Франц улсад болж буй мөсөнд авиралтын "Дэлхийн цом"-ын цуврал болох "Роунд 3” тэмцээнд Монгол Улсаас дөрвөн тамирчин ХУРДНЫ төрөлд өрсөлдөж, хоёр алт, нэг хүрэл медаль хүртлээ.
ОУУХ (UIAA)-ны Мөсөнд авиралтын Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн хурдны төрөлд Говь-Алтай аймгийн Тонхил сум дахь Уулын спортын ууган мастер Я.Жанцангийн нэрэмжит "Сутайн бор" клубийн тамирчин, МУБИС-ийн Биеийн тамирын сургуулийн Спорт аялал жуулчлалын ангийн оюутан ОУХМ Н.Сэлэнгэ түрүүлж, алтан медаль хүртлээ. Тэрбээр ийнхүү "Дэлхийн цом"-ын хошой аварга болсон Монгол улсын эмэгтэй анхны тамирчин болж байна. Н.Сэлэнгээ хэдхэн хоногийн өмнө Швейцарьт болсон Мөсөнд авиралтын Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн Хурдны төрөлд мөн алтан медаль, БНСУ-д болсон "Дэлхийн цом"-ын цувралаас мөнгөн медаль хүртсэн билээ. Ийнхүү манай тамирчин он гарснаас хойш "Дэлхийн цом"-ын гурван цувралд амжилттай оролцож, хоёр алт, нэг мөнгөн медаль хүртээд байна.
Францын "Дэлхийн цом"-ын хоёр дахь алтан медалийн эзэн нь ОУХМ Ч.Мандахбаяр байлаа. Тэмцээний эрэгтэйчүүдийн Хурдны төрөлд түрүүлж, алтан медаль хүртсэнээр тэрбээр "Дэлхийн цом"-ын хошой аварга болсон Монгол Улсын анхны эрэгтэй тамирчин болж байна.
Мөн тэмцээний эрэгтэйчүүдийн Хурдны төрөлд мөн "Сутайн бор" клубийн тамирчин, ОУХМ Н.Хэрлэн хүрэл медаль хүртлээ. Тэрбээр өмнө нь Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнээс 1 алт, 1 мөнгө, 1 хүрэл медаль хүртэж байсан бол ийнхүү хоёр дахь хүрэл медалиа энгэртээ зүүх болзол хангалаа.
Түүнчлэн "Сутайн бор" клубийн тамирчин, Спортын мастер О.Сайханжаргал амжилттай оролцож, VIII байр эзэлжээ.
Ийнхүү Монголын мөсөнд авиралтын тамирчид 2025 оны эхнээс оролцож эхэлсэн цуврал тэмцээн болох Роунд-1, 2, 3-аас гурван алт, гурван мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн гайхалтай амжилтуудыг үзүүллээ.
Дараагийн цомын цуврал "Роунд-4" нь АНУ-ын Лонгмонт хотод 2025 оны хоёрдугаар сарын 21-23 хооронд болох бол сүүлийн тэмцээн болох Роунд-5 Канадын Эдмонтон хотод хоёрдугаар сарын. 28-наас гуравдугаар сарын 02-ны өдрүүдэд болно. Үүнээс гадна манай өсвөрийн тамирчид хоёрдугаар сарын 07-09 хооронд АНУ-ын ОУРЭЙ тосгонд Залуучуудын ДАШТ-д оролцохоор тун удахгүй явах гэж байна.
Сэтгэгдэл ( 0 )