"One Direction" хамтлагийн гишүүн асан Лиам Пэйн 31 насандаа таалал төгсжээ.
Орон нутгийн цагаар лхагва гарагт Их Британийн дуучин, ая зохиогч Лиам Пэйн Аргентины Буэнос-Айрес дахь CasaSur Palmero зочид буудлын гурван давхар дахь өрөөнөөсөө унаж амиа алдсан тухай Associated Press агентлагаас мэдээлсэн байна.
Цагдаа нар түүнийг өндрөөс унасны улмаас хүнд гэмтэл авч, газар дээрээ нас барсан хэмээн мэдэгдсэн бол Аюулгүй байдлын яамны хэвлэлийн төлөөлөгч түүнийг өрөөнийхөө тагтан дээрээс үсэрсэн гэжээ.
Эх сурвалжуудын мэдээлж буйгаар түүнийг хар тамхи хэтрүүлэн хэрэглэсэн үедээ ийнхүү өндрөөс үсэрсэн байж болзошгүй гэжээ. Учир нь тус буудлаас хар тамхи, эсвэл согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн эр эмх замбараагүй байдал үүсгэж байна гэх дуудлага мэдээлэл цагдаа нарт ирсэн байна.
Лиам Пэйний хувьд 2010 онд "One Direction" хамтлагийн гишүүнээр дебютээ хийсэн бөгөөд хамтлагт байхдаа хар тамхи болон согтууруулах ундаанд донтон тун ч хэцүү байдалд орсон тухайгаа 2021 онд өгсөн ярилцлагадаа "Тухайн үед надад үнэхээр хүнд байсан. Би ёроолгүй ангал руу унаж буй мэт санагддаг байсан. Гэхдээ ёроол нь хаана байгаа нь мэдэгдэхгүй. Амиа егүүтгэх бодол хүртэл орж ирдэг байсан. Энэ үнэхээр, бүр үнэхээр хүнд байсан. Би өөрийгөө ямар байдалд байгааг ойлгох хүртлээ өөрийгөө засах ёстой гэдгээ ойлгоогүй" хэмээж байжээ.
Талийгаач 2016 оноос эхлэн дуучин Шерил Коултай болзож эхэлсэн ба 2017 онд Bear хэмээх нэг хүүтэй болсон ч 2018 онд хоёр тийш болсноо зарласан байна.
Сэтгэгдэл ( 0 )