Швейцарийн Саас Фээд зохиогдож байгаа ОУУХ(UIAA)-ны Мөсөнд авиралтын Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн Хурдны төрөлд Говь-Алтай аймгийн Тонхил сум дахь Уулын спортын ууган мастер Я.Жанцангийн нэрэмжит "Сутайн бор"клубийн тамирчин, МУБИС-ийн Биеийн тамирын сургуулийн Спорт аялал жуулчлалын ангийн оюутан, ОУХМ Н.Сэлэнгээ түрүүлж, алтан медаль хүртлээ.
Монгол Улсаас Мөсөнд авиралтын Дэлхийн цомын аваргын алтөн медаль хүртсэн анхны эмэгтэй тамирчин, Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээний мөнгө, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл, Ази тивийн аварга хэмээх амжилтууд энэ цаг мөчөөс түүнийх болж байна.
Манай тамирчин супер хурд хүч, техниктэй аварга гэдгээ дэлхийн тавцанд ийн дахин илтгэн харууллаа.
Тэмцээний эрэгтэйчүүдийн хурдны төрөлд ОУХМ, Дэлхийн цомын аварга, ОУХМ Ч.Мандахбаяр мөнгөн медаль хүртсэн бол ОУХМ Н.Хэрлэн 7, Спортын мастер О.Сайханжаргал 27-р байр тус тус эзэллээ.
Баг тамирчдыг "Сутайн бор" клубийн Ерөнхий захирал бөгөөд дасгалжуулагч, Уулын спортын мастер Х.Нямдоо, Монгол Улсын Хүндийг өргөлтийн Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч, Гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаяр нар дасгалжуулжээ.
Сэтгэгдэл ( 1 )
Баяр хүргье. Амжилт...