Ирэх аравдугаар сарын 11-нд болох аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын буюу олны товчлон нэрлэдгээр орон нутгийн сонгуулийн сурталчилгаа өнөөдөр эхэллээ. Нэр дэвшигчид албан ёсоор үнэмлэхээ гардан авч сонгуулийн сурталчилгаагаа эхлэх эрх нээгдэж, гараанаасаа гарцгаав. Иргэдийн оршин суугаа нутаг дэвсгэрийн хамгийн амин чухал асуудлыг шийдэх учиртай төлөөлөгчдийг сонгох сунгаа ийнхүү эхэлж байна.
Орон нутгийн энэ удаагийн сонгуулиар 2393 тойрогт нийт 8031 мандатын төлөө 17400 гаруй нэр дэвшигч өрсөлдөх бөгөөд аравдугаар сарын 9-ний шөнө дунд 23:59 цагт сурталчилгаа өндөрлөх учиртай. УИХ-ын өнгөрсөн сонгуулийг мажоритар, пропорциональ хосолсон буюу тойрогт өрсөлдөх, намын жагсаалтаар сонгох гэсэн холимог хувилбараар явуулсан бол орон нутгийн сонгуулийг 2020 онд баталсан хуулиар дан мажоритар буюу нэр дэвшигчид тойрогт өрсөлдөж, сонгогчдын олонхийн саналыг авсан нь ялах зарчмаар явуулах юм.
Орон нутгийн сонгуульд зориулж улсын хэмжээнд нийт 2230 хэсгийн хороо байгуулжээ. Монгол Улсын 21 аймгийн ИТХ-ын сонгуулийн 558 тойрогт 751 мандатын төлөө, 330 гаруй сумдын ИТХ-ын 1642 тойрогт 6922 мандатын төлөө, нийслэлийн ИТХ-ын 12 тойрогт 45 мандатын төлөө, дүүргийн 181 тойрогт 313 мандатын төлөө улсын хэмжээнд дээр хэлсэнчлэн 17400 гаруй нэр дэвшигч өрсөлдөж эхлэв. Эдгээрээс бүх шатны ИТХ-д 8155 хүн л ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдох юм. УИХ-ын сонгуульд Монгол Улсын 25 нас хүрсэн иргэн нэр дэвших эрхтэй бол орон нутгийн сонгуулийн онцлог гэвэл 18 нас хүрсэн иргэнд нэр дэвших эрх нээгддэг байна.
Сэтгэгдэл ( 0 )