Эмгэнэл | Ш.Чанцалдорж

Админ | Zindaa.mn
14 цагийн өмнө

Архангай аймгийн Жаргалант сумын уугуул Шагдар овогтой Чанцалдорж нь 2024 оны арванхоёрдугаар сарын 11-ний өдөр бурхны оронд заларч, бид бүхэнд нөхөж баршгүй хүнд гарз  тохиолоо.

Ш.Чанцалдорж нь 1955 оны 04 дүгээр сарын 25-ний өдөр Архангай аймгийн Жаргалант суманд айлын 3 дахь хүү болон төрсөн. 1964-1972 онд Жаргалант сумын бага дунд сургуулыг төгсөж, 1972-1975 онд Алтанбулаг сумын техникомын малын бага эмч мэргэжлээр, 1975-1978 онд Эрдэнэт хотын барилгын цэргийн ангид бага түрүүч цолтой 3 жилийн цэргийн албыг хаасан, 1984 онд Холбооний бүгд найрамдах Герман улсад мэргэжил дээшлүүлэх сургалт амжилттай суралцаж төгссөн.

Тэрээр 1978 онд Улаанбаатар хотын “МАХ ИМПЕКС” ХК-нд малын бага эмчээр ажил хөдөлмөрын гараагаа эхэлсэн бөгөөд 2018 он хүртэл нийт 40 жил үр бүтээлтэй ажиллаж 30 гаруй залуу боловсон хүчинд өөрийн мэдлэг чадвараа зааж сургаж идэвхи санаачлагатай ажиллаж ирсэн байгууллагын тэргүүний ажилтан байлаа.

Талийгаачийн хөдөлмөр зүтгэлийг үнэлж Төрийн дээд шагнал Алтангадас одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, Хүнсний тэргүүний ажилтан, 4,5,6 дугаар 5 жилийн гавшгайч, Засгийн газрын жуух бичиг, Сум орон нутаг, байгууллагын 60,70,80,90,100 жилийн ойн медаль зэрэг гавьяа шагналыг хүртсэн юм.

Түүний хөдөлмөр ажилсаг, хүнлэг тусч өгөөмөр хүний сайхан чанар бүхнийг шингээсэн эгэл даруу гэгээн төрх бид бүхний сэтгэл зүрхэнд үүрд мөнхөд дурсагдан үлдэх болно. Талийгаачийн гэр бүл үр хүүхэд, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top