- Австрийн эрх чөлөөний нам парламентын сонгуульд ялалт байгууллаа -
Австрид парламентын сонгуульд Австрийн эрх чөлөөний нам (FPÖ) ялалт байгуулжээ. Тус нам Оросын эсрэг хоригийг эсэргүүцэж байсан билээ. Австрийн эрх чөлөөний нам парламентын сонгуулийн энэхүү үр дүнг “түүхэн дэх хамгийн сайн үр дүн” гэж нэрлэжээ. Австрийн Канцлер Карл Нехаммер өөрийн Австрийн ардын намын ялагдлыг хүлээн зөвшөөрчээ. Тус нам Австрийн эрх чөлөөний намын ард хоёрдугаарт бичигдэж байгаа юм. Тэрбээр “Радикал хүмүүс яагаад илүү их санал авдаг болохыг олж мэдэх шаардлагатай байна. Өмнө нь баруун жигүүрийн хүчнүүд Герман дахь байр сууриа бэхжүүлж, Германы альтернатив нам Тюрингиа дахь сонгуульд анх удаа ялалт байгуулсан. Шинжээчдийн үзэж байгаагаар энэ чиг хандлага нь хожим Орос руу чиглэсэн Европын тэнцвэртэй бодлогыг тодорхойлоход чухал үүрэг гүйцэтгэж магадгүй юм” гэсэн байна.
Австрийн Дотоод хэргийн яамнаас мэдээлснээр, Эрх чөлөөний нам санал хураалтын урьдчилсан дүнгээр сонгогчдын 29.2 хувийн саналыг авсан нь 2019 оны сонгуулиас 13 хувиар илүү санал аж. Парламентын сонгуулийн ирц 74.9 хувьтай байжээ. Парламентын сонгуулийн санал хураалтын эцсийн дүн аравдугаар сарын 3-нд гарна.
Австрийн эрх чөлөөний нам (FPÖ)-ын тэргүүн тус намын хүрсэн үр дүнг хараад “Би хэлэх үггүй болох нь ховор байдаг хүн ч одоо юу хэлэхээ мэдэхгүй байна. Надад оногдсон үүргэвч хөнгөн биш, гэхдээ энэ ачааг үүрэх нь миний хувьд их нэр төрийн хэрэг юм” гэжээ.
Тэгвэл Австрийн Канцлер Карл Нехаммер Австрийн ардын нам нь сонгогчдын 11.1 хувийн саналыг аван ялагдсаныг хүлээн зөвшөөрөөд “Таван жилийн өмнөхөөс муу үр дүн үзүүллээ” гэв.
Австрийн Ерөнхийлөгч Александер Ван дер Беллен намын дарга нарт хандан кабинетаа байгуулахын тулд Засгийн газрын эвслийн тухайд тохиролцохыг уриалаад “Эвслийн гол зорилго нь австричуудад сайн ирээдүйг бүтээх явдал байх болно” гэж онцолсон байна.
Австрийн Дотоод хэргийн яамнаас мэдээлснээр одоогийн байдлаар Австрийн эрх чөлөөний нам парламентад 58 мандат авч магадгүй байгаа бол хоёрт бичигдэж байгаа Австрийн ардын нам сонгогчдын 26.5 хувийн санал авснаар 52 мандат авч магадгүй, Социал-демократ нам сонгогчдын 21 хувийн саналтайгаар парламентад 41 мандат авахын төлөө өрсөлдөхөөр байна.
Анхны ялалт
Washington Post сонины тэмдэглэснээр энэ бол Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш Австри дахь баруун жигүүрийн хүчний анхны ялалт юм. Сонгуулийн үр дүн Европ дахь өөрчлөлтийг баталж байна гэж Австрийн олон улсын харилцааны хүрээлэнгийн захирал Женгиз Гунай хэлжээ. Судлаач “Алсдаа популист намуудыг хүчирхэгжүүлэх, төвт намуудыг төвшитгөх хандлага сулрах нь тодорхой... Энэ бол эх оронч үзлийн нэг төрлийн шинэ хувилбар юм. Бид бүх зүйлийг буруу хийж, эрх чөлөөг маань хулгайлсан хуучин элитүүдийн эсрэг байна” гэжээ. Түүний хэлснээр улс орон эдийн засгийн хямралд өртөж байгаа нь Австрийн эрх чөлөөний намын ялалтад нөлөөлсөн байна. Женгиз Гунай мөн “Одоогийн эрх баригчид шийтгэгдсэн. Хүмүүс мөнгөн хөрөнгө нь үнэгүйдэж, нөхцөл байдлыг засаж залруулахын тулд эдийн засгийн урамшуулал байхгүй гэдгийг мэдэрч байна” гэжээ.
Гэхдээ Washington Post-д “Австрийн эрх чөлөөний намын удирдагч Херберт Кикл улс төрийн бүх хүчинтэй хэлэлцээ хийхэд бэлэн байгаагаа мэдэгдсэн ч Канцлер болох боломжтой гэдэгт эргэлзэж байна. Бусад намууд түүний удирдлага дор Засгийн газар байгуулахад шаардлагатай эвслийг байгуулахаас татгалзаж байна” гэж тоймлосон байлаа. Хэрэв Австрийн эрх чөлөө нам засгийн жолоог атгаж чадвал Унгар, Итали, Нидерланд зэрэг Европын Холбооны засгийн эрхэнд байгаа баруун жигүүрийн улс төрийн хүчний тоонд орох аж. Зальцбургийн их сургуулийн профессор Райнхард Хайниш “Австрийн эрх чөлөөний намынхан Виктор Орбан болон Унгарын загварт удирдагддаг. Тэд Европын Холбоонд үл итгэгч нар. Тэд Оросын эсрэг хориг арга хэмжээг эрс эсэргүүцдэг. Тэдний бодлоор Украин дахь мөргөлдөөнийг НАТО өдөөсөн бөгөөд Европын элитүүдийн төсөл юм. Тиймээс инфляц, эрчим хүчний үнэ өндөр байгаатай холбоотойгоор тус намынхан австричуудыг дайны нэг төрлийн хохирогч гэж үздэг” гэжээ. Унгарын эрх баригчид Австрийн эрх чөлөөний намыг парламентын сонгуульд ялсанд нь баяр хүргэсэн байна. Унгарын Гадаад хэргийн сайд Петер Сийярто “Эрх чөлөөний нам Австри улсад парламентын сонгуульд хэзээ ч ялж байгаагүй. Гэсэн хэдий ч одоо манай холбоотнууд барианд нэгдүгээрт орлоо. Дайн дажин, цагаачлал, хүйсийн суртал ухуулгагүй байхын төлөө! Браво, томоос том баяр хүргэе” гэлээ.
Financial Times-т мэдээлснээр сонгуульд Австрийн эрх чөлөөний намын үзүүлсэн үр дүн нь Европ дахь, ялангуяа Франц, Нидерландад баруун жигүүрийн хүчний гайхалтай амжилтуудын нэг байв. Герман дахь баруун жигүүрийн хүчнүүд байр сууриа бэхжүүлж, Германы альтернатив нам түүхэн амжилтанд хүрч, Тюрингиа хотод анх удаа сонгуульд ялж, Саксон, Бранденбургт хоёрдугаар байрыг эзэлжээ.
Амжилтын хүчин зүйлүүд
Судлаачид Австри дахь парламентын сонгуулийн урьдчилсан дүн нь Австрийн эрх чөлөөний нам өнөөгийн бодит байдлыг хангалттай зөв үнэлдэг болохыг харууллаа гэжээ. Мөн шилжилт хөдөлгөөний асуудалд ач холбогдол өгсөн нь Австрийн эрх чөлөөний намын ялалтын бас нэг шалтгаан гэв. Австрийг цагаачдын гарц болгон хувиргах хүсэлгүй байгаа нь тус намын хэлэлцэх асуудлын гол зүйлсийн нэг болсон аж.
Нэмж дурдахад, австричууд ногоон байгууламжийг сүйтгэх бодлогод сэтгэл дундуур байгаа нь Австрийн эрх чөлөөний намын байр суурийг бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )