Саяхан Египетийн Хургада хотын наран шарлагын газар 23 настай орос жуулчныг идсэн аварга загасаар чихмэл хийж, музейд тавихаар болсон билээ. Тэгвэл хүний махаар хооллосон амьтдаар чихмэл хийдэг уламжлалт эрт дээр үеэс тогтжээ.
XVIII зууны дунд үед Францын Жеводан гүнлэгийн оршин суугчдад хүний махаар хооллодог чоно айдас төрүүлдэг байж. Чоно олон арван хүний аминд хүрчээ. Анчинд чонын анд гарч, олон тооны чоно устгасан ч хүний маханд дурласан чоныг авлаж чадахгүй байжээ. Ээлжит ан авын үер Жан Шестель гэгчийн агнасан том биетэй шаргал чонын ходоодноос бяцхан охины яс гарч ирсэн гэж домогт өгүүлдэг. Үхсэн чоныг Жеводан гүнлэгийн сууринуудаар дамжуулан үзүүлж, хожим нь чихмэл хийж, хаанд явуулсан ч чихмэл чанаргүй хийгдсэн байсан тул анчин шагнал, урамшуулал авч чадаагүй байна. Тиймээс гүнлэгийн ард иргэд өөрсдөө хандив цуглуулан, анчныг шагнаж байжээ. Харин тэр шаргал чоно жинхэнэ алуурчин байсан эсэх нь өнөө хэр тодорхойгүй.
Хүний махаар хооллогч амьтдын чихмэл Чикаго дахь Байгалийн түүхийн музейд бий. Тус музейд Кенийн Цаво гэх газраас авласан хоёр арслангийн чихмэл хадгалагддаг байна. Араатнууд Угандагийн төмөр замыг барих явцад ажилчдыг нь “авладаг” байжээ. Төмөр замын барилгын ажил 1898 онд эхэлжээ. Есөн сарын турш хоёр арслан ажилчид руу нь дайрдаг байв. Араатнуудаас айсан олон зуун ажилчин ажлаа хаян явж байжээ.Эцэст нь Британийн офицер Жон Хенри Паттерсон гэгч эхлээд нэгийг нь, 20 хоногийн дараа хоёрдохыг нь алснаар, аймшигт түүх төгсжээ. Сонирхолтой нь тус хоёр арслан эрэгчин байсан ч зогдоргүй байжээ. Паттерсоны өгүүлснээр, арслангууд 135 хүний махаар “зоог” барьжээ. Гэхдээ 2009 онд тус музейн судлаачид нэг арслан нь 11 хүн, нөгөөх нь 24 хүн идсэн болохыг тогтоосон байна. Энэ аймшигт түүхээр “The Ghost and the Darkness” кино хийсэн байдаг.
Бас нэг хүний махаар хооллогч барын чихмэл өдгөө Беларусын Амьтны музейд хадгалагддаг байна. 1940-1941 онуудад Беларусын Гобельск мужийн нэгэн хөдөө аж ахуйн нэгдлийнхний зүрхэнд нэгэн бар айдас хуруулжээ.Шайтан нэртэй амурын барыг Алс Дорнодоос Москвагийн амьтны хүрээлэн рүү тээвэрлэх явцад, бар зугтжээ. Бар голдуу хүүхэд, эмэгтэйчүүд рүү дайрдаг байсан. Шайтан нийт дөрвөн хүнээр хоолложээ. Эцэст нь түүнийг алж, чихмэл хийсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )