Канадын Ватерлоогийн их сургуулийн судлаачид XIX зууны дунд үеэр Хойд туйлыг судлахаар явсан сэр Жон Франклины багийн эмгэнэлт явдлын дүр зургийг нарийвчлан тогтоожээ.
“Journal of Archaeological Science: Reports” сэтгүүлд бичсэнээр, 1845 онд Их Британийн хааны тэнгисийн цэргийн “Terror” болон “Erebus” хөлөг Номхон далайд хүрэх Баруун хойд сувгийг олох зорилгоор Хой туйлыг зорьжээ. 1846 онд тус хоёр хөлөг Канадын Кинг Уильям арлын ойролцоо хоёул мөсөн зангад орсон тул багийн гишүүд хөлгүүдийг орхин, хүн суурьшсан газарт хүрэхийг оролдсон ч 129 хүнээс бүрдсэн багийн нэг нь ч амьд эргэн ирээгүй аж. Сэр Жон Франклин мөн амь үрэгдсэн. Саяхан явуулсан шинэ судалгаагаар эрдэмтэд “Erebus” хөлгийг ахалж байсан ахмад Жеймс Фицжеймсийн шарилыг олж тогтоосон байна. Кинг Уильям арал дээрс олдсон түүний араг яснаас авсан сорьцыг үр хүүдийнх нь ДНХ-тай харьцуулж, мөн болохыг нь баталжээ.
Фицжеймсийн эрүүний ясыг шинжлэхэд цогцсыг жижиглэн хуваасан болохыг гэрчилсэн ул мөр үлджээ. Амьд үлдэхийн аргагүйн эрхэнд багийн гишүүд ахмадаа идсэн байж болзошгүй гэж археологичид таамаглаж байна. Тэрээр Франклины багийн гишүүдээс каннибализмын анхны нотлогдсон хохирогч болж байна гэж эрдэмтэд онцолжээ.
Сэтгэгдэл ( 0 )