ОЛОН ӨНГӨ I Мөрөөдлөө бэхэл

Ядуу хүн гэж ямар ч мөнгөгүй хүнийг хэлэхгүй. Явдлаа цэгцлээгүй, ямагт сөрөг мэдрэмжтэй, cөрж ёворcон хүнийг хэлнэ. Мөнгө хөрөнгөгүй байж болно. Мөрөөдөлгүй амьдарна гэж байхгүй. Мөчөөгөө өгөхгүй, мөнх тэнгэрийн оноолтоор яваа хүн бол мөчид амьдардаггүй. Ямагт мөрөөдлөө бэхэл. Мөрөөдөл бол хүч, эрчим. Бүхнийг бүтэхгүй ээ хэмээн бүү харлуул, бүү яндуул. Болох талаас нь хар, бүтэх талаас нь бэхэл. Бусдыг дууриаж бүү онголз. Зөнгөө сэрээ зүсээ гоод. Зүгээ ол.

Яльгүй урагш алхвал ядрахгүй, зүдрэхгүй амьдарна. Хөдөлбөл хөлс, явбал ямбанд хүрнэ. Төр засгаа хараахаас өмнө төрсөн биеэ цэгнэ. Түмэн олон талцаж байвал төв сайхан суу. Бусдын буруу байвч бувтнаж уцаарлалгүй хүн бүр дор дороо хичээвэл хүчээ бэхэлж хөнжлөө олно. Хүмүүс хөөрөлдөн цэнгэж байхад хүнд хэрэгтэйг хийгээд явахад хөлчүүчүүдээс хол тасарна. Хэм тэгээ гээхгүй хэтээ хараад явахад хүн хүчтэй болдог.

Харц мэт хөдөлмөрлөж хаан мэт амьдрагтун. Хэнээс ч хараат бүү амьдар. Хүнд дараа, гай бүү бологтун. Өөртөө л найд. Өөр тусламж үгүй. Өгөгдлөө таньсан бол өр зөөлөн амьдар, өвчигнөж цовхрох хэрэггүй. Өштөнөө ч өршөөж тул. Өнчинд тэтгэлэгтэй бай. Өрөөлд өчиггүй, өр нэхэлгүй тусалж яв. 

Н.Дуламсүрэн

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top