Гал зогсоох тухай хэлэлцээр байгуулсанд баяр хүргэжээ

Л.Батбаяр | Zindaa.mn
2024 оны 11 сарын 27

“Ливан болон Израилын хооронд гал зогсоох тухай хэлэлцээр байгуулсанд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гуттериш баяр хүргээд, энэ тохиролцоо нь хүчирхийлэл, эвдрэл сүйрэл болон хоёр улсын ард түмний зовлон шаналлыг эцэс болгоно хэмээн найдаж байгаагаа илэрхийллээ” гэж НҮБ-ын тэргүүний албан ёсны төлөөлөгч Стефан Дюжаррикийн мягмар гарагт тараасан мэдэгдэлд өгүүлжээ.

НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга мөн хэлэлцээрээр хүлээсэн бүх үүргээ бүрэн бөгөөд шуурхай хэрэгжүүлэхийг болон НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн 1701 тоот тогтоолыг бүрэн биелүүлэх арга хэмжээ авахыг талуудад уриалсан байна.

Израилын цэрэг, улс төрийн удирдлага Ливанд гал зогсоох төлөвлөгөөг албан ёсоор дэмжсэн тухайгаа өмнө нь зарласан ажээ. Ливаны цэрэг тус улсын өмнөд нутагт 60 хоногийн дотор хяналтаа сэргээсний дараа Израилын цэргийг уг нутгаас аажмаар гаргах юм байна. 2006 онд баталсан НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн 1701 тоот тогтоолд Израил болон “Хезболла” байгууллагын хооронд байлдааны ажиллагааг бүрэн зогсоож, Ливаны өмнөд өмнөд нутгаас Израилын цэргийг гаргахыг заасан юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top