Жирийн гэж хэлж болох кадр хэрхэн Дэлхийн хамгийн танил зураг болсон талаарх бяцхан түүх хүргэе. Та бүхэн компьютер асаахдаа дэлгэц дээр ногоон тал, хөх тэнгэртэй энэ зургийг бишгүй олон удаа харсан байх. Зөвхөн та ч бус Дэлхийн хэдэн тэрбум хүн энэ зургийг хэдэн зуун тэрбум удаа харсан.
Windows XP-ийн дэлгэцийн энэхүү зургийн түүх 1996 оноос эхтэй. Гэрэл зурагчин Чарльз О`Риер найз эмэгтэйтэйгээ уулзахаар замд явж байжээ. Зурагчнаар National Geographic-т хүртэл ажиллаад үзчихсэн, өнцөг, гэрэл, сүүдрийн мэдрэмж сайтай хүн л дээ.
АНУ-ын Калифорни мужийн Сономагийн ойролцоох байгалийн үзэсгэлэнт газраар явж байтал нэгэн газрыг олж харжээ. Хурц ногоон өнгийн уулын цаанаас хөх тэнгэр зурайх нь зурган нирвана л гэмээр санагджээ. Ингээд зогсоод Mamiya RZ67 камераа гаргаж ирээд хэдэн кадр дарчихаад цаашаа замаа хөөн явж гэнэ. Дэлхий дахины танил болох зургийг дарчихлаа гэдгээ яаж ч мэдэх билээ.
Хэдэн хоногийн дараа өнөөх зургуудаа Corbis сайтад оруулахдаа Bliss гэж нэрлээд хийчихжээ. Энэ сайт нь Билл Гэйтсийн эзэмшлийнх байж таарч. Дөрвөн жилийн дараа Microsoft компани Windows XP-г бүтээмэгцээ дэлгэцийн зургийн эрэлд гарав. Гол санаа нь өөдрөг, амгалан тайвныг илэрхийлэхийн зэрэгцээ итгэл найдварын оч цацрааж, нүд баясгам байх ёстой гэсэн шаардлага тавьсан байлаа. Хайж хайж, Bliss-ийг олж хараад, энэ яг мн гэж үзэж. Яриа хэлэлцээр ч эхэллээ. Microsoft зургийг зүгээр нэг худалдаад авчихъя гэлгүй бүр үүрд ашиглах эрхийг нь авахыг хүсчээ.
Гэрээ хэлэлцээрийн мөнгөн дүн маш өндөр тул FedEx энэ асуудалд оролцохгүй байхаар шийдсэнээр О`Риер өөрөө Microsoft-ийнхонтой очиж уулзахаас аргагүйд хүрэв. Гэрээ хийхдээ зургийн үнийн дүнг хэзээ ч задруулахгүй гэсэн заалт ч оруулж өгчээ. Мэргэжилтнүүд энэ зургийн төлөө хэдэн сая ам.доллар төлсөн байх гэж таамагладаг. Ингээд 2001 онд Bliss хэдэн тэрбум хэрэглэгчдийн нүдний өмнө нээгдлээ. Энэ бол жирийн нэгэн зураг биш. Энэ бол тухайн цаг үеийнхээ бэлэг тэмдэг юм. Компьютер, интернэт, эхлэл гэсэн үгсийг эгэл энэ толгой тархинд агшин зуурт хүргэгч болон “өсөж өндийжээ”.
Харин Чарльз мөнгөө аваад шууд ажласаа гарсан гэнэ билээ. Цаашид ажиллах шаардлагагүй болсон хэрэг л дээ. Насан туршдаа хэрэглээд, дараа нь ч үлдэхээр мөнгө авсан хүн арга ч үгүй биү. Гэхдээ яаж зүгээр суухав, эдлэндээ усан үзэмний зураг дараад азтай тэр кадрынхаа талаар ярьж суух дуртай гэнэ. Түүний зургийг тоон эриний Мона Лиза гэдэг юм билээ.
Сэтгэгдэл ( 1 )
Энэ яаах вээ, ертөнцийн сайхан хэсэг мундахгүй шүү дээ, XP үе дээр намарын зургын эзэн олдохгүй дэлхийн эрэн сурвжлилах сэтгүүлчидийг мухардуулсан зураг санаж байна уу, намар орой царс модны шарлсан навч унсан замын зураг их түүх өгүүлнэ