- Ливанд цуст өдөр болов -
Ливан улсын хувьд өнгөрсөн мягмар гараг хамгийн цуст өдөр болсон талаар Барууны хэвлэлүүд бичиж байна. Израилийн агаарын цохилтын улмаас 558 хүн амиа алдсаны 35 нь хүүхэд байжээ. Ойрх Дорнод дахь энэхүү хямралын талаар The Times сонин мэдээлэхдээ “Ливаны хувьд иргэний дайн эхэлснээс хойших хамгийн цус урсгасан өдөр боллоо” гэв. The New York Times сонин хойд хэсэг рүү дүрвэж байгаа иргэдийн талаар мэдээлсэн байна. Financial Times сонин “Израилийн харгис үйл ажиллагаа нь Ерөнхий сайд Биньямин Нетаньяху болон түүний намын нэр хүндийг нэмсэн” гэв.
Ливан дахь “Хезболла” бүлэглэл рүү чиглэсэн агаарын цохилтын улмаас олон хүүхэд амиа алдсан талаар Ливаны Эрүүл мэндийн яамнаас мэдэгдсэн. Энэ нь Ливан улсын хувьд 2000 онд дууссан иргэний дайны бүх цаг үеийн хамгийн цуст өдөр байжээ.
Олон улсын хамтын нийгэмлэг ч агаарын цохилтыг анхаарлаас гадуур өнгөрүүлсэнгүй. Ираны Ерөнхийлөгч Масуд Пезешкиан “Израил улс Ойрх Дорнодод бүрэн хэмжээний мөргөлдөөн үүсгэхээр оролдож байна” гээд үр дагавар нь буцааж болшгүй байхыг анхааруулжээ. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы үеэр Масуд Пезешкиан хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд ярихдаа “Израил Ираныг илүү том мөргөлдөөнд оруулахын тулд хавханд оруулж байна” гэв.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерреш энгийн иргэд амь үрэгдэж байгаад маш их санаа зовниж буйгаа мэдэгдсэн бол Саудын Араб талуудыг тэвчээртэй байхыг уриалжээ. Жозеп Боррель бүрэн хэмжээний дайн гарахаар байгааг сэрэмжлүүлэв. “Хэрвээ энэ нь дайн биш гэж байгаа юм бол өөрөөр би юу гэж нэрлэх билээ” хэмээн Европын Холбооны гадаад бодлогын тэргүүн хэлжээ.
Тэгвэл The Guardian сонин Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху Ливан руу хийсэн дайралтаа “Улсын хойд хил дээрх аюулгүй байдлын тэнцвэр алдагдсан” гэж нэрлэснийг дүгнэн “Бид аюулгүй байдлын тэнцвэрийг өөрчлөх болно гэдгийг би амлаж байна. Ингэхийн тулд л бид үйлдэл хийж байна” гэжээ.
Ливан руу хийсэн агаарын цохилт нь зөвхөн цэргийн ажиллагааны газрын хэсгийн оршил байсан гэж Израилийн Батлан хамгаалах хүчний Жанжин штабын дарга, дэслэгч генерал Херци Халеви үзжээ. “Израилийн цэргийнхэн Ливан дахь ажиллагааны дараагийн шатанд бэлтгэж байна” гэж тэрбээр хэлэхдээ “Бидний зорилтот бай бол үнэндээ “Хезболла”-гийн сүүлийн 20 жилийн турш барьж ирсэн цэргийн дэд бүтэц юм” гэв.
Израилийн агаарын цохилтын улмаас 492 хүн амиа алдахад 1975-1990 оны иргэний дайнаас хойш нэг өдрийн дотор хамгийн олон хүн амиа алдсан тохиолдол болсон юм. Ливаны иргэд бүрэн хэмжээний дайн дэгдэхээс айж байгаа талаар Нью-Йорк Таймс бичжээ. Тус улсад үдээс хойш гэхэд л хотын гудамж дахь шатахуун түгээх станцууд автомашин, мотоциклийн цуваагаар дүүрч, хүмүүс Ливаны хойд хэсэгт ууланд хоргодох байр олох найдвар тээн зугтахаар бэлтгэх болжээ. Бас хүмүүс хүнсний дэлгүүрийн хоосон лангуугаар тэнүүчилж, тэргээ савтай ус, уут будаа, цөцгийн тосоор дүүргэж байгаа гэнэ. Америкийн нэгэн сонин тус улсын нөхцөл байдлыг дүрслэхдээ “Израил энгийн иргэдийн эсрэг сэтгэлзүйн дайн хийж байна” гэж буруутгасан байна. Нью-Йорк Таймс сонины мэдээлснээр, Ливаны оршин суугчид “Хезболла”-гийн зэвсгийн агуулахаас хол байхыг анхааруулсан мессеж, автомат дуудлага хүлээн авч эхэлжээ. Энэ нь Ливаны жирийн иргэд цэргийн зорилтот байршлын талаар мэдээлэл аваагүй гэсэн хүний эрхийн байгууллагуудын шүүмжлэлийг дагуулав.
Израилийн цохилт нь Ливаны нийслэлд бүрэн хэмжээний дайны айдас төрүүлж байгаа аж. Нөхцөл байдал хүндэрч байгаатай холбоотойгоор Пентагон Ойрх Дорнодод байр сууриа нэмэгдүүлнэ гэж мэдэгдсэн байна. АНУ-ын Батлан хамгаалах яамнаас мэдээлэхдээ “Урьдчилан сэргийлэх зорилгоор бид тус бүс нутагт байгаа Америкийн цэргийн нэмэлт хүчийг илгээнэ” гэжээ. Харин цэргийн албан хаагчдын тооны талаар тодруулаагүй байна. Тоо хэдэн арваар яригдах бөгөөд цэргүүд тус бүс нутагт байршсан америкчуудад туслахаар Ливаныг зорих аж. Одоогоор Сири, Ирак болон Персийн булангийн бусад улсад Америкийн 40 мянга орчим цэрэг байршиж байна.
Их Британийн Financial Times сонин мэдээлэхдээ “Б.Нетаньяхугийн нэр хүнд өсөж байна” гэжээ. Үүнийг Израилд явуулсан олон нийтийн судалгааны дүн баталж байгаа аж. Түүний Ликуд намын байр суурь 2023 оны аравдугаар сард ХАМАС бүлэглэл дайралт хийхэд ноцтой ганхсан, олон хүн тухайн үйл явдлыг тус улсын түүхэн дэх аюулгүй байдлын хамгийн таагүй сүйрэл гэж нэрлэсэн юм. Израилийн түрэмгийлсэн үйл ажиллагааны дараа Биньямин Нетаньяхугийн нэр хүнд дахин өсөж эхэлжээ. “Хезболла”-гийн өндөр албан тушаалын хүмүүсийг устгасны дараа Ливан дахь үйл ажиллагаа илүү эрчимжиж, Израилийн тэргүүнийг дэмжих нь нэмэгдсэн байна.
Тэгвэл энэ хүчирхийлэл гадны орнуудад айдас төрүүлж эхэлснээр НҮБ хурцадмал байдлыг намжаахыг уриалж, Израилийн холбоотнууд бүрэн хэмжээний дайны эрсдэлийг анхааруулсан юм. Гэхдээ Израилд олон нийтийн санал асуулгад оролцогчид “ХАМАС-ын дайралтын дараа Ликуд нам байр сууриа эргүүлэн авсан” гэж хариулжээ.
Социологич Д.Шейндлин “Б.Нетаньяхугийн дайны эхэнд эрс алдсан байр суурь сэргэсэн. Үүнд Израилийн түрэмгий үйл ажиллагаа том үүрэг гүйцэтгэсэн” гэж онцолсон байна.
Нөхцөл байдал хяналтаас гарч магадгүй
Ливан, Израилийн хоорондох зөрчилдөөн хэрхэн нэмэгдэж байна вэ? Израил Ливан даяар “Хезболла”-д цохилт өгөх бодолтой байгаа талаар тус улсын Батлан хамгаалахын сайд Йоав Галант мэдэгдлээ. Израилийн Батлан хамгаалах хүчний Жанжин штабын дарга, дэслэгч генерал Херци Халевигийн хэлснээр, тус улс сүүлийн 20 жилийн турш тогтоон барьсан “Хезболла”-гийн цэргийн дэд бүтэц рүү чиглэсэн “тэргүүн ээлжийн” довтолгооны ажиллагааг эхлүүлжээ.
Үүний зэрэгцээ Ливаны Эрүүл мэндийн яамны мэдээлснээр, 500 гаруй хүн Израилийн халдлагын золиос болж, 1.2 мянга гаруй хүн шархаджээ. Израил, Ливаны хооронд бүрэн хэмжээний дайн гарах магадлалтай байна гэж дүгнэх шинжээчид байна. Шинжээчдийн үзэж байгаагаар мөргөлдөөнийг өргөжүүлэх нь Вашингтоны зөвшөөрлөөр ажиллаж буй Израилийн эрх баригчдад ашигтай аж. Израил зорилтот түвшинд хүрч, дараагийн үе шатанд бэлтгэж байгаа гэх. Үүний зэрэгцээ еврейн улсын Зэвсэгт хүчний мэдээлснээр, Ливанд 1.1 мянга гаруй бай, түүний дотор хөөргөгч, дрон бүхий агуулахууд халдлагад өртсөн нь Израилд аюул занал учруулсан байна.
Израилийн тал, Ерөнхий сайд Биньямин Нетаньяху хилийн бүсийн оршин суугчдыг яаралтай нүүлгэн шилжүүлэхийг уриалсан байна. Израилийн Засгийн газрын тэргүүн “Арми Ливан дахь шийтийн “Хезболла” байгууллагын дэд бүтцэд цохилт өгч байгаа бөгөөд ингэснээр хойд хил дээрх хүчний тэнцвэрийг өөрчилж байна” гэж мэдэгджээ. Өмнө нь түүний Тамгын газрын зөвлөх “Энэ тэмцэл шинэ түвшинд шилжсэн. Өмнө нь тогтоосон улаан шугамууд хүчин төгөлдөр байхаа больсон” гэж мэдэгдсэн.
Шинжээчдийн дүгнэлтээр Израил Ливаны газар нутгийн нэг хэсгийг эзлэн авах цэргийн ажиллагааг бэлтгэж байгаа бөгөөд хойд бүс нутагт онцгой нөхцөл байдал тогтоосон байна. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гуттереш Ливан улс “Шинэ Газын зурвас” болж хувирах эрсдэлтэйг хэлээд “Энэ бол бүх дэлхийн хувьд аймшигтай эмгэнэл болно. Ливаны нутаг дэвсгэр, иргэдийн эсрэг Израилийн түрэмгийллийг хязгаарлахыг уриалж байна” гэв.
Цагаан ордон ч Израил болон Ливаны шийтийн хөдөлгөөн “Хезболла”-гийн хооронд бүрэн хэмжээний дайн гарах магадлалд санаа зовж байна. Израил Ливаны Бейрут хотын өмнөд захад харилцаа холбооны тоног төхөөрөмжийг дэлбэлж, ойрын өдрүүдэд байлдааны ажиллагааны эрч нэмэгдэхээр байна.
Сэтгэгдэл ( 0 )