Мөсөнд авирагчид анх удаа "Дэлхийн цом"-ын 5 цувралд оролцох гэж байна

З.Тэмлүүн | Zindaa.mn
5 цагийн өмнө

Мөсөнд авиралтын "Дэлхийн цом"-ын аварга шалгаруулах цуврал тэмцээнүүдэд оролцох уулын спортын ууган мастер Я.Жанцангийн нэрэмжит “Сутайн бор” клубийн баг тамирчид БНСУ, Чонгсон хотыг зорин очжээ. 

Эх орноо, клубээ төлөөлөн ОУУХ (UIAA), мөсөнд авиралтын "Дэлхийн цом"-ын цуврал тэмцээнд оролцох багийн бүрэлдэхүүнд дараах тамирчид багтжээ. 

Мөсөнд авиралтын Ази тивийн аварга, Дэлхийн цомын аварга, ДАШТ-ий мөнгөн медаль, ОУХМ Н.Хэрлэн хурдны болон техникийн төрлүүдэд,

Мөсөнд авиралтын ДАШТ-ий V байрын шагналт, Спортын мастер О.Сайханжаргал​ хурдны төрөлд,

Мөсөнд авиралтын ДАШТ-ий хүрэл медальт, ОУХМ Н.Сэлэнгэ хурдны төрөлд тус тус өрсөлдөнө. 

Тамирчид маань Уулын спортын мастер Х.Нямдоо, Монголын хүндийг өргөлтийн Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч, Гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаяр нарын удирдлага дор бэлтгэл, сургуулилтаа базаасан байна. 

"Сутайн бор" клуб өөрийн 44 жилийн түүхэнд болон ОУУХ (UIAA)-ны Мөсөнд авиралтын тив, дэлхийн аваргад 2017 оноос эхлэн оролцсон цагаас  нэг оны бүтэн 5 цувралд эрэгтэй,эмэгтэй бүтэн баг тамирчдаа анх удаа илгээж байгаа нь энэ юм. 

Тамирчид 3 тивийн 5 улс дамжин, 25 орны 150 гаруй шилдэг тамирчидтай хурд хүч,авхаалж самбаа,арга техникээ уралдуулан, ирэх хоёр сарын турш өрсөлдөж, ачааны хүндийг үүрэх гэж байна. 
 


"Дэлхийн цом"-ын аварга шалгаруулах тэмцээнд оролцох хуваарь:
 

  • БНСУ, Чонгсон, : Нэгдүгээр сарын 10-12
  • Швейцарь, Саас-Фээ: Нэгдүгээр сарын 23-25
  • Франц, Шампэйн эн Вануаз: Нэгдүгээр сарын 31 – Хоёрдугаар сарын 2
  • АНУ, Лонгмонт: Хоёрдугаар сарын 21-23
  • Канад, Эдмонтон: Хоёрдугаар сарын 27 – Гуравдугаар сарын 1


“Сутайн бор” клубийн баг тамирчид "Дэлхийн цом"-ын тэмцээний өмнө мөсний бэлтгэлээ 16 хоногийн турш “Найрамдал” мөсөнд авиралтын хананд базаажээ. 

Баг тамирчидыг МҮОХ-ны гишүүн А.Батсүх, ОУУХ (UIAA)-ны Залуучуудын комиссын гишүүн О.Батсайхан, “Улаанбаатар Дулааны Сүлжээ” ТӨХК-ийн Мэдээлэл,технологийн хэлтсийн дарга, Уулын спортын мастер Н.Батсайхан нар тэмцээнд явахын өмнө хүлээн авч уулзан, гаргаж өглөө. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top