Хөвсгөл нутгаас шар тивийн “дэвжээ”-нд хүч сорьсон хүү

З.Тэмлүүн | Zindaa.mn
2025 оны 02 сарын 11

Гэрэл зургийг С.Энхжаргал

БНХАУ-ын Харбин хотноо Ази тивийн 9 дэх удаагийн өвлийн наадамд Монгол Улсаа төлөөлж 4 спортын 7 төрөлд 34 тамирчин хүч сорьж байна.

Эдгээр өрсөлдөж буй тамирчдаас насаар бага, хууч хөөрөх түүхтэй тамирчин бол Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын харьяат, шигшээ багийн тамирчин Б.Төгөлдөр.

Шар тивийн томчуул чуулсан гүйлтийн тэшүүрийн 500,1000 метрийн зайн уралдаанд өрсөлдөж туршлага, мэдлэг, цаашдаа өөрт нь үлдэх хамгийн том мөрөөдлөө олж авсан.

Өнөөдөр гэхэд 1000 метрийн зайн уралдаанд дэлхийд хүчтэй өрсөлдөгч Япон, Солонгос, тэмцээнийг зохион байгуулагч эзэн орны шигшээ баг тамирчидтай өрсөлдөж бэлтгэл сургуулилтаа сайн хийвэл өөрт нь боломж байна гэдгийг мэдэрлээ хэмээн инээмсэглэж байлаа.

Манай тамирчин төрж өссөн нутагтаа 7-р ангидаа тэшүүрийн спортод хөлж тавьж хичээллэж эхэлсэн. Хөдөө орон нутагт Ерөнхий боловсролын сургуульд суралцдаг учир тэр бүх хотод очиж бэлтгэл хийж чаддаггүй хэмээн хуучилж байв.

Шигшээ багийн бэлтгэлд удаа дараа уригдсан ч сумын төвийн гол дээр бэлтгэлээ хийсээр 1 сарын өмнөөс далай ээжийн хөвөөнд Шар тивд өрсөлдөх хамгийн томоохон бэлтгэлээ эрчимжүүлсэн тухайгаа ярьж байв.

Мөн спортын бүх талын эв дүйтэй бөхийн спортоор давхар хичээллэдэг өсөх ирээдүйтэй тамирчин гэдгийг шигшээ багийн дасгалжуулагч Б.Бат-Оргил онцолж байв.

Эх сурвалж: МҮОХ
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu