Израил, Ливаны яриа хэлэлцээ хийв

Я.Болор | Zindaa.mn
59 минутын өмнө

Израил, Ливаны төлөөлөгчид Вашингтон хотноо дөрөв дэх удаагаа яриа хэлэлцээ хийлээ гэж АНУ-ын төрийн департмент мэдээлжээ.

АНУ-ын засаг захиргаа дөрөвдүгээр сарын 16-нд Вашингтон хотноо болсон хоёр талын анхны яриа хэлэлцээгээр гал зогсоох тохиролцоонд хүрсэн тухай зарлаж байсан ч Израил Ливаны өмнөд хэсэг дэх сууринуудад цохилт өгсөөр байгаа билээ. Үүний хариуд Ливаны Хезболла хөдөлгөөн Израилын хүчний эсрэг цэргийн ажиллагаа явуулсаар байгаа юм.

Сүүлийн 20 жилийн алдааг засах, Ливаны тусгаар байдлыг сэргээх, Израилын аюулгүй байдлыг хангахад чиглэсэн хэлэлцээр байгуулахаар ажиллахын хэрээр улс төр, аюулгүй байдлын асуудлаарх яриа хэлэлцээ дэвшилд хүрсээр байна гэж АНУ-ын төрийн департментын төлөөлөгч Томми Пигот мэдэгджээ.

Хезболла хөдөлгөөн гал зогсоох талаарх АНУ-ын саналыг хүлээн авсан тухай өмнө нь Вашингтон дахь Ливаны ЭСЯ-аас мэдээлж байсан. Саналд Израилын тал Беруйтын өмнөд хэсэгт цохилт өгөхөө зогсоох, Хезболла хөдөлгөөн Израилын нутагт дэвсгэрт цохилт өгөхөө зогсоох үүрэг хүлээх юм.

Ливан, Израилын яриа хэлэлцээ лхагва гарагт /2026.06.03/ үргэлжилнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top