“Шинэ хоршоо хөдөлгөөний салбар дундын уялдааг хангах үндэсний хороо” энэ долоо хоногт анхдугаар хуралдаанаа хийлээ. Хуралдаанаар “Шинэ хоршоо хөдөлгөөн”-ийг эрчимжүүлэх хүрээнд үйл ажиллагааны үндсэн чиглэл, Үндэсний хорооны 2024 оны төлөвлөгөөний төслийн танилцуулга, Хоршооны гишүүн малчны зээлийн явц, зээлийн эргэн төлөлтийн мэдээлэл, Шинэ хоршоо хөдөлгөөний салбар дундын уялдааг хангах Үндэсний хорооны тогтоолын төслийг тус тус хэлэлцлээ.
“Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнөж эхэлснээс хойш зургаан сарын хугацаанд 6599 шинэ хоршоо байгуулагдаж, 68.500 малчин хоршоонд гишүүнээр элссэн байна. Мөн нийт 556 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зээлийг 16.319 малчин хоршоологчдод олгожээ. Түүнчлэн 2024 оны наймдугаар сард арилжааны банкууд, оролцогч талууд санхүүжилтийн ерөнхий гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулснаар дахин 500 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын эх үүсвэр хоршоологчдод олгох боломж бүрдсэн. Өнөөдрийн байдлаар зээл олголтын явц хэвийн явагдаж байгааг Монголбанкны холбогдох албан тушаалтан хэллээ. Мөн Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан хоршоодыг зээлээ зориулалтын дагуу ашиглаж чадаж байгаа эсэх дээр анхаарч ажиллахыг холбогдох албаныханд үүрэг болгов.
“Шинэ хоршоо хөдөлгөөн” тогтвортой үргэлжилсэнээр мал аж ахуйн салбарыг уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллөөс хамгаалах, гэнэтийн гамшиг ослын үеийн эрсдэлийг бууруулах, малчин өрхийн амьжиргааг дэмжих, орлогыг нэмэгдүүлэх, мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний мөнгөн урсгалыг тогтмолжуулах, хүнсний аюулгүй байдал, тогтвортой нийлүүлэлтийг бий болгох, хоршоологч, үйлдвэрлэгчийн түншлэлийг дэмжиж, жижиг, дунд үйлдвэрлэлийг тогтвортой хөгжүүлэх, хөдөөгийн сэргэлтийг бодит ажил болгох зэрэг ач холбогдолтой. Мөн энэхүү хөдөлгөөний хамгийн чухал тал нь малчин айл өрхөд очих санхүүгийн боломж, үр ашгаас гадна, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй байгалийн гамшиг, аливаа эрсдэлийг хамтын хүчээр буюу хөдөлмөр, хөрөнгөө хорших замаар даван туулж, урьдчилан сэргийлж, үндэстнээрээ сөрөн тэсвэрлэх чадвартай байх, уламжлалт мал аж ахуй, соёлын давтагдашгүй үнэт байдал, онцлогоо хадгалж үлдэх гэсэн том агуулга, чухал зорилгыг багтааж байгааг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан онцоллоо.
Сэтгэгдэл ( 0 )