Үе үеийнхээс илүү хуучинсаг Z үеийн эрчүүд эмэгтэйчүүдийн талаар

Я.Болор | Zindaa.mn
3 цагийн өмнө

Дэлхий даяар нийт 23 мянган хүнийг хамарсан судалгаагаар Z үеийн эрчүүдийн бараг гуравны нэг нь эхнэр нь нөхөртөө захирагдах ёстой гэж үздэг нь тогтоогджээ. Энэ нь залуу эрчүүд, эмэгтэй, эрэгтэй хүний үүргийн талаар ахмад үеийнхнээсээ ч  илүү хуучинсаг үзэлтэй байж болохыг харуулсан байна.

Судалгаанд оролцсон Gen Z эрчүүдийн 33 хувь нь мөн чухал асуудлууд дээр эцсийн шийдвэрийг нөхөр гаргах ёстой гэж хариулжээ.

Уг судалгаанд Их Британи, АНУ, Бразил, Австрали, Энэтхэг зэрэг 29 улсын иргэд оролцсон байна.

Гэр бүлийн шийдвэр гаргах асуудал дээр 1997–2012 онд төрсөн Gen Z эрчүүд нь 1946–1964 онд төрсөн baby boomer буюу дайны дараах ид төрөлтийн үеийн эрчүүдээс хоёр дахин илүү уламжлалт, хуучинсаг байр суурьтай байна. Ахмад үеийн эрчүүдийн ердөө 13 хувь нь л эхнэр хүн нөхөртөө захирагдах ёстой гэж үзжээ. Харин Gen Z-ийн эмэгтэйчүүдийн дунд 18 хувь, baby boomer-ийн зургаан хувь нь үүнтэй санал нийлсэн байна.

Хүйсээс үл хамааран Индонез (66%) болон Малайз (60%) улсад хүмүүс ийм үзэл бодолтой санал нийлэх магадлал хамгийн өндөр байсан бол АНУ-д 23 хувь, Их Британид 13 хувь байжээ.

Тус судалгааг Ipsos болон Хааны Лондонгийн коллежийн дэргэдэх Дэлхийн эмэгтэйчүүдийн манлайллын хүрээлэн хамтран явуулсан бөгөөд эрчүүд, эмэгтэйчүүдийн үүргийн талаарх үе үеийн эрчүүдийн ойлголтод их ялгаа байгааг харуулжээ.

 

 

Судалгааны гол үр дүн

• Gen Z эрчүүдийн 24 хувь нь эмэгтэйчүүд хэт бие даасан эсвэл хараат бус харагдах ёсгүй гэж үзсэн. Харин baby boomer эрчүүдийн дунд энэ үзүүлэлт 12 хувьтай байв.

• Бэлгийн харилцааны талаарх хандлага ч мөн үе хооронд их ялгаатай байжээ. Gen Z эрчүүдийн 21 хувь нь “жинхэнэ эмэгтэй хүн хэзээ ч сексийн харилцааг  эхэлж санаачилж болохгүй” гэж үзсэн бол baby boomer эрчүүдийн дунд дөнгөж долоон хувь нь ингэж үздэг байна.

• Gen Z эрчүүдийн 59 хувь нь эрэгтэйчүүдийг жендерийн тэгш байдлыг дэмжихэд хэт их зүйл хийхийг шаардаж байна гэж боддог. Baby boomer эрчүүдийн дунд энэ нь 45 хувьтай байсан. Харин Gen Z эмэгтэйчүүдийн 41 хувь, baby boomer эмэгтэйчүүдийн 30 хувь ийм бодолтой байжээ.

Гэсэн ч Gen Z эрчүүдийн дунд нэг сонирхолтой зөрчил ажиглагдсан байна. Эмэгтэйчүүд хэт бие даасан, хараат бус харагдах ёсгүй гэж үздэг атлаа тэдний 41 хувь нь эрчүүдэд карьераа амжилттай хийж байгаа эмэгтэйчүүд илүү таалагддаг гэж үзжээ.

Судалгааг удирдсан профессор Хижунг Чунгийн онцолсноор, судалгааны үр дүнгээс үзвэл өөдрөг хандлага ч ажиглагджээ. Жишээлбэл, хүмүүсийн дунд шийдвэр гаргах түвшинд  эмэгтэйчүүд оролцоо өндөр байх ёстой гэсэн байр суурь давамгайлж байна.

Гэсэн хэдий ч өмнөх онуудын судалгаа, мэдээлэлтэй харьцуулахад зарим хандлага илүү хуучинсаг болж байгаа шинж ажиглагджээ. 2019 онд дэлхий дахинд хүмүүсийн 42 хувь “эмэгтэйчүүдийн эрх манай улсад хангалттай хэмжээнд хүрсэн” гэж үзэж байсан бол одоо 52 хувь болж өссөн байна. Их Британид энэ нь 12 нэгжээр нэмэгджээ.

Чунг хэлснээр, эрчүүд нийгмийн байр сууриа алдах вий гэсэн айдас ихээр тээдэг байна.

Тиймээс залуу эрчүүдийг жендерийн тэгш байдал, залуу эмэгтэйчүүд, цагаачдын эсрэг хандлагатай болгоход чиглэсэн үзэл суртал, дуу хоолой их байна.

Судалгааны дүн Gen Z эрчүүд өөрсдийн үйлдэл, зан байдалдаа ч илүү хуучинсаг байдлаар ханддаг болохыг харуулжээ.

• Gen Z эрчүүдийн 30 хувь нь эрчүүд найз нөхдөдөө “би чамд хайртай” гэж хэлэх ёсгүй гэж үздэг. Энэ нь baby boomer эрчүүдийн 20 хувь, Gen Z эмэгтэйчүүдийн 21 хувьтай харьцуулахад өндөр үзүүлэлт юм.

• Gen Z эрчүүдийн 21 хувь нь хүүхдээ асардаг эрчүүдийг эмэгтэйлэг гэж үзжээ. Baby boomer эрчүүдийн 8 хувь, Gen Z эмэгтэйчүүдийн 14 хувь ингэж боддог байна

• Эрчүүд ч тэр, эмэгтэйчүүд ч тэр эмэгтэйчүүд болзоо, хайр сэтгэлийн харилцаа (22%), гэрийн ажил (24%), хувцас сонголт (34%) дээр илүү сонголттой байдаг бол эрчүүд хобби (18%), ажлын сонголт (39%) дээр илүү эрх чөлөөтэй гэж үзжээ.

Дэлхийн эмэгтэйчүүдийн манлайллын хүрээлэнгийн тэргүүн, Австралийн ерөнхий сайд асан Жулиа Гиллард судалгааны үр дүнд санаа нь зовж буйгаа буйгаа илэрхийлжээ.

Түүний хэлснээр, Gen Z эрчүүд эмэгтэйчүүдээс бага хүлээлттэй байгаад зогсохгүй өөрсдийгөө ч мөн хэт хатуу жендерийн хэвшмэл ойлголт дотор барьж байна. Жендерийн тэгш эрх гэдэг нь зөвхөн эмэгтэйчүүдэд ашигтай ойлголт  биш гэдгийг Z үеийнхэнд илүү сайн ойлгуулах ёстой гэжээ.

Чунг мөн эдийн засгийн хүчин зүйл нөлөөлж байж болохыг онцолсон байна. Өмнөх үеүдэд эрчүүд гэр бүлээ тэжээгч, орлогын эх үүсвэр, гэрийн эзэн, хамгаалагч гэх мэт үүргээр “эр хүн” гэдгээ илэрхийлж чаддаг байсан. Харин өнөөдөр дэлхий даяар залуу эрчүүдэд ийм боломжууд нь хязгаарлагдсан тул үүнээс болж өөрсдийнх мөн чанар, боломж багассан мэт мэдрэмж төрж магадгүй гэж тэр хэлжээ.

Судалгаагаар хүмүүсийн бодол болон нийгмийн хүлээлт хооронд зөрүү байгааг мөн харуулсан.

Жишээлбэл, Их Британид хүмүүсийн 14 хувь нь хүүхэд асрах үүргийг гол төлөв эмэгтэйчүүд хариуцах ёстой гэж боддог бол 43 хувь нь нийгэм тэгж хүлээдэг гэж хариулжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top