайтай ажлыг хийх ёстой л гэж боддог.

-Та хог, хаягдлын талаар цухас дурдлаа. Энэ сэдвийг танаас асуухгүйгээр өнгөрч болохгүй. Учир нь, та 2021 оноос өнгөрсөн долоодугаар сар хүртэл “Эко хотын тээвэр”  аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын даргаар ажилласан. Энэ хугацаандаа танай хамт олон Хан-Уул дүүргийг “Эко дүүрэг” болгосон шүү дээ?

-Манай дүүрэг иргэдийг тав тухтай ажиллаж, амьдрахад нь гол анхаарлаа чиглүүлдэг. Энэ ч утгаараа Хан-Уул дүүрэг өнгөрсөн 2020-2024 онд 101 мянган метр кавдрат зүлэг, 490 мянган ширхэг мод тарьсан байна. Мөн авто замыг явган хүний замтай нь барьж, тодорхой хэмжээнд тоосжилт бууруулсан. Хог хаягдал, зам талбай хариуцаж ажиллаж байсан хүний хувьд дүүргээ цэвэрхэн байлгачих юмсан гэж их хүсдэг.

Дээр нь, иргэдийг ая тухтай, тоос шороогүй эрүүл орчинд амьдруулах юм. Хог тээврийн ачигч жолооч нар, тэднийг зохион байгуулж байгаа хүмүүстэйгээ хамтарч нийт дүүргийн зургаан хорооны 16 мянган өрх, 840 гаруй аж ахуйн нэгжийн хог хаягдлыг тээвэрлэж байсан. Хог хаягдал бол өдөр тутам л гарч байдаг. Нэг өдөр ч амрах эрх байдаггүй. Нэгийг нь амрааж байхад нөгөөг нь заавал ажиллаж байхыг шаарддаг л даа.

-Та ажлаа өгчихсөн. Гэхдээ хийсэн ажлаа эргээд харахад ямар санагддаг вэ?

-Хамгийн гол зүйл бол машин техник маш сайн байх ёстой. Дүүргээс өнгөрсөн хугацаанд 45 техник авч өгснөөс манайд есийг нь олгосон. Дээр нь, янз бүрийн зам цэвэрлэгээний тоног төхөөрөмжийг хүртэл авч өгсөн байдаг. Үүнээс гадна ажилчдаа зөв зохион байгуулах ёстой. Санхүүгээ зөв тооцох хэрэгтэй л дээ. Тэр болгоныг зөв зохион байгуулахыг л зорьж ирсэн. Манай Хан-Уул дүүрэг түгжрэлтэй бүс нутаг. Түгжрэлээс нэг алхмын өмнө нь хөдлөхгүй бол болдоггүй. Дээр нь, шөнийн тээврийг тогтмол хийж ирлээ. Нэг ч өдөр өнжөөгүй гэхэд болно.

-Нэг хэсэг зам талбайн үйлчлэгчээр ажиллах хүн олдохгүй байна гэх мэдээлэл гараад байсан. Энэ асуудлыг яаж шийдсэн юм бэ?

-Зам талбайн үйлчлэгчээр ажиллах хүн ховор байсан. Энэ оны зургаадугаар сард Хотын дарга Х.Нямбаатар зам талбайн үйлчлэгчээр ажиллаж байгаа хүмүүсийн цалинг 3.5 сая төгрөг болгосон. Үүний үр дүнд зам, талбай хог тээвэрлэлтэд ажиллах хүмүүс нэмэгдсэн. 

-Та одоо Хан-Уул дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчөөр ажилладаг. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд бүтээн байгуулалтын ажил нэлээн өрнөх шиг боллоо шүү?

-Тийм ээ, дүүргийн маань хувьд төсвийн хөрөнгөөр бүтээн байгуулалтын олон ажил өрнөсөн жилүүд байлаа. Тухайлбал, зорчих хэсгүүдэд үндэсний онцлог, хэв маягийг шингээсэн урлалуудыг хийж тавьсан. Дүүргийн хэмжээнд 10 сургууль, 21 цэцэрлэгийг шинээр барьж, ашиглалтад хүлээлгэж өгсөн байдаг. Мөн нийт 630 камер, 1729 гэрэлтүүлгийг нэмж хийсэн байна.

-Өвөлжилийн бэлтгэл ажил ямар шатандаа явна вэ?

-Манай Хан-Уул дүүрэгт нийт 14 орчим зам талбайн цэвэрлэгээний байгууллага бий. Жилийн хугацаанд 800 орчим тонн бодис, 600 орчим тонн давс зарцуулдаг юм билээ. Энэ жилийн хувьд “Өвөлд бэлэн” арга хэмжээг нийслэл, дүүргээс зохион байгуулж байна. Энэ хүрээнд машин техник, хүмүүсийн хөдөлмөрийн багаж хэрэгсэл, давс бодисыг хангалттай хэмжээнд нөөцөлж байна.

-Ярилцсанд баярлалаа.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(103.212.117.236) 2024 оны 09 сарын 25

Тэгвэл улс төрөөс хол яв хүнийг хулгайч болгодог

0  |  0
Top