Яагаад Z үеийнхэн гоё харагдахыг хүсэхгүй байна вэ?

Я.Болор | Zindaa.mn
2026 оны 02 сарын 11

Сүүлийн үед залуусын дунд глоу-даун буюу нийгэмд зөвшөөрөгдөх хэмжээнд гадаад төрхдөө анхаарахаас татгалзах тренд ихээхэн дэлгэрч байна.

Глоу-даун нь нүүрээ будахгүй, загвар хөөхгүй байх үзэгдэл. Зуун хувь өөрийнхөөрөө байх тренд ялангуяа Z үеийнхний дунд аль 2024 оноос хойш дэлгэрч эхэлсэн байна.

2010-аад оноос 2020-иод оны эхэн үе хүртэл хэт төгс төгөлдөр байх, нийгмийн сүлжээн дэх дүр төрх төгс байх тусам нийгмийн үнэлэмж нь өндөр байсан цаг үе. Энэ үед залуусын дунд гоо сайхны мэс засал хийлгэх тохиолдол гурван жилийн дотор 30 хувиар өсөж байсныг сэтгэл зүйчид дурджээ. Үеийн үед гоо сайхны стандартууд өөрчлөгдсөөр ирсэн бөгөөд энэ нь соёл, тухайн цаг үе болон эдийн засгийн нөхцөл байдлаас хүртэл шалгаалдаг байна. Жишээ нь өлсгөлөн он жилүүдэд хөвсгөр бие галбир моод болж байсан бол хангалуун цаг үед гоолиг биеийг магтан дуулдаг байжээ.

Төгс төгөлдрийн араас хөөцөлдөхөөс залхаж, интернэтээр өөрийгөө илүү чөлөөтэй илэрхийлэх болсон энэ цаг үед глоу-даун тренд гарч иржээ. Үүнд мөн цар тахал, үүнээс үүдэлтэй эдийн засгийн хямрал нөлөөлсөн гэж сэтгэл зүйчид үзэж байна. Хиймэл төрхөд мөнгө зарахын оронд аялах эсвэл сэтгэл зүйн зөвлөгөө авахад зориулахыг илүүд үзэх болжээ.

Глоу-даун нь хэзээ ч гүйцэгдэхгүй гоо сайхны төлөөх эцэс төгсгөлгүй өрсөлдөөний эсрэг бослого юм гэж сэтгэл зүйчид онцолсон байна.

Глоу-даун нь өөрийгөө хүлээн зөвшөөрөх, өөрийгөө болон өөрийнхөө үнэт зүйлсийг ухамсартайгаар сонгож, судлах хүсэл эрмэлзлийн илэрхийлэл болжээ. Ийм сонголт хүнд эрх чөлөө, амар амгалангийн мэдрэмжийг төрүүлдэг.

Гэхдээ хүний дотоод зөрчил хаашаа ч алга болоогүй. Энэ бол энэхүү үзэгдлийн нөгөө тал нь. Нэг талаас бид нийгмийн зүгээс байнга үнэлүүлэхээсээ залхсан бол нөгөө талаар бидэнд энэ үнэлгээ хэрэгтэй. Хүн бол нийгмийн амьтан тул биднийг хэрхэн хүлээн авч байгаа нь чухал. Гоо сайхнаас зугтах нь эрүүл өрсөлдөөнөөс ч зугтах нэг арга байж болох талтай. Өрсөлдөөгүй л юм чинь хожигдохгүй гэсэн үг. Түүнчлэн, глоу-даун нь төгс төгөлдөр буюу перфекционизмын нэг шинэ хэлбэр байж болно. Тренд ёсоор бол төгс энгийн, төгс төгс бус байх ёстой.

“Бусдын юу бодох нь надад огт хамаагүй” гэж байнга илэрхийлэх нь эсрэгээр байгаагаараа байх, ухамсартай сонголт гэхээсээ илүү хамшинж болж байна гэж сэтгэлзүйчид тайлбарлаж байна. Үүний ард мөн сэтгэл гутрал нуугдаж байх талтай.

Цэвэрхэн арьс, цэвэрч нямбай байдал, биед эвтэйхэн хувцас бол өөрийгөө хайрлаж, халамжилж байгаагийн илэрхийлэл гэдгийг мэргэжилтнүүд сануулж байна. Минимализм болон антитренд нь бүхнээс татгалзах гэсэн үг огт биш.

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
тахар(206.248.200.242) 2026 оны 02 сарын 12

Гоё харагдах гэж юу вэ, байгаагаараа энгийн байх нь гайхамшиг.

0  |  0
Зочин(202.131.249.150) 2026 оны 02 сарын 11

40 гарчаад арьс нүдээ татуулж хамраа нэгэн хэвд цутгаад яваад өөрсдийгөө нас бол зүгээр тоо гээд янханлаг зангаа их юманд бодоод хөгширч чадахгүй тэгсэн мөртлөө махбодийнх нь гал цог буурчаад онцгүй байхад би хөгширдөггүй гэсэн аятай авгайчууд хэдэн жилийн дараа залуусын дунд утгаараа юу ч биш тэдний хэрэгцээ сонирхолд нийцэхгүй сүгүүд болж хувирах юм байна доо. Шинэ үеийн шинэ хандлага бол тухайн цаг үеийн хаанчлал юм.

0  |  0
Зочин(103.229.122.40) 2026 оны 02 сарын 11

Зүгээр л хэн нэгэнд таалагдах гэж амьдрах нь ямар ч үнэ цэнэгүй. Бас илүү үнэн байх гэж хальснаас татгалзаж байгаа юм. Тэгээд ч хүйсийн хувьд бие биенээ татах нь улам л багасаж байгаа. Яваандаа гэр бүл болох үзэгдэл улам багасах байх. Зайлшгүй байх ёстой юм шиг бол биш болноо. Зүгээр л энэ ертөнц өөрчлөгдөж байа. Чухал байсан бүхэн чухал биш болж, үнэ цэнэтэй гэж бодож байсан зүйлүүд үнэ цэнээ алдаж байна. Шинэ эринд өөр байхнээ

0  |  0
Зочин(103.229.122.40) 2026 оны 02 сарын 11

Зүгээр л хэн нэгэнд таалагдах гэж амьдрах нь ямар ч үнэ цэнэгүй. Бас илүү үнэн байх гэж хальснаас татгалзаж байгаа юм. Тэгээд ч хүйсийн хувьд бие биенээ татах нь улам л багасаж байгаа. Яваандаа гэр бүл болох үзэгдэл улам багасах байх. Зайлшгүй байх ёстой юм шиг бол биш болноо. Зүгээр л энэ ертөнц өөрчлөгдөж байа. Чухал байсан бүхэн чухал биш болж, үнэ цэнэтэй гэж бодож байсан зүйлүүд үнэ цэнээ алдаж байна. Шинэ эринд өөр байхнээ

0  |  0
Top