ҮХНӨ шинэ агаар оруулсан нь Засгийн газрын үйл ажиллагаанаас харагдаж байна

2024 оны 11 сарын 13

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт нь тогтолцоонд өөр агаар оруулсан нь шинэ парламент, Засгийн газар бүрдсэн цагаас хойш илтэд мэдрэгдэх болов.

МАН-аас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй залуус тогтолцооны өөрчлөлтийг эртнээс хүсэж байсан. Тиймээс наяад оны залуусын энэхүү хүсэл биеллээ олж, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг барьж авсан нь бугшсан гаж тогтолцоог засахад нэгээхэн алхам болж байна гэдгийг судлаачид дурдаж байгаа нь санамсаргүй хэрэг биш. Шинэ парламент бүрдээд таван сар шахам болоход намаар талцах, хурал хуй хаях, нэгнээ шантаажлах зүйл харагдсангүй. Хамгийн сүүлийн жишээ гэхэд айсуй 2025 оны төсвийг батлах үеэр ихээхэн хэл ам гарч байсан ч 126 гишүүн эргэн тодотгох болзолтойгоор төсвөө нэгэн саналын дор боочихлоо.

Уг нь энэ парламентад түүхэндээ хамгийн олон намын төлөөлөл болсон 126 гишүүн орж ирсэн. Үүгээрээ бол төсөв боох нь бүү хэл тарахдаа тулж байх учиртай. Гэтэл эрх зүйн орчинд нь шинэ агаар орсон учраас нэгэн зүгт харж чадаж байгааг харуулж байгаа хэрэг. Парламентын ардчилал, олон намын төлөөлөл, УИХ-ын 126 гишүүн бол Л.Оюун-Эрдэнэ сайдын хүсэл зорилго байсан. Түүндээ ч хүрч чадсан нь нэгэн том алхам. Мэдээж хэрэг, шинэ тутам зүйлд дасаж дадах, учраа олох гээд асуудлууд бий. Үүнийг нэг дор нь цаг хугацааны хувьд давчуу орон зайд засах боломжгүй. Нэгэнт Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр тогтолцоонд нь өөрчлөлт оруулчихсан учраас аажимдаа гольдиролдоо орж таарна. Үүний нөгөө талд хариуцлагын тогтолцоог чангатгаж, авлига, албан тушаалын хэргүүдээ цэгцлэх юм бол ирээдүйд гэрэл гэгээ асахад бэлэн болжээ. 
 


Нөгөө талаас Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт олон намын төлөөлөл байгаа ч том эрх ашгийн төлөө нэгэн зүгт харж чадаж байгаа нь ч үүний нэг тод жишээ юм. 

Ер нь бол Үндсэн хууль, сонгуулийн хуулийн нэмэлт, өөрчлөлт нь Монгол Улсыг нэгдсэн бодлогоор эрүүл хөгжүүлэх ганцхан зорилготой байсан. Үүнийхээ ч төлөө явж байна. Төсвийн хөрөнгө оруулалтыг жижиг тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүд аймаг, сум бүр рүү тасдан, зарцуулж, ялих шалихгүй зүйлд зарцуулахыг зогсоохыг зорьсон нь ч нүдээ олсон зүйл. Ямартай ч жалга довоор нэг тарсан бодлого, төсөв хөрөнгө нэгэн томоохон хүчин зүйлд чиглэж байгааг Засгийн газрын өнөөдрийн үйл ажиллагаанаас харж болно.

Тиймдээ ч Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр тойрог бус, улс орны эрх ашиг чухал гэдгийг үндэслэн сонгуулийн тогтолцоогоо шинэчилсэн. Шинэчилсэн тогтолцооны дагуу бүрдсэн парламентад нэг нам дангаараа Засгийн газраа байгуулах боломжтой байсан ч намын бус улс орны эрх ашиг, эв нэгдэл чухал гэж үзсэнээр хамтарсан Засгийн газар байгуулсан. Нэгнээ шүүмжилж, хийж буй ажилд нь чөдөр тушаа болох бус хамтдаа хийх, хамтдаа зүтгэх боломжтой болсон нь харагдана. Өнөөдрийн үйл ажиллагаанаас харахад яах аргагүй нэгэн зүгт харж байгаа нь тогтолцоонд салхи орсных биз ээ.

Анхнаасаа ч Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт хамтарсан намууд “Хурдтай хөгжлийн төлөөх зориг” хэмээх гэрээ байгуулан, түүнийхээ дагуу ажиллаж байна. Тиймээс Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг УИХ-аар батлуулсан юм. Ингэхдээ Засгийн газар ирэх дөрвөн жилд 14 мега төслийг хэрэгжүүлэхээр зорьж байгаагаа олон нийтэд танилцуулсан. Энэхүү 14 төсөл рүү жалга довоор тарж байсан төсөв хөрөнгө орохоор босох магадлал өндөр болно.

УИХ-ын гишүүд дахин сонгогдохын төлөө тойрог бүрдээ Соёл, спортын төв, богино зайд зам, талбай засварлах зэрэг жижиг хөрөнгө оруулалт хийх бус хамтдаа улсын хэмжээний томоохон төслүүдэд төсвийн хөрөнгийг зарцуулж, нэг цонхоор гадаад бодлого хэрэгжүүлж, хөрөнгө оруулалт татах нь зүйтэй гэж үзсэн.

С.Данзан

 

 

 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Э.Мандхай /Аудитор/(103.14.39.50) 2024 оны 11 сарын 13

@Төр нэртэй хулгайч л hutsaa chi dunguj sayhan shineer burdsen parliamentees yu huseed bgaa yum.

0  |  0
Төр нэртэй хулгайч л(220.255.95.64) 2024 оны 11 сарын 13

Төрийн нэх барьсан ,хулгай лээрэмийэ төсөв.ХУВИЙН КОМПАНИУД УЛАМ ИХ ДАМПУУРЖ, САЙД ДАРГА НЬ АХ ДҮҮ ХАМААТАН САДАНГААРАА ХАМТ АЙМШИГТАЙ БАЯЖИЖ, БШХ САЙТ,ХЭВОЭЛИЙГ ХУДАЛДӨЖ АВААД,ЯМАРЧ ШАЛГАЛТ ХЯНАЛТГҮЙ ХУЛГАЙ ДЭЭРЭМ ХИЙЖ 8 ЖИЛ БОЛСОН. НЭГ ҮЙЛДВЭР,ЦС БАЙХГҮЙ ШҮҮ.ХИЙСЭН БҮТЭЭСЭН ЮУ Ч БАЙХГҮЙ....АВИЛГАЛ УЛАМ ИХЭСЭЭР Л.НӨГӨӨ ЗӨВШӨӨРӨЛ ЛИЦИНЗ УЛАМ НЭМЭГДСЭЭР. ТАТВАР ,БАНКНЫ ХҮҮ УЛАМНЭМЭГДСЭЭР, ХЭДХЭН БАЯН ХҮМҮҮС ААРХААД ...УЛАМ САГСУУРААД...СӨРӨГ ХҮЧИН, ЧӨЛӨӨТ ХЭВЛЭЛ БАРӨГ УСЧИХСАН ШҮҮ....ШОРОН ШОРОН...

0  |  0
Top