Хятадад ганц бие залууст зориулсан “Чи үхсэн үү?” апп дэлгэрч байна

Я.Болор | Zindaa.mn
2026 оны 01 сарын 13

Ийм содон нэртэй аппликэйшн Хятад улсад эрчимтэй дэлгэрч байна. Эл апп дээрх том товчлуурыг долоо хоногт хоёр удаа дарж, амьд гэдгээ батлах ёстой. Эс бөгөөс тус апп онцгой байдлын албатай холбогдож, хэрэглэгчтэй ямар нэгэн зүйл тохиосон байж болзошгүй гэж мэдээлдэг байна.

Аппыг өнгөрсөн оны тавдугаар сард гаргасан хэдий ч сүүлийн хэдэн долоо хоногоос ихээхэн түгж эхэлжээ. Тус аппыг гэртээ ганцаараа амьдардаг залуус идэвхтэй татаж байгаа аж. Судалгаагаар, 2030 он гэхэд тус улсад ганц биетэй залуусын тоо 200 саяд хүрнэ гэж Global Times сонинд онцолсон байна.

Хэдийгээр тус апп ийн амжилттай байгаа нь нэртэй нь холбоотой гэж үзэж байгаа ч зарим хэрэглэгч нэрийг солихыг уриалсан бөгөөд аппыг боловсруулсан Moonscape Technologies компани энэ шүүмжлэлийг хүлээн авч, судалж байна гэжээ. Олон улсын зах зээл дээр Demumu нэрээр танилцуулсан тус апп АНУ, Сингапур, Хонконгт топ 2-рт, Австрали, Испанид топ 4-т оржээ. Үүнд гадаадад амьдарч буй хятад хэрэглэгчид ихээхэн үүрэг гүйцэтгэж байна.

Анх үнэ төлбөргүйгээр гарсан апп найман юанийн төлбөртэй болжээ. “Чи үхсэн үү?” аппыг боловсруулахад 1000 юань зарцуулсан байна. Боловсруулагчид өдгөө өндөр настнуудад зориулсан тусгай апп бүтээхээр ажиллаж байгаа аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top