Японы байгууллагын соёл хэрхэн нэг үеийг сүйрүүлж, шинэ үетэй нүүр тулав?

Я.Болор | Zindaa.mn
2026 оны 05 сарын 12

Японы хотын гудамжинд шинэ айдас үүсжээ. Хүмүүс бусдыг гэнэт мөргөж, зарим үед бүр унагаах нь тэр. Социологичид үүнийг уртасгасан цагийн ажил, үл үзэгдэх түрэмгийллийн хуримтлал, уламжлалт соёлд “үгүй” гэж хэлдэг Z үеийнхэнд урам хугарсантай холбон тайлбарлаж байна. Олон арван жилийн стресс хэрхэн “бүцүкарү отоко” үзэгдлийг бий болгож, залуу япончууд яагаад тоглоомын дүрмийг өөрчилж, насанд хүрэгсдийг айдаст автуулж байна вэ?

Өглөө бүр дэлхийн хамгийн том тээврийн зангилаа болох Шинжүкү метроны буудлаар дамжин, бие биеэ үл анзаарах хослол өмссөн хүмүүсийн их урсгал урсан өнгөрнө. Тус метроны буудал хоногт давхардсан тоогоор 3.18 сая хүнд үйлчилдэг байна. Тэдний дунд голдуу дөч гаруй насны эрчүүд эмэгтэйчүүд, хүүхдүүдийг мөрөөрөө шүргэн цааш алхана.

Ийм дүр зураг олширсон бөгөөд тэр бүү хэл “бүцүкарү отоко” гэсэн өөрийн нэршилтэй болжээ. Орчуулбал, “дайрч буй эрэгтэй”. Токио хотын оршин суугч эмэгтэй Абэшигийн ярьснаар, өөрийг нь ийн дайрсан эрэгтэйг зориуд дагахад тэр эрчүүдээс зайлсхийж, зөвхөн эмэгтэйчүүдийг мөргөдөг болохыг тогтоосон байна.

 

 

Дайны дараах үед бие махбодоороо шүргэх, мөргөлдөх аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрдөггүй нийгэмд энэхүү түрэмгийллийн мөн чанарыг ойлгоход байгууллагын соёлын хувьсал тус болно.

Уураа гаргаж чаддаггүй эрчүүд

“Бүцүкарү отоко” үзэгдлийг хүйсийн тэнцвэр өөрчлөгдөхөөс авхуулаад жуулчдын тоо хэт олширч байгаа зэрэг олон шалтгаантай холбон тайлбарлаж байна. Ийм үйлдэл гаргагчдын ихэнх нь оффис хослолтой эрчүүд эзэлж байгаа нь энэхүү асуудлын өөр нэг хэмжүүр болохыг сэтгэл зүйчид онцолжээ. Тэдний үзэж буйгаар, 40-50 насны эрчүүд ийм замаар олон жилийн турш хуримтлагдсан архаг стрессээ тайлж байна. Уур хилэнгээ нээлттэй илэрхийлэхийг уламжлал ёсоор нүүрээ барсан, сул дорой байдлын илэрхийлэл гэж үздэг. Олон арван жилийн турш стрессээ тайлах цорын ганц хүлээн зөвшөөрөгдсөн арга нь “номикай” буюу ажлын хамт олонтойгоо согтууруулах ундаа уух соёл. Энэ уулзалтад оролцохоос татгалзвал карьерт нь сөргөөр нөлөөлөх ч талтай байжээ.

Харин орчин цагт эл механизм үеэ өнгөрөөж байна. 2017 онд Японы компаниудын 75 хувь “номикай” зохион байгуулдаг байсан бол 2025 он гэхэд 60 хувь болж цөөрчээ.

 

 

Судалгаанаас үзвэл бүх насны ажилтнуудын дийлэнх олонх нь энэ соёлыг цаг үетэйгээ нийцэхээ больсон гэж үзэж байна.

Гэтэл стрессийг даван туулах өөр арга зам тийм ч их сонголттой биш байсаар байна. Сэтгэл зүйчийн тусламж авахыг сул тал хэмээн үзсээр байгаа бөгөөд сэтгэл санааны хямрал, асуудлыг өөрөө л шийдэх ёстой гэсэн ойлголт хэвээр байна.

Ийм нөхцөлд хуримтлагдсан стресс алга бололгүй харин хэлбэрээ л өөрчилдөг байна. Энэ нь “бүцүкарү отоко” гэх түрэмгий үзэгдлээр илэрч байна.

Үүний хохирогчдын хариу үйлдэл мөн л түгээмэл: Мөргүүлснийхээ хариуд юу хийсэн бэ гэсэн асуултад ихэнх нь ямар ч хариу үйлдэл үзүүлээгүй гэжээ. Зөвхөн цөөн хэдэн хохирогч цагдаад хандсан байна.

Амьд үлдсэн үе

1990-ээд оны эхээр Японы эдийн засгийн хөөс хагарсан. Үүний дараа түүхэнд “хөдөлмөр эрхлэлтийн мөстлөгийн үе” хэмээн тэмдэглэгдсэн үе эхэлжээ. 1993-2004 оны их сургуулийн төгсөгчид тэднийг хүлээн авахад бэлэн бус байсан хөдөлмөрийн зах зээл дээр гарав. Том корпорацууд байнгын орон тоогоо цөөлж, залуусыг богино хугацааны ажилд ороход хүргэсэн. Японы хөдөлмөрийн яамны мэдээллээр, тус улсад нийт 17 сая буюу хүн амын 15 хувь нь энэ үеийнх буюу X үе болон миллениал үеийнх.

Байнгын ажилд орж чадсан залуус хатуу гэрээ байгуулна. Тэд бүх насаараа тус компанид үнэнчээр ажиллах үүрэг хүлээжээ. Сэтгэл гутрал, шаталтын шинж тэмдгийг сул тал гэж үзнэ. Тэр бүү хэл “Сэтгэл зүйн асуудал байгаа бол хангалттай хичээхгүй байна гэсэн үг” гэсэн ойлголт хүртэл түгээмэл байжээ.

Далд санааг ойлгодоггүй Z үе

Харин Японы Z үеийнхэн хөдөлмөрийн зах зээл дээр өөр “тохируулга”-тай орж иржээ.

Судалгаанаас үзвэл Z үеийнхэн өөрийн эрх, эрх ашгаа тодорхой мэддэг. Судалгаанд оролцогчийн ярьснаар, залуу ажилтан нь үйлчлүүлэгчидтэй уулзахаас татгалзсан байна. Тэр харилцахад хүндрэлтэй хүмүүстэй уулзахаас татгалзаж, “Би ийм ажил хиймээргүй байна. Хэрэв дургүй ажил хийхийг шаардвал би ажлаас гарна” гэжээ. Японы байгууллагын соёлын хувьд энэ бол хувьсгал хийсэн мэдэгдэл.

 

 

Ингэхдээ Z үеийнхэн “чимээгүй халагдах” загварыг бий болгожээ. Энэ загвар ёсоор ажилтан зөвхөн шаардлагатай хэмжээний ажил хийж, ажлын цагийг ягштал баримталж, карьер хийх гэж зорихоо больсон.

Өмнөх соёлоос ялгаатай нь тэд зохих урамшуулал өгөхгүй л бол хэт их хүчин чармайлт гаргахаас татгалзаж, ажил, хувийн амьдралаа тэнцвэржүүлэх гол зорилготой болжээ.

Каназава их сургуулийн профессор Дайске Канама энэ үеийг “фүмицүкэрарэнай вэкамоно” буюу сэтгэл санаагаар устгах боломжгүй залуус гэж нэрлэж байна. 2025 оны арванхоёрдугаар сард гарсан түүний “Ялагдашгүй залуус” номд тэр “Z үеийнхэн өөрт тухгүй орчинд дасан зохицох гэж хичээдэггүй харин үүний оронд тэд өөртөө тааруулан өөрчлөхийг хичээдэг” гэж бичсэн байна.

Энэ бүхэн хэрхэн төгсөх вэ

Эл хоёр тэс өөр үеийн тулгаралт нь Японы оффист яг л өөр өөр хэлээр ярьдаг хүмүүсийн уулзалт мэт харагдана.

Компанийнхаа төлөө өөрийгөө золиосолдог дунд насны менежерүүд тэднийг “хийх ёстойгоо хийдэггүй” хүмүүс гэж хардаг. Харин Z үе “өөрийгөө золиослохыг шаардсан систем” гэж харна. Харин энэ золиос нь тэдний хувийн амьдрал, бүхэлдээ бодит байдалд ихээхэн өөрчлөлт авчирч чадахгүй гэж үзнэ. Япон залуусын 20 хувь нь л улс орноо эсвэл нийгмээ өөрчлөх чадвартай гэдэгт итгэдэг.

Японы байгууллагын соёлын систем хоёр талын дарамтад хавчуулагджээ. Доороос нь эцэг, эхийнх нь нурууг нь авсан зан үйлийн загварыг дагахаас татгалзсан Z үеийнхэн шахаж байгаа бол дээрээс нь хүн ам зүйн асуудал. Эрчимтэй насжиж байгаа хүн ам гэдэг нь ажлын хүчний хомстол, улмаар өмнөх шиг үнэнч, хүлцэнгүй байхыг шаардах боломжгүй байдал.

Өөрчлөлт удаан ч гэсэн гарч байна. Зарим компаниуд байгууллагынхаа соёлыг эргэн харж байна. Албадлагын “номикай” соёлыг халж, ментор хөтөлбөрүүдийг хөгжүүлэн, илүү цагаар ажиллахыг хязгаарлаж байна. Хуучин загвар үйлчлэхээ больсныг болгоомжтойгоор хүлээн зөвшөөрч эхэлсэн байна. Учир нь энэ нь зөвхөн хүнлэг бус төдийгүй үр дүнгүй болох нь батлагдаж байна. Япон улс нь хагас зууны турш хөгжингүй орнуудынхаа дунд хөдөлмөрийн бүтээмжээрээ сүүл мушгиж байгаа билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top