Бусдыг заналхийлж, 10 сая төгрөг авсан гэх хэрэг прокурорт шилжлээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2024 оны 10 сарын 16

Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт 41.270 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүхэд шилжүүлэх саналтай 222 хэргийг прокурорын байгууллагад хүргүүлсэн байна. Үүнээс:

Хүний амьд явах эрхийн эсрэг 4, Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 68, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 7, Өмчлөх эрхийн эсрэг 81, Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг 6, Хүрээлэн байгаа орчны эсрэг 10, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 41, бусад 5 хэрэг байна.

Зөрчлийн шинжтэй 92.874 үйлдэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, 92.964 зөрчлийг шийдвэрлэсэн байна.

Нийт шийдвэрлэсэн зөрчлийн 92.288 зөрчлийг эрх бүхий албан тушаалтнаас буюу цагдаагийн алба хаагч шийдвэр гаргаж, 676 зөрчлийг шүүхээр шийдвэрлүүлсэн байна. Үүнээс:

Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах 1.666, Танхайрах 107, Хүний биед халдах 386, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих 133, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих 89.452, бусад 1.220 зөрчил байна.

Эдгээрээс хүүхдийн эрхийг зөрчсөн 53 иргэнд 15.900.000 төгрөгийн торгуулийн шийтгэл оногдуулж, удаа дараа гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 133 иргэнийг шүүхээр 7-30 хоног баривчлуулах саналыг хүргүүлж, шийдвэрлүүлжээ.

Цагдаагийн байгууллагаас өнгөрөгч 7 хоногт эрэн сурвалжлалтын чиглэлээр оргодол 18, гэмт хэрэгт сэрдэгдсэн этгээд 43, сураггүй алга болсон хүн 53, шүүхээс даалгасан хүн 32, зөрчил үйлдсэн этгээд 6 хүнийг дэвшилтэт технологи ашиглан олж тогтоосон байна.

Шалгаж шийдвэрлэсэн онцлог хэргүүдээс дурдвал, 

-Энэ оны 05 дугаар сарын 26-ны өдөр иргэн Ж нь Булган аймгийн Сэлэнгэ сумын нутаг дэвсгэрээс хууль бусаар бэлтгэсэн 112 ширхэг 23.59 куб метр модыг Нийслэл орчмын шалган нэвтрүүлэх товчоо хүртэл гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэж, 29.889.086 төгрөгийн экологи-эдийн засгийн хохирол учруулсан гэх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагааг явуулж, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлсэн.

-Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрээс 2023 оны 08 дугаар сараас 11 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэлх хугацаанд иргэн “Б” бусадтай бүлэглэн тусгай зөвшөөрөлгүйгээр алт олборлох зорилгоор экскаватор 3,  алт угаах төхөөрөмж 1 зэргийг ашиглан гол мөрний урсац бүрэлдэх эх, ойн сан бүхий газарт хамаарах 3,677.9 м.кв талбайд эрэл хайгуул, олборлолт явуулж, 24.459.741 төгрөгийн экологи-эдийн засгийн хохирол учруулсан гэх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагааг явуулж, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлсэн.

-Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутаг дэвсгэрт 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр иргэн “Б”-г 30 орчим хүн айлган сүрдүүлж, заналхийлэн 10 сая төгрөгийг нэр бүхий банкны дугаар тоот харилцах данс руу шилжүүлэн авсан гэх хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулж, иргэн “А”-ийн “Бусдыг эд хөрөнгө, эдийн, эдийн бус хөрөнгийн эрхээ шилжүүлэн өгөхийг шаардаж хүч хэрэглэхээр заналхийлсэн” үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан, хэргийг энэ оны 10 дугаар сарын 10-ны өдөр шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлсэн.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top