ОНЫ ТОЙМ 2024 | НИЙГЭМ | Дүнжингаравын осол, дүнсгэр утаан дундах Улаанбаатар

2024 оны 12 сарын 29

 

Мэдээллийн ZINDAA.MN сайт өнгөрч байгаа 2024 оны онцлох үйл явдал, тодотгох сэдвүүдийг салбар тус бүрээр тоймлон хүргэж байна. Бид нийгэмийн салбарын "ОНЦЛОХ ДӨРВӨН ҮЙЛ ЯВДАЛ"-аар дараах үйл явдлуудыг нэрлэлээ.

 

-ХИЙ ТЭЭВЭРЛЭЖ ЯВСАН АВТОМАШИН ДЭЛБЭРЧ 7 ХҮН АМИА АЛДАВ-

Энэ оны нэгдүгээр сард Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Дүнжингарав худалдааны төвийн урд хий тээвэрлэж явсан том оврын машин дэлбэрч их хэмжээний хохирол учирсан билээ. 

Галын улмаас онцгой байдлын газрын 3 албан хаагч, явган болон автомашинаар зорчиж явсан 4 иргэн нас барж, 9 хүн хөнгөн, хүнд гэмтэж, 26 иргэнд угаарын хийн хөнгөн зэргийн хордлогын шинж илэрсэн бол 36 тээврийн хэрэгсэл, 4 барилга байгууламж шатаж, 228 иргэн, 15 аж ахуйн нэгж байгууллагын эд хөрөнгөд хохирол учирсан. 

Хий тээвэрлэж явсан автомашин шатсаны улмаас дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрны ашиглалтыг хориглож, дүгнэлтийг НХШГ-ын улсын байцаагчид гаргасан. Дүгнэлтэд үндэслээд нийслэлийн Засаг даргын 2024 оны арванхоёрдугаар сарын 2-ны өдрийн захирамж гарсан. Уг захирамжаар 207 дугаар байрыг буулгаж, шинээр барих асуудлыг шийдвэрлэжээ. 

Тус байранд амьдарч байсан оршин суугчдын төлөөлөлтэй арванхоёрдугаар сарын 2-нд уулзаж, захирамжийг албан ёсоор танилцуулжээ. Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс барилгыг буулгах зардал гарна. Цаашид осолтой холбоотой гэм буруутай асуудал тогтоогдвол гэм буруутай этгээдээр хохирлыг нөхөн төлүүлэх ажлыг зохион байгуулах бөгөөд барилгын ажил ирэх 2025 онд эхлэх тухай холбогдох албаныхан мэдээлжээ. 

Дэлбэрэлтэд өртсөн “Эду апарт” хотхоны 207 дугаар байрыг нураахад 2.4 тэрбум, шинээр барихад 12.3 тэрбум төгрөгийг урьдчилсан байдлаар төсөвлөөд байгаа юм. 

 

 

-"THE MONGOL KHAN" ДЭЛХИЙД ГАРАВ-

 

Олон улсад "The Mongol Khan" нэрээр тоглогогдож буй "Тамгагүй төр" жүжиг өнгөрсөн жилээс эхлэн Шекспирийн өлгий нутагт, дэлхийн шилдгүүдтэй эн зэрэгцэн, түүхэндээ анх удаа 40.000 үзэгчдийн хүртээл болжээ. 

Лондон хотноо тоглогдсон уг жүжгийн тухай дэлхийн шилдэг хэвлэлүүд бичиж, нийт 50 гаруй шүүмжлэгчдээс "дөрвөн од" үнэлгээ авчээ. Тус жүжгийн уран бүтээлчид энэ оны аравдугаар сард Ази тивийн аялан тоглолтоо Сингапур улсаас эхлүүлэн, жүжгээ амжилттай толилуулсан. Үүнээс өмнө Английн алдарт West End-ийн "Колизей" театрт тоглож байсан хувилбраа эх орныхоо үзэгчдэд толилуулсан билээ. 

Сингапурын соёлын тэргүүлэх компани Base Entertainment тус жүжгийг Сингапурт хамтран продюсерлаж, хөрөнгө оруулахаар тохиролцож, 3 дугаар сарын 19-нд талууд гэрээгээ албан ёсоор байгуулсан байна.  

Base Entertainment-ын гүйцэтгэх захирал Chantal Prud’homme “Бродвэйн түвшний чанартай Азийн шилдэг бүтээлийг Сингапурт авчрахыг бид удаан хугацаанд мөрөөдсөн. Өнгөрсөн 11 дүгээр сард Лондонгийн Колизумд энэхүү гайхалтай жүжгийг үзсэнийхээ дараа энэ бол бидний хайж байсан зүйл мөн гэдгийг шууд ойлгосон” гэжээ. 

Сингапурын Марина Бэй Сэндст дөрвөн долоо хоногийн турш тоглогдсон Азийн анхны жүжиг болсон "The Mongol Khan" сая сая жуулчдын мэлмийг баясган, олон улсад эх орноо сурталчлан, театрын хуудаснаа шинэ түүх бүтээлээ. Тус жүжгийн аялан тоглолтыг Ази, Европ, Арабын Булангийн орнуудад үргэлжлүүлэхээр продюсерийн баг ажиллаж байгаа ажээ. 

 

 

-ЭМИЙГ ЖОРООР БОЛОН ЖОРГҮЙ ОЛГОХ ЗОХИЦУУЛАЛТ ХИЙВ- 

Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай шинэчлэгдсэн хууль 2024 оны аравдугаар сарын 1-нээс эхлэн хэрэгжиж эхэлсэн. 

Монгол Улсад эмийг эмчийн жороор олгох хуулийн зохицуулалт 1998 оноос хойш мөрдөгдөж эхэлсэн бөгөөд эмийн бүртгэлд бүртгэгдсэн нийт 4110 эмээс 2800 гаруй эм жороор олгох, 100 орчим эм нь эмнэлгийн нөхцөлд хэрэглэх заалттай байдаг. Харин 1100 гаруй нь жоргүйгээр эмийн сангаас хэвийн олгогдож байгааг Эрүүл мэндийн яамнаас тайлбарлан, ирэгдийн дунд төөрөгдөл үүссэн асуудлыг шийдвэрлэв.

Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль шинэчлэгдэн батлагдсантай холбогдуулан жороор олгох эмийн талаар ямар нэгэн шинэ журам гараагүй бөгөөд хуульд заасны дагуу жороор олгох эмийг эмчийн бичсэн жороор эмийн сангаас олгоно гэдгийг мөн салбар яамны зүгээс мэдэгдсэн. 

Мөн ижил найрлага, бүтэц бүхий эмүүдийн зарим нь жортой олгогдож байсан асуудлыг шийдвэрлэсэн. Тухайлбал, 172 төрлийн эмийг Хүний эмийн зөвлөлөөр орж, хэлэлцүүлж бүгдийг нь жоргүй олгохоор болсон. Мөн түүнчлэн эрүүл мэндийн салбарын цахим жорын асуудал дээр зарим нэгэн хүндрэл учирч байсан. Тэгвэл цаашид иргэд эмнэлэгт очиж үзүүлэн, эмчээрээ цахим жор бичүүлж авах боломжтой болсон.

Улмаар иргэд өөрт ойрхон эмийн сангаасаа эмээ авах боломжтой болж байгаагийн сацуу Эрүүл мэндийн даатгалаар олгогддог хөнгөлөлттэй эмүүдийг л цахим жороор олгож байсан бол одоо бүх эмийг цахим жороор олгох боломж бүрдээд байна. 

 

 

-"АМЬСГАЛМААР БАЙНА" УТААНЫ ЭСРЭГ ЖАГСААЛ БОЛОВ"- 

 

Энэ сарын 5-ны өдөр иргэд Төв талбайд үзэл бодлоо илэрхийлж, "Амьсгалмаар байна" тайван жагсаалыг зохион байгууллаа. Уг жагсаал нь иргэн Ч.Ганжавхлангийн уриалгаар эхэлсэн бөгөөд утааны асуудлаар хэд хэдэн шаардлагыг УИХ-д хүргүүлжээ. 

Жагсаалын үеэр олон нийтийн өргөдөл гомдлын системд үүсгэсэн "Утааны сонсгол" хийх өргөдөлд нийт 70.000 гаруй гарын үсэг цугларч, ирэх оны хоёрдугаар сарын 3-4-ны өдрүүдэд "Утааны сонсгол" хийх тов зарлагдлаа. 

Байнгын хорооны хуралдаанаар санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн  78.6 хувь нь уг саналыг дэмжсэн байна.

Сонсгол зохион байгуулах ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн ахалж ажиллах бол ажлын хэсгийн гишүүдээр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Ж.Бат-Эрдэнэ, Х.Баасанжаргал, Ц.Баатархүү, П.Батчимэг, Б.Баярбаатар, Г.Ганбаатар, Л.Мөнхбаясгалан, М.Мандхай, З.Мэндсайхан, Д.Найдалаа, Дам.Цогтбаатар, С.Лүндэг, А.Ундраа, Б.Уянга, С.Эрдэнэболд, С.Замира, М.Ганхүлэг, Ж.Золжаргал, А.Ганбаатар нар томилогджээ. 

Сонсгол болохоос өмнө дөрвөн удаагийн дэд хэлэлцүүлэг зохион байгуулна. Хөндөх сэдэв их байгаа учраас ийнхүү дөрвөн дэд хэлэлцүүлэг зохион байгуулахаар болсон тухай Сонсгол зохион байгуулах ажлын хэсгийн ахлах УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн дурдлаа. 

Дэд хэлэлцүүлгийн эхний сэдэв утаа хүний амьд явах эрх, эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж буй тухай байх бөгөөд иргэдийн мэдэх эрхийг хангахын тулд нотолгоо, баримт дурдах аж. Хоёр дахь сэдэв утаа зуух, түлшний технологи, стандарт, хэр байгаа талаар мэдээлэх бол гуравдугаар дэд хэлэлцүүлгийн үеэр хяналт, хариуцлагын талаар хөндөж ярина. Дөрөвдүгээрт эрхзүйн орчин, бодлого шийдвэр, санхүүжилт, зарцуулалтын талаар олон нийтэд ил тод мэдээлнэ. 

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.9.41.51) 13 цагийн өмнө

Uvsiin hyrgas sumiin haryat gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch

0  |  0
Top