Энэ жилийн утга зохиолын Нобелийн шагналыг Өмнөд Солонгосын зохиолч Хан Ган бүхэл бүтэн үеийн сэтгэл зүйн гэмтлийг сөрсөн, хүний амьдрал ямар их эмзэг, хэврэг болохыг өгүүлсэн шүлэглэсэн хүүрнэл зохиолоороо хүртлээ.
Хан Ган /53 настай/ нь Нобелийн шагнал хүртсэн Өмнөд Солонгосын анхнызохиолч, 18 дахь эмэгтэй шагналтан болж байна. Үүгээр Азийн утга зохиол дэлхийн анхаарлын төвд орж, эмэгтэйчүүдийн асуудал, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл утга зохиолд томоохон байр суурийг эзэлж, аймшигтай, айдастай бөгөөд тулгамдсан асуудлыг зүйрлэлийн хэлээр хүүрнэх чадвар дэлхийн утга зохиолын гурван гол чиг хандлага болсныг илтгэж байна.
Хан Ган нь Өмнөд Солонгосын хамгийн алдартай зохиолчдын нэг. Тэрбээр дэлхийн утга зохиолын ертөнцөд үнэлэгдэж, түүний бүтээлүүдийг дэлхийн олон хэлнээ хөрвүүлэх болжээ.
Өмнөд Солонгосын нэр зохиолч Хан Сын Воны охин Хан Ган нь хүүхэд наснаасаа эхлэн бичиж эхэлсэн бөгөөд 1993 онд яруу найрагчийн хувиар “Утга зохиол ба нийгэм” сэтгүүлд өөрийн таван шүүлгээ анх нийтэлж байжээ. Тэрбээр “Чиний хүйтэн гар /2002/”, “Цагаан хоолтон /2007/”, “Амьсгалын төлөөх тэмцэл /2010/”, “Грек хэлний хичээл /2011/”, “Цагаан ном /2016/” зэрэг бүтээлээ БНСУ-д хэвлүүлжээ.
Цагаан хоолтон
Хан Ган “Цагаан хоолтон” романаараа олон улсад хүлээн зөвшөөрөгдөв. Зохиолын баатар болох Ёнхи бүсгүй махнаас татгалзаж, цагаан хоолтон болно. Энэхүү романыг бичихэд нь Солонгосын яруу найрагч Ли Сангийн шүлэг нөлөөлжээ. “Хүмүүс ургамал байх ёстой гэдэгт би итгэдэг” хэмээн ярьдаг Ли ХХ зууны эхний хагаст Японы колоничлолын үед амьдарч байсан бол Хан Ган эрх чөлөөт Солонгос улсад амьдрахдаа эмэгтэйчүүдийн эрх чөлөөний төлөө үгээ хэлдэг нэгэн. “Цагаан хоолтон” номдоо тэрбээр хүүхдүүд эцэг, эхийнхээ үгийг үг дүүгүй дагадаг, мөнгөний төлөө гэрлэдэг, үзэл бодлоо илэрхийлэх эрхгүй эхнэр нь нөхрөө “та” гэж дууддаг эцгийн эрхт ёс ноёрхсон нийгмийг дүрсэлжээ. Ёнхи-д үлдсэн цорын ганц эсэргүүцлийн хэлбэр нь махнаас татгалзах явдал байв. Хан Ганы зохиолын баатар нь хүчирхийллээс зугтахыг тулд ургамал болохыг хүссэн эмэгтэйн тухай зохиол юм.
Романы оргил үе нь гэр бүлийн зоогийн үеэр Ёнхигийн эцэг түүний ам руу шарсан гахайн мах чихэхийг хичээх бөгөөд энэ үеэр ах болон нөхөр нь түүний гарыг барина. Үүний хариуд Ёнхи “Би өөрөө” гээд бугуйгаа хутгаар зүссэний төлөө түүнийг сэтгэцийн эмнэлэг рүү явуулдаг. Хан Ган Солонгосын эцгийн эрхт ёс ноёрхсон нийгэмд хүлцэнгүй байх, өөрийн бие махбоддоо гэмтэл учруулахаас өөр эсэргүүцлээ илэрхийлэх сонголтгүй нийгмийн үр дагаврын тухай өгүүлнэ. Харин Солонгосын нийгэмд “Цагаан хоолтон”-ыг эсэргүүцэл хэмээн тэр бүр хүлээн авсангүй. Ихэнх уншигч номыг махнаас татгалзаж, сэтгэцийн эмнэлэгт очин, нөхрөө алдсан эмэгтэйн түүх л гэж хүлээн авчээ. Харин Хан Ганы баатар эцсээ хүртэл шийдвэртээ үнэнч үлдэх ч харин нийгэм түүний энэ тэмцлийг ялагдал хэмээн үзнэ. “Цагаан хоолтон” анх хэвлэгдэн гарснаас хойш есөн жилийн дараа англи хэлээр гарсан даруйдаа Букерийн шагналыг хүртжээ.
Алдах мэдрэмж
Хан Ганы хүүрнэл зохиолуудад бас нэг чухал сэдвийг хөнддөг нь алдах мэдрэмж. Өсвөр насандаа тэрбээр ууган хүүхэд биш гэдгээ олж мэдсэн байна. Тэрбээр эгчтэй байсан бөгөөд дутуу төрсөн эгч нь хэдэн цаг амьдраад хорвоог орхижээ. Үхлийг мэдрэх, эгчийгээ алдах мэдрэмж Хан Ганд хүчтэй цохилт болсон байна. Тэрбээр талийгч эгчдээ “Цагаан ном” нэртэй уран сайхны наманчлалыг зориулжээ. Хүүрнэгч төрсөн даруйдаа хорвоог орхисон эгчийнхээ тухай эргэцүүлсэн бодлоо цас, давс, манан, эхийн сүү зэрэг цагаан өнгийн бодис, зүйлсээр илэрхийлнэ. Энэ бол үхэл, амьдрал, хойд нас, дахин төрөхийн тухай бодрол. Зохиолч бие махбод болон сэтгэл, амьдрал болон үхэл хоорондын холбоосыг онцгойгоор ойлгож, өвөрмөцөөр илэрхийлснээрээ шинэчлэгч юм. “Цагаан ном”-ын “Бүхий л цагаан өнгийн зүйлсээр дамжуулан чиний гаргасан сүүлчийн амьсгалыг би хүртэнэ” гэх өгүүлбэрийн хүч нь үхэгсдэд хандсанд оршиж байна гэж утга зохиолын шүүмжлэгчид онцолжээ.
Хан Ган нэгэн ярилцлагадаа ээж нь түүнийг тээхэд хүндрэлтэй байсан тул үр хөндүүлэхийг хүсэж байсныг хожим нь мэдсэн тухай ярьжээ. Үүнийг мэдсэн тэрбээр хүнд цохилтод орж байсан бөгөөд эл мэдрэмж нь бүх ном, яруу найрагт нь тусгалаа олдог байна.
Өмнөд Солонгосын утга зохиолд бүхэлд нь уйтгар гуниг, амьдралын бараан тал, бэрхшээлийг даван туулах хүнд замыг дүрсэлдгээрээ онцлог. Энэ тал дээр Хан Ган бол жинхэнэ Солонгос зохиолч. Гэхдээ тэр үүнийгээ яруу найргийн нарийн мэдрэмжээр илэрхийлдгээрээ онцгой. Хан Ган утга зохиолоос гадна хөгжим, орчин үеийн урлагийг сонирхдог. Тэрбээр “Чимээгүйхэн дуулсан дуунууд” номтойгоо хамт өөрийнхөө зохиож, бичүүлсэн есөн дуу бүхий цомог гаргаж байжээ.
Нобелийн шагнал
Утга зохиолын Нобелийн шагналыг 1901 оноос хойш хүртээж байгаа. Тус шагнал нь өдгөө утга зохиолын салбарын хамгийн нэр хүндтэй шагнал болоод байна. Азийн хамгийн анхны эмэгтэй Нобелийн шагналтан 11 сая швед крон буюу нэг сая ам.долларын мөнгөн шагналыг хүртэж байна. Дүрэм ёсоор, Нобелийн шагналд нэр дэвшигчдийг Шведийн академийн болон бусад орны ижил төстэй байгууллагуудын гишүүд, уран зохиолын профессор, хэл шинжээч, Нобелийн шагналтан, зохиолчдын байгууллагын тэргүүн нар дэвшүүлдэг байна. Шагналын эзнийг Шведийн академи нэрийг зарлахаас 30 минутын өмнө санал хураалтаар тодруулдаг байна. Ингэхдээ бусад нэр дэвшигчийн нэрсийг нууцалдаг бөгөөд 50 жилийн дараа ил тод болдог. Тиймээс Өмнөд Солонгосын зохиолчтой хэн хэн өрсөлдсөнийг 2074 онд Стокхолм дахь Шведийн академийн архивын материалаас мэдэх боломжтой болно.
Сэтгэгдэл ( 0 )