Ливан, Израил хоёр гал зогсоох хэлэлцээр байгууллаа

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 11 сарын 27

Ливан, Израилын хооронд байгуулсан гал зогсоох хэлэлцээр өнөөдөр орон нутгийн цагаар 04.00 цагт /Улаанбаатарын цагаар 10.00/ хэрэгжиж эхэлсэн тухай Al Jazeera суваг мэдээлжээ.

Үүнээс хэдхэн минутын өмнө Израил Бейрут хотын өмнөх хэсгийн оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэхийг уриалж, үүний дараа долоон хүчтэй цохилт өгсөн байна.

Ливан, Израилын засгийн газрууд АНУ-аас санал болгосон гал зогсоох тухай хэлэлцээрийг дэмжсэн тухай АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден энэ сарын 26-нд мэдэгдсэн. Хэлэлцээрт зааснаар, Ливаны Зэвсэгт хүчин ирэх 60 хоногт өмнөд Ливаныг хяналтдаа авах бол Израил аажмаар цэргээ гаргах аж. Байдены мэдэгдсэнээр, АНУ, Франц тэргүүтэй холбоотнууд хэлэлцээрийн бүрэн хэрэгжилтийг хангаж ажиллахаар болжээ.

“Al Nahar” сонинд бичсэнээр, баримт бичигт Ираныг дэмжигч Хезболла болон бусад зэвсэгт бүлэглэлүүд Израилын эсрэг халдлага хийхгүй бол Израил Ливаны нутаг дэвсгэрт цэргийн ажиллагаа явуулахгүй гэж заажээ. Гэхдээ эдгээр эрх, үүрэг нь талуудын өөрийгөө батлан хамгаалах эрхийг үгүйсгэхгүй гэж тодотгосон байна.Ливаны Засгийн газар хууль зэвсэгт бүлэглэлийн үйл ажиллагаа, хууль бус зэвсгийн худалдааг таслан зогсоох, хууль бусаар зэвсэг үйлдвэрлэж буй объектуудыг татан буулгах, тэдгээрийн зэвсгийн нөөцийн хураах үүрэг хүлээжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top