Ч.Тунгалаг I Харбин хотоос мэдээлж байна
БНХАУ-ын Харбин хотноо зохиогдож буй Азийн өвлийн наадам нь бүс нутгийн цас, мөсний эдийн засгийн хөгжилд чухал түлхэц болж байна.
Бээжин хотноо зохион байгуулсан 2022 оны өвлийн олимпын наадмаас хойшхи энэ ахархан хугацаанд өвлийн спорт шинэ шатанд гарч, сонирхогч болон хичээллэгчдийн тоо эрс өсжээ.
Мөсөн хот хэмээн нэрлэгддэг Харбин хотыг зорин ирэх жуулчдын тоо жилдээ хэдэн саяар тоологдох болов.
Зөвхөн 2024 онд Харбин хот 179 сая жуулчин хүлээн авч, аялал жуулчлалын салбарын орлого нь 31,75 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оноос даруй 30 хувь өсжээ.
Харбины өвлийн аялал жуулчлалын гол цөм нь тус хотын "Мөсөн хотхон" байдаг. Хамгийн том цас, мөсөн парк гэдгээрээ Гиннесийн номонд бүртгэгдсэн энэ паркийн нэг сая квадрат метр талбайд байгуулсан цас, мөсөн баримлуудыг үзэхээр ирэх аялагчдын тоо анх байгуулсан цагаас хойш жил тутамд 20 гаруй хувиар нэмэгдсээр иржээ.
Энэ жилийн тухайд Азийн өвлийн наадамд зориулан Ази тивийн улс орнуудын онцлох байгууламжуудын цас, мөсөн хувилбарыг тухайлан бэлджээ.
2024 оны арванхоёрдугаар сард улирлын нээлтээ хийснээс хойш 47 хоногийн дотор Харбины цас, мөсөн хотхоныг 2.7 сая хүн үзсэний дотор хоёрдугаар сарын 1-нд 100 мянган хүн үзэж, нэг өдрийн дотор хамгийн олон үзэгчтэй байсан рекорд тогтоов.
Хятадын цас, мөсний зах зээл эдийн засгийн асар их нөөцтэй бөгөөд тус улсын Засгийн газраас цас, мөсний эдийн засгийг хөгжүүлэхэд онцгой анхаарал хандуулж байна.
Хятадын цас, мөсний аялал жуулчлалын хөгжлийн тайланд (2025) дурдснаар 2024/2025 улирлын хугацаанд энэ салбар нийт 520 сая жуулчинд үйлчлэх ажээ.
Хятадын цас, мөсний эдийн засгийн хөгжилд Харбинд зохион байгуулагдаж буй Азийн өвлийн наадам чухал хувь нэмэр оруулж байна. Наадмыг хоёр дахь удаагаа амжилттай зохион байгуулж байгаа Харбин хотын сайн туршлага цас, мөсний эдийн засагтай бусад хотуудад үлгэр жишээ болж байна.
Эх сурвалж: China Global TV Network (CGTN)
Сэтгэгдэл ( 0 )