Нанжин Хатгалын барааг нь хоё
Нарийн Жанхай, нарийн Жанхай хаагаад хоё...
Өргөн Хатгалын барааг нь хоё
Өндөр Жанхай, өндөр Жанхай хаагаад хоё...
Дархад ардын ийм нэг дуу бий. Одоо л жаахан сүр жавхаа муутай тосгон болчихсоноос биш Хатгал хот гэж цагтаа цалгисан, үйлдвэр аж ахуйн газрууд нүргэлсэн, бараа таваараар бялхсан усан тээврийн боомт, олон хөлийн газар байлаа.
Бүр ардын хувьсгалаас өмнө оросын худалдааны усан онгоц Хатгал, Туртын хооронд Хөвсгөл далайгаар аялдаг, орос холбооны газар, орос сургуультай худалдааны суурин байж, хаа холоос баруун аймгийн жинчид тэмээгээр гурил будаа, тамхи тариа, даавуу даалимба тээж нутагтаа аваачдаг байсан тухай хууччууд хөөрөлддөг байв. Өдгөөгөөс 92 жилийн тэртээ 1933 онд Хөвсгөл нуурын баруун эрэгт Аж үйлдвэрийн комбинатын нэгэн салбар Ноос угаах үйлдвэр үүдээ нээж, 24 цагаар цахилгаан гэрэл яралзуулан баруун аймгуудын хонины ноосыг техникийн хүчээр мяндас болтол угаан нэмүү өртөг шингээж усан тээврээр хойш гаргадаг болсон юм.
Дамжлага бааз мөн бод, богийн арьс шир, ангийн арьс үс ялган гаргана. Оронд нь хойд хөршөөс Сүхбаатар усан онгоц, түүний барж буюу чиргүүлүүдээр баруун аймгуудыг хангах бензин шатахуун, хүнс, бараа, бэлэн хувцас, тансаг үнэртэн гоо сайхны бараа, хүүхдийн тоглоом сэлтийг дэнхийтэл ачин дохиогоо дуугаргасаар ирнэ. Ноос угаах үйлдвэрийн яндан өглөө найм, өдөр 16, шөнийн 00 цагт яндангаа хангинуулан ээлж сольж, гурван ээлжээр 24 цаг ажиллана. Ингэж хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг анхан шатны боловсруулалт хийн гаргаж баруун аймгуудыг хангах бараа бүтээгдэхүүнээр солио хийдэг байлаа.
Бараа таваар, амттан шимттэн элбэг дэлбэг, өнгөлөг өргөн хот байсан учраас л дархад ардын дээрх дуу гарсан хэрэг. Гэм нь 1990 онд орвонгоороо эргэж, зуун хувь газрын хөрстэй тэгшрээд одоо л аялал жуулчлалын чиглэлээр хөлөө олох гэж яваа тосгон болоод буй билээ
Сэтгэгдэл ( 0 )