ОЛОН ӨНГӨ I Оймс элээсэн туршлага

Саяхан манай улсын ахмадын үндэсний чуулган болж өнгөрлөө. Энэ арга хэмжээнд миний бие оролцсон юм. Энд тэмдэглэхэд, нэгэн нөхөр ахмадаасаа суралцъя гэдгийг тайлбарлаж өгөөч гэхэд цаадах нь ахмадуудаас муу санаагий нь л авахгүй юм бол өөр юуг нь авах юм бэ гэсэн ёгт үг санаанд орж суув. Энд муу санаа гэдэг нь хүний мууг үзэх гэсэн атгаг санаа огтхон ч биш, гагцхүү амьдралын болж өнгөрсөн бодит үнэний баялаг туршлагыг авч хэрэглэхийг сануулж байгаа хэрэг шүү дээ.

Өндөр зохион байгуулалттай, утга агуулга гүнзгий арга хэмжээ болов. Шалдан тал дээр цэцэг ургадаггүй гэдэг шүү дээ. Гагцхүү цэцгийг тордож ургах нөхцлийг нь л бүрдүүлж байх ёстой юм. Өнгөрсөн үе бол “туйл”-ын үнэн шүү дээ. Өнгөрсөндөө л сайн дүгнэлт хийж гишгэсэн мөрөө эргэж харж чадаж байвал улсын хувьд ч, байгууллагын хувьд ч, хувь хүний хувьд ч урдах зам маань илүү алдаа мадаг багатай байх болно. Манай улс одоо эмч, сувилагч, багш гурваар цангаж байгаа юм байна. Ялангуяа хөдөө орон нутагт. Эрүүл мэнд, боловсролын салбарт ажилладаг сэхээтнүүд маань гадагшаа амьдрал хөөж олноороо явцгааж байна. Энэ ч бас аргагүй л юм. Ийм нөхцөлд нас нь яая ийе болоогүй туршлагатай ахмад хүмүүсийг дутуу орон тоон дээр авч ажиллуулах нь аль аль талдаа хэрэгтэй байлгүй яахав. Батлагдаад удаагүй байгаа Ахмадуудын тухай хуульд 60 хүрээд тэтгэвэрт гарахыг заавал албадахгүй юм байна. Энэ нь ч бас зөв бололтой.

Ер нь баруунд бол туршлага гэдэг юмыг чухалд авч үзэж байна шүү дээ. Тэр жил манай улсын нэгэн том дарга Алтангэрэл Төмөр замын соёлын ордонд болсон зөвлөгөөнд оролцоод тэгэхэд нь миний бие хурал дээр “Элж цоорсон оймсыг цойлдож өмсөх хэрэгтэй юм” гэж хэлснийг минь дарга өлгөж аваад одоо ба ирээдүйд их хэрэг болох санаа даа наадах чинь гэж хэлж байж билээ. Гэхдээ мэргэжлийн залуучууд эгнээгээрээ шил даран орж ирж байхад би тэтгэвэрт гарах болоогүй гээд суугаад байх нь бас л зохимж муутай. Ер нь бол залуу эрч хүч оймс элээсэн туршлага хоёрыг зөв хослуулж байх хэрэгтэй юм даа.

Р.Раш

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top