Вашингтон хотноо Израил, Ливаны элчин сайд нарын түүхэн уулзалт боллоо. Хамгийн сүүлд тус хоёр улсын өндөр түвшний уулзалт 1993 онд болж байв. Уулзалтад АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио байлцжээ.
АНУ-д суугаа Израилын элчин сайд Йехиэль Лейтерийн мэдээлснээр, хоёр цаг үргэлжилсэн уулзалтын гол үр дүн нь Ливаныг Хезболла хөдөлгөөнөөс чөлөөлөх шаардлагатай гэсэн байр суурь дээр талууд нэгдсэн явдал байлаа. Түүний хэлснээр, АНУ-ын зуучилсны дагуу зохион байгуулсан яриа хэлэлцээ тус хоёр улсын хилийн зурвасыг нарийн тогтоож, зөвхөн бизнес, аялал жуулчлалын зорилгоор хил зорчих урт хугацааны зорилгыг тодорхойлоход чиглэжээ. “Иран суларсан. Хезболла мөн ихээхэн суларсан. Эл байдал хоёр улсын харилцааг хэвийн болгох боломжийг бүрдүүлж байна” гэж Лейтер онцолсон байна.
Талууд шууд яриа хэлэлцээ хийх зөвшилцөлд хүрсэн ба уулзалт болох газар, товыг жич тогтоохоор болсон тухай Төрийн департментаас гаргасан мэдэгдэлд онцолсон байна. Яриа хэлэлцээ ихээхэн дэвшилд хүрвэл Ливаныг сэргээн босгох, бүс нутгийн эдийн засгийн хөгжлийн замыг нээнэ гэж Вашингтон мэдэгджээ. Израилын тал бүхий л маргаантай асуудлуудыг шийдвэрлэх, тогтвортой энх тайвныг тогтооход чиглэсэн шууд яриа хэлэлцээнд оролцоход бэлэн буйгаа илэрхийлсэн бол Ливаны тал 2024 оны арваннэгдүгээр сард байгуулсан гал зогсоох хэлэлцээрийг хэрэгжүүлэх шаардлагатай байгааг мэдэгдэж, тус улсын тусгаар байдлыг сахих, хүмүүнлэгийн асуудлуудыг шийдэх нь чухал буйг онцлон тэмдэглэжээ.
Үүнтэй зэрэгцэн Ливаны Ерөнхийлөгч Жозеф Аун Вашингтон дахь уулзалт Ливаны ард түмний зовлон шаналалд цэг тавина гэж найдаж буйгаа илэрхийлсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )