Юу юунаас илүү EQ-гээ төлөвшүүлье

2025 оны 02 сарын 14

“Сэтгэлийг төлөвшүүлэхгүйгээр оюуныг хөгжүүлэх нь огтхон ч боловсрол биш” хэмээн бүр нийтийн тооллын өмнөх 384-322 онд амьдарч агсан аугаа сэтгэгч  Аристотель тэртээ цагт хэлжээ. Сэтгэлийн төлөвшил гэдэг нь өдгөө ялангуяа удирдах түвшний хүмүүст нэн хэрэгтэй хэмээгдээд буй EQ юм.


Emotional Intelligence/Emotional Quotient/ буюу EQ нь хүн сэтгэл хөдлөлийн чадамж, сэтгэл санаагаа танин мэдэж, сэтгэл зүйгээ удирдах чадварыг хэлнэ.

Сэтгэл хөдлөлөө удирдан захирч чадна гэдэг хүний төлөвшлийн томоохон хэмжүүр юм. Ингэж сэтгэлээ жолоодож сурах нь алдаанаас сэргийлж, оновчтой шийдвэр гаргахад тусална. Иймээс л орчин цагт хүн бүр, тэр дундаа удирдах ажилтны эзэмших хамгийн чухал чадвар бол EQ хэмээн олон улсад үздэг болоод байна.

Монголчууд ч эрт дээр цагаас “Уурын мунхагаар бүхнийг баллана. Ууч сэтгэлээр бүгдийг бүтээнэ” хэмээсээр ирсэн.

Өнөөдөр сэтгэл хөдлөлөө удирдах чадвар оюуны чадамж буюу IQ-гээс илүү үнэлэгдэх болсон. IQ буюу оюун ухааны чадвар өндөр хүн илүү их амжилт гаргах нь зүйн хэрэг.

Гэхдээ оюун ухааны чадамж өндөр байлаа гээд сэтгэл зүйгээ жолоодож чадахгүй бол хэрхэх билээ. Тиймдээ ч өдгөө IQ-аас илүү EQ буюу сэтгэл хөдлөлөө удирдах чадамжаас ажлын бүтээмж ихээхэн шалтгаалдаг талаар ярилцах болж, байгууллагууд шинэ ажилтан авахдаа EQ-г чухалчилж үздэг болсон байна.

Өнөө цагийн их бухимдал, түгжрэл, нийгмийн сүлжээгээр асгарч буй мэдээллийн сөрөг урсгалыг сэтгэл зүйгээ зөв удирдаж, өөртөө болон өрөөлд эерэг нөлөө үзүүлж байж давж туулна. Айл гэрт ч, ажлын байранд ч, олон нийтийн газарт ч сэтгэл хөдлөлөө зөв удирддаг байж гэмээнэ гэрэл гэгээ түгээж, амжилт ололттой байж чадна. Уурын мунхаг, ухамсрын доройтлыг ухааны цараагаар л давж гарна. Тийм учраас юу юунаас илүү EQ-гээ л төлөвшүүлцгээе.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu