Илдэн бэйлийн хошууны "ГОЁ АЖАА” Цэрэндолгор

2025 оны 02 сарын 02

Халхын алдарт Цогт хунтайжийн хүү Заан тайж гэж байжээ. “Цогт тайж” кинон дээр гардаг Арслан тайж бол үнэн чанартаа Заан тайж юм. Заан тайжийн хүү Сутай нь Сайн ноён хан аймгийн Илдэн бэйлийн хошууны анхны засаг ноён юмсанж.

Сутайн үр удам Илдэн бэйлийн хошууны засаг ноёны суудлыг үе улиран эзэгнэж ирсэн байх бөгөөд жишээ нь арван тав дахь засаг ноён Эрэнжунай, арван зургаа дахь засаг ноён Дондовжанцан, арван долоо дахь засаг ноён Норовжанцан гэж удамласаар XX зуунтай золгосон байна.

XIX зууны сүүл үед Илдэн бэйлийн хошууг захирч асан Дондовжанцан ноён нутаг орондоо гоё сайхнаараа, бас судар номын авшиг хүртсэн эрдэм ухаанаараа алдаршсан Цэрэндолгор хэмээх бүсгүйг хатнаа болгожээ. Энэ бүсгүйг Илдэн бэйлийн хошууныхан “Гоё ажаа” гэж хүндлэн биширдэг байж. Нэг удаа Дондовжанцан ноён Цэрэндолгор хатантайгаа хамт Амарбаясгалантын хийдэд мөргөхөөр явжээ. Энэ үед ноёнтон зориуд “Хар бух”-ын голыг зорьж эртний өвөг Цогт хун тайжийнхаа Хар балгасанд очиж мөргөсөн байна. Тэгтэл “Гоё ажаа”-гийн унаж явсан морь гэв гэнэт бусгаж хатан Цэрэндолгор мориноос унажээ.

Үүнд Дондовжанцан ноёныг дагалдаж явсан хувилгаан ламтан ихэд билэгшээж, мэргэ төлөг гүйлгэж үзсэнээ “Хатан ахайтан Цогтын Хар балгасны дэргэд газардсан нь эцэг дээдсийн сүнс хатныг саатуулсан “хорог” байлаа. Та бодисадва юм байна. Одоо “Гоё ажаа”-гаас нэгэн хүү төрнө. Тэр хүү энгүй их номтой хувилгаан лам болно. Даанч тэр хувилгаан цагийн цөвүүнд урт наслахгүй юм байна. Гэсэн ч би ноёнтныг дагалдаж яваа Хүрэл гэдэг энэ залуугийн удамд хувилгааныг дахин төрүүлнэ. Дахин төрсөн тэр хүү олон түмнээ ямагт баясгаж, сэтгэлийн цэнгэл үзүүлж байдаг тэнгэрийн сурвалжит их хүн болно” гэж айлджээ.

Энэ явдлаас хойш жилийн дараа “Гоё ажаа”-гаас нэгэн хүү төрсөн бөгөөд тэр нь хожмын Илдэн бэйлийн хүрээний хувилгаан ламтан Сономцэрэн байлаа. Тэрбээр ямар ч хүний өвчин зовлонг шууд хэлдэг, түүнийг нь илааршуулж чаддаг, эрдэм номонд гаргууд сайн, дуу хууранд дуртай нэгэн байж. Харамсалтай нь, Дондовжанцан ноёныг дагалдаж явсан мөнөөх хувилгаан ламын айлдсанаар Сономцэрэн ламтан урт наслаагүй бөгөөд гучаад оны их хэлмэгдүүлэлтийн үед хилс хэргээр цаазлагдсан байна. Тэр цагаас эхлээд Илдэн бэйлийн хошууны хөгшчүүд хэдийгээр цаг төр хатуу байсан ч Сономцэрэн хувилгааны хойд дүрийг тодруулахаар “Ямар айлд гэрэл гэгээ цацруулсан хүүхэд төрөх бол” хэмээн битүүхэн тандаж, ялангуяа нэгэн цагт Дондовжанцан ноёныг дагалдаж явсан мөнөөх Хүрэл хэмээх залуугийн үр удмыг ихэд сонирхох болсон байна.

Төдөлгүй Хүрэлийн удмын Цэрмаа хэмээх бүсгүйгээс гэрэл гэгээ цацруулсан нэгэн хүү мэндэлсэн бөгөөд Бэйлийн хүрээний хөгшчүүд энэ хүүг Сономцэрэн хувилгааны сүнс хэмээн далдуур шүтэж, улмаар Илдэн бэйлийн хошууны арван долоо дахь засаг ноён Норовжанцангийн нэрийг бэлгэдэн Жанцанноров гэж нэрлэжээ.

Тэрхүү Жанцанноров нь өнөө цагийн Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин Нацагийн Жанцанноров бөлгөө. Миний төрсөн Хужирт нутгийн уугуул “Үхэрчин” Санжаазав, “Хар” Очир тэргүүтэй хөгшчүүл тээр жил эрт урьдын явдлыг хүүрнэж суухдаа “Өнөө цагийн алдарт хөвгүүн Жанцанноровын ээж Цэрмаа үнэхээр сайхан хүүхэн байсан юм. Сономцэрэн хувилгаан түүнд сэтгэл алдарч явсан ч энэ хоёрт учран золголдох хувь тохиогоогүй. Тиймээс хувилгаан Сономцэрэн Цэрмаа бүсгүйн хэвлийд дахин төрсөн юм” гэж өгүүлж билээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu