Өнгөрч буй онд дэлхий нийтийн анхаарал татсан үйл явдлууд
Бүр 2023 оны дундаас дэлхий нийтийн анхаарлыг татсан АНУ-ын Ерөнхийлөгчийн 47 дахь удаагийн сонгууль өнгөрөгч арваннэгдүгээр сарын 6-нд өндөрлөж, 2016-2020 онд тус улсын төрийг тэргүүлж байсан, Бүгд Найрамдах намаас нэр дэвшигч, 78 настай тэрбумтан Дональд Трамп ялагчаар тодорлоо. Энэ удаагийн сонгуульд БНН-аас Дональд Трамп, Ардчилсан намаас Нэгдсэн улсын одоогийн дэд Ерөнхийлөгч хатагтай Камала Харрис нар нэр дэвшин өрсөлдсөн билээ. Д.Трамп 2020-2024 онд завсарлаад хоёр дахь удаагаа АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдож буй нь энэ юм. Тэрбээр Нэгдсэн улсын 45 дахь Ерөнхийлөгчөөр ажиллахаар ирэх 2025 оны нэгдүгээр сарын 20-нд тангараг өргөнө. Д.Трамп сонгуулийн дараах анхны гадаад айлчлалаа Францад хийж Парисын Нотр-Дамын сүмийг сэргээн нээх ёслолд оролцсон билээ.
Ирэх 2025 оны улсын төсвийн төслийг Үндэсний Ассамблейгаар хэлэлцсэн дүнгээс шалтгаалан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёль 2024 оны арванхоёрдугаар сарын 3-ны мягмар гаргийн үдэш 22 цаг 25 минутад улс орондоо Онц байдал зарлаж, сөрөг хүчнийг Төрийн эсрэг үйл ажиллагаа явуулан бослого гаргахаар төлөвлөж Засгийн газрын үйл ажиллагаанд саад учруулж буй Хойд Солонгосын талыг баримтлагчид хэмээн буруутгав. Мөн үдшийн 23:00 цагт Үндэсний ассамблейн дарга Woo Won Shik хууль тогтоох байгууллагын бүх гишүүнийг нэгдсэн хуралдаанд нэн даруй ирэхийг уриалав. Онц байдал зарласан Ерөнхийлөгчийн тушаал авсан цэргийнхэн гишүүдийг хуралдуулахгүй гэж төв байрны цонхыг хагалж, байр руу нэвтрэхийг оролдсон боловч 00:40 цагт гишүүд хуралдаж, Онц байдлыг цуцлах тухай Үндэсний ассамблейн тогтоол гаргасан бөгөөд 300 гишүүнээс хүрэлцэн ирсэн 190 гишүүн бүгд Ерөнхийлөгчийг эсэргүүцсэн санал өгсөн юм. Үүний үр дүнд Ерөнхийлөгч Юн Сок Ёль хуулийн дагуу үүрийн 04:27 цагт Онц байдал цуцлах тогтоол гаргав. Онц байдал зарлахыг Ерөнхийлөгчид Үндэсний Батлан хамгаалахын сайд Ким Ён Хён санал болгосон гэх бөгөөд тэрбээр Япон руу зугтахыг завдсан ч барьж хилийн хориг тавьж хорьсны дараа амиа хорлохыг завджээ. Үндэсний ассамблейн дараагийн хурлаар гишүүдийн олонхийн саналаар Ерөнхийлөгчид импичмент тооцох ёстой гэсэн шийдвэр гарч, иргэд ч Ерөнхийлөгчийн шийдвэрийг эсэргүүцэн жагссан юм.
БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёль-ийн импичментийн шүүх хурал арванхоёрдугаар сарын 27-ны 14:00 цагт эхлэх бөгөөд Үндсэн хуулийн шүүх 180 хүртэлх хоногийн дотор эцсийн шийдвэрээ гаргах ёстой. Өдгөө тус улсын Ерөнхий сайд Хан Док Су Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэж байна.
Өнгөрсөн арваннэгдүгээр сарын 27-нд Сирийн сөрөг хүчний зэвсэгт бүлэглэлийн дайчид Алеппо, Идлиб мужуудад Засгийн газрын дэглэмийг эсэргүүцэн өргөн хүрээтэй довтолгоо эхлүүлэв. Нөхцөл байдал хурцдаж арванхоёрдугаар сарын 7-ны орой босогчид Алеппо, Дейр-эз-Зор, Дераа, Хомс зэрэг хэд хэдэн томоохон хотыг эзлэн авсан бөгөөд 8-ны ням гаргийн өглөө Дамаскт нэвтэрч, армийн анги нэгтгэлүүд нийслэлээс гарч, Ерөнхийлөгч Башар аль-Ассад гэр бүлийн хамт үл мэдэгдэх зүгт ниссэн билээ. Тэрбээр ОХУ-д ирсэн нь сүүлд мэдэгдсэн юм. Башар аль-Ассадын гэр бүл Москва хотод 40 сая ам.долларын өртөг бүхий 20 байртай гэх мэдээлэл бий. Сирийн босогчид нийслэлд нэвтэрсний дараа Ерөнхийлөгчийнхөө хөшөө дурсгалыг буулгаж, эцгийнх нь бунхныг сүйтгэн шатаасан юм. Башарын эцэг нь 1971-2000 онд тус улсыг удирдаж агсан өмнөх Ерөнхийлөгч Хафез аль-Ассад билээ.
Үндсэндээ 10 жил үргэлжилж буй энэ дайн 2024 онд ч даамжрав. Түүх сөхвөл, 2013-2014 онд болсон Украины Евромайдан эсэргүүцлийн хөдөлгөөний төгсгөл буюу Майдан хувьсгалаар Украины Ерөнхийлөгч, Засгийн газрыг огцруулжээ. 2014 оноос найман жилийн турш хэд хэдэн сөргөлдөөн гарч улс төрийн хувьд хурцадмал байдал үүссэний дараа 2021 оноос Украины хил дагуу Оросын тал цэрэг зэвсэг бөөгнөрүүлж, 2022 оны хоёрдугаар сарын 24-нөөс Оросын зэвсэгт хүчин Украин руу довтолсон нь өдгөө хоёр жил, арван сарын турш өргөжин үргэлжилж байна. Сүүлийн үед ОХУ-ын тал “Орешник” хэмээх дунд тусгалын хэт авиан баллистик пуужингаар Украины цэргийн байгууламжуудад цохилт өгч эхлэв. Үүнийг Киевын тал Украинтай хиллэдэг Оросын Курск муж руу Британийн “Storm Shadow” далавчит пуужингаар харвасан, мөн АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены зөвшөөрлөөр “ATACMS” пуужинг Оросын нутаг дэвсгэрийн гүнд цохилт өгөхөд ашигласны хариу гэж мэдэгдээд байгаа юм.
Францын Парис хотноо болсон Зуны Олимпын XXXIII наадам энэ оны онцлох үйл явдлын нэг яах аргагүй мөн. Түүхэнд анх удаа тус олимпын нээлтийг цэнгэлдэх хүрээлэнд бус Сена мөрний эрэг дагуу зохион байгуулав. Сена мөрнөөр 85 хөлөг онгоцны цуваагаар 6800 тамирчин эх орноо төлөөлөн зургаан км усан замаар жагсан орж ирсний сацуу дөрвөн цаг үргэлжилсэн нээлтийн үеэр урлаг, спортын гайхамшигтай үзүүлбэрүүдийг харуулсан юм. Олимпын наадмын нээлтэд дэлхийн 120 орны Ерөнхийлөгч, Ерөнхий сайд оролцсон нь дээд амжилт болжээ. Парисын Олимп нь эрэгтэй, эмэгтэй тамирчдын тоо тэнцүү, хүйсийн тэгш байдлыг бүрэн хангасан түүхэн дэх анхны олимп болов. Мөн АНУ, БНХАУ тус бүр 40 алтан медалийн эзэн болсон нь хамгийн өндөр амжилт үзүүлсэн хоёр улс алтан медалийн тоогоор тэнцсэн анхны тохиолдол юм.
6. БИТКОЙНЫ ХАНШ ДЭЭД АМЖИЛТ ТОГТООЛОО
АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Дональд Трамп ялалт байгуулснаас хойш криптовалютын ханш 50 гаруй хувиар өсөв. Тэр дундаа биткойны ханш шинэ дээд амжилт тогтоогоод байна. Дэлхийн хамгийн том криптовалютын ханш богино хугацаанд 106 мянган ам.доллар давжээ. Д.Трамп саяхан хийсэн мэдэгдэлдээ “Газрын тосны стратегийн нөөцийн нэгэн адил дижитал мөнгөн тэмдэгтийн үндэсний нөөцийг бий болгох талаар бодож байна” гэжээ.
Цахиурын хөндийн бизнес эрхлэгч Дэвид Саксыг хиймэл оюун ухаан болон криптовалютын хаан гэж Дональд Трамп нэрлээд байна. Д.Сакс нь “PayPal”-ын гүйцэтгэх захирал байсан юм. Тэрбээр мөн Д.Трампын зөвлөх, мега донор Элон Маскийн дотны анд ажээ.
Илон Маскийн үүсгэн байгуулсан “Neuralink” компани түүхэнд анх удаа хүний тархинд чип суулгав. Америкийн бизнес эрхлэгч Илон Маскийн нейротехнологийн “Neuralink” компанийн мэргэжилтнүүд нэгдүгээр сарын 28-ны өдөр анх удаа хүний тархинд чип суулгах мэс ажилбарыг амжилттай гүйцэтгэлээ.
“Telepathy” гэж нэрлэсэн “Neuralink”-ийн анхны бүтээгдэхүүн болох уг суулгац нь гар утас, компьютерыг бодлоороо удирдах боломж олгох юм. Мэдрэлийн интерфэйс нь алс ирээдүйд хүнийг хиймэл оюун ухааныг эсэргүүцэх чадвартай киборг болгох боломжтой хийгээд бодлын хүчээ ашиглан компьютерыг шууд удирдахад хүмүүст туслах ажээ. “Neuralink” компанийн чипийг тархиндаа суулгуулсан тархины гэмтэлтэй анхны өвчтөн бодлын хүчээр шатар тоглож буйгаа харуулсан юм.
Америкийн физикчид анх удаа харилцаа холбооны ердийн шилэн кабелиар энгийн өгөгдөл дамжуулах үедээ 30 км-ийн зайд квант телепортац буюу агшин зуурын шилжилт хийж чаджээ. Энэхүү нээлт нь одоо байгаа интернэтийн шугамыг квант телепортац хийхэд ашиглах боломж олгох аж. Квант телепортац нь бичил ертөнцийн бөөмс квантын түвшинд нэвтэрсэн бол ямар ч зайд эгшин зуур мэдээлэл солилцох физик үзэгдэл ажээ.
Дэлхийн нүүрсний эрэлт энэ онд түүхэн дээд хэмжээнд хүрч БНХАУ, Энэтхэг улсууд гол хэрэглэгч болсон талаар Олон улсын эрчим хүчний агентлагийн тайланд дурджээ. Дэлхий даяар нүүрсний эрэлт 2024 онд нэг хувиар өсөж, хамгийн дээд үзүүлэлт буюу 8.77 тэрбум тоннд хүрэх төлөвтэй байгаа аж.
Энэ онд дэлхийн нүүрсний олборлолт ч хамгийн өндөр хэмжээнд хүрч, анх удаа есөн тэрбум тонныг давах төлөвтэй гарчээ. БНХАУ, Энэтхэг, Индонез улсууд хамгийн том олборлогч байж нүүрсний худалдааны хэмжээ 2017-2019 оны дундаж түвшнээс 50 хувиар давсан буюу 1.55 тэрбум тоннд хүрч дээд үзүүлэлтэд хүрнэ гэж шинжээчид таамагласан байна.
Италийн уран бүтээлч Мауризио Каттеланы “Комедиан” нэртэй бүтээл өнгөрөгч арваннэгдүгээр сарын 20-нд Нью-Йорк хотод байрлах “Sotheby’s” компанийн явуулсан дуудлага худалдаагаар 6.2 сая ам.доллароор зарагдлаа. Хананд скочоор наасан ердийн гадилыг тийм үнээр Хятад криптовалютын бизнес эрхлэгч Жастин Сун худалдан авчээ. Үүгээрээ уг гадил түүхэн дэх хамгийн супер үнэ бүхий “жимс” болоод байгаа юм.
Тус бүтээлийг худалдсан үнэ төсөөллөөс дөрөв дахин их байсан аж. Мауризио Каттелан тэрхүү бүтээлээ 2019 онд Майами хотод байрладаг Art Basel галерейд анх танилцуулсан бөгөөд “Комедиан”-ы өөр гурван хувилбарыг120-150 мянган ам.доллароор борлуулж байжээ. Каттелан тус бүтээлээ олон нийтэд танилцуулснаас хойш интернэтэд “Урлаг гэж чухам юу вэ” сэдвийн дор мэтгэлцээн өрнөсөн юм.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )