Засгийн газрын ээлжит хуралдааны шийдвэрүүдийг танилцуулав. Энэ үеэр Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан: Засгийн газрын ээлжит хуралдаанаар Орон сууцжуулалтын тухай хуулийн анхдагч хуулийн төсөл, Орон сууцжуулалтын санхүүжилтийн банкны тухай анхдагч хуулийн төслийг хэлэлцэж, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
Орон сууцжуулалтын санхүүжилтийн банкны тухай хууль нь эрэлт буюу санхүүжүүлэлтийг дэмжих бол Орон сууцжуулалтын тухай хууль нь нийлүүлэлтийг дэмжсэн хууль юм. Орон сууцжуулалтын банк нь тусгай зориулалтын төрөлжсөн банк байна. Тийм учраас бусад арилжааны банкнуудтай өрсөлдөхгүй. Төр зорилтот бүлгийн иргэд, дундаж болон бага орлоготой иргэдэд, мөн залуу гэр бүлд дэмжлэг үзүүлэх зорилгоор энэхүү хуулийн төслийг оруулж байна. 2013 оноос хойш 11 их наяд төгрөгийн ипотекийн зээлийг 140 мянга гаруй өрхөд олгосон. Гэвч орон сууцанд орох хүсэлтэй иргэдийн тоо өнөөдрийн байдлаар 47 мянга байгаа ба нийт 6.6 их наяд төгрөгийн зээлийн хүлээлт үүсээд байгаа. Жилдээ 9-10 мянган өрхөд ипотекийн зээл олгож байна гэж тооцоход даруй 4-6 жилийн дараа ипотекийн зээлд хамрагдах нөхцөл үүссэн. Энэ хугацаанд хүлээх боломжгүй зарим өрх арилжааны банкнаас өндөр хүүтэй зээл авч, орон сууц авч байна. Судалгаанаас үзвэл, ипотекийн зээл авах өргөдөл өгч, дарааллаа хүлээлгүй 18-24 хувийн өндөр хүүтэй зээл авсан өрх 70 хувийг эзэлж байна. Орон сууцжуулалтын тухай хуульд нийлүүлэлтийг дэмжих дорвитой арга хэмжээ авахаар заасан.
2030 он гэхэд орон сууцны нэг м кв үнэ 10-11 сая төгрөгт хүрээх судалгаа гарсан тул үүнийг зохицуулахад Орон сууцжуулалтын тухай хууль чиглэнэ гэв.

Сэтгэгдэл ( 0 )