Өмнөговь аймгийн Засаг даргаар Н.Энхбатыг сонголоо

З.Тэмлүүн | Zindaa.mn
2024 оны 10 сарын 25

Өмнөговь аймгийн 2024-2028 оны Иргэдийн төлөөлөгчдийн хурал (ИТХ)-ын анхдугаар хуралдаан өчигдөр (2024.10.24) 100 хувийн ирцтэйгээр хуралдлаа. 

Анхдугаар хуралдааныг насаар хамгийн ахмад төлөөлөгч болох Өмнөговь аймгийн ИТХ-ын сонгуулийн 11 дүгээр тойрог, Ханхонгор сумаас сонгогдсон төлөөлөгч Б.Түвшинбаяр даргалан явуулав. 

Хурлын үр дүнд Өмнөговь аймгийн ИТХ-ын даргаар О.Эрдэнэ-Өрнөх 88.5 хувийн саналаар сонгогдлоо. 

О.Эрдэнэ-Өрнөх нь 1982 онд Өмнөговь аймагт төрсөн. Эдийн засагч мэргэжилтэй. МУИС-ийн Эдийн засгийн сургуулийг Эдийн засгийн онолын магистр, Английн Засгийн газрын тэтгэлгээр Йоркийн их сургуулийг Эдийн засгийн ухааны магистраар тус, тус төгсөж, эрдмийн зэрэг хамгаалсан. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Дональд Рамсфелдийн нэрэмжит тэтгэлгээр тус улсад суралцсан. 2021-2023 онд Өмнөговь аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлстийн даргаар ажиллаж байжээ. 

ИТХ-ын анхдугаар хуралдаанаар мөн Өмнөговь аймгийн Засаг даргаар Насанбуянгийн Энхбатыг төлөөлөгчдийн олонхын саналаар сонгож, Монгол Улсын Ерөнхий сайдад уламжлахаар боллоо.

Н.Энхбат нь 1985 онд Өмнөговь аймагт төрсөн. Эдийн засагч мэргэжилтэй. ХААИС-ийг Эдийн засаг, бизнесийн менежмент мэргэжлээр төгсөж, дараа нь Бизнесийн удирдлагын магистрын зэрэг хамгаалсан. 2013-2014 онд Удирдлагын академийг Төрийн удирдлагын менежмент мэргэжлээр төгссөн. 2014-2015 онд Англи улсын Оксфордод хэлний бэлтгэлд суралцан, Англи хэлний мэдлэгээ дээшлүүлсэн. 2018 онд Солонгос улсын Сөүл хотод Күүкмин Улс төрийн сургуульд Төрийн удирдлагын менежментээр мэргэжил дээшлүүлжээ. 2020-2023 онд Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч, 2023 оноос одоог хүртэл Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга, 2012 оноос Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр 4 дэх удаагаа сонгогдон ажиллаж байгаа түүнд ийнхүү итгэл хүлээлгэн, Өмнөговь аймгийн Засаг даргад олонхын саналаар дэмжлээ.
 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Г. Шижиртуяа (139.5.219.134) 2024 оны 11 сарын 01

Нутгаа гэсэн сэтгэлтэй, өөрөөсөө давж бусдад тусладаг, өвдөж зовсон олонд тусладаг тусч энэрэнгүй удирдагч даа. Өмнөговь аймгаа удирдаад төрийн бодлого шийдвэрийг хууль эрх зүйн орчинд хэрэгжүүлээд хариуцлагатай ажиллаж чадах чадвартай зөв Монгол хүн дээ. Амжилт

1  |  0
Г. Шижиртуяа(139.5.219.134) 2024 оны 11 сарын 01

Нутгаа гэсэн сэтгэлтэй, өөрөөсөө давж бусдад тусладаг, өвдөж зовсон олонд тусладаг тусч энэрэнгүй удирдагч даа. Өмнөговь аймгаа удирдаад төрийн бодлого шийдвэрийг хууль эрх зүйн орчинд хэрэгжүүлээд хариуцлагатай ажиллаж чадах ёадвартай зөв Монгол хүн дээ. Амжилт хүсье.

1  |  0
Top