Статистикийн хөөстэй тоон дотроос тодорсон “ҮСЭГ”

С.Данзан | Zindaa.mn
2025 оны 02 сарын 18

   

    Ер нь бол өнөөх “Тоон дотор үсэг цохиж явна” гэдэг шиг статистикийн хөөстэй тоон дотроос тодорсон үсэг л дээ. Намтар түүхээс нь харвал ажиллах завгүй л суралцсан бололтой эмэгтэй юм.


    Чухам юу сурч гийгүүлснийг нь харах гэж түүнийг улс төрд ирсэн цагаас хойш дөнгөж төрсөн хүүхэд Ерөнхий боловсролын сургуулийн бага анги төгсчихлөө. Дунд ангид байсан хөвгүүн дээд сургууль төгсөөд аав болчихож. Хөөрхий, нас дээр гарсан зарим нь ч амжсангүй бололтой. Ямартай ч түүний боловсрлын үр дүнг нь хараагүй байна. Ийнхүү А.Ариунзаяа гишүүн сурч сурч 2005 онд “Монгол Даатгал” компанид Хүний нөөц, сургалт хариуцсан менежер, Ерөнхий менежер, Тэргүүлэх менежерээр ажлынхаа гарааг эхлүүлж байж. Эндээс 2013 он гэхэд МАН-ын Намын байгуулалт, стратеги төлөвлөлтийн газрын дарга, Эдийн засгийн хөгжлийн бодлогын газрын дарга, Нийгэм, эдийн засгийн бодлогын газрын дарга гэх мэт улс төрд өнгө өнгийн сэтэр зүүж яваад 2016 оны их ялалтын дараа Үндэсний Статистикийн Хорооны даргын суудалд морилсон хүн.

    Түүний өвөө Ерөнхий сайд асан П.Жасрай өдгөөгөөс 58 жилийн өмнө буюу 1967 онд БНМАУ-ын Статистикийн төв газарт орлогч даргаар ажиллаж байж. Өөрөөр хэлбэл А.Ариунзаяа өвөөгийнхөө алба хашиж байсан газарт 50 жилийн дараа МАН-ын томилолт өвөртлөн очжээ. МАН дотор ярих нь, “Манай өвөөгийн ажиллаж байсан газар учраас би Статистикийн газрын дарга болно” гээд дайрчихсан юм гэсэн. Түүнээс бус хоосон үлдэж мэдэхээр оочёр дараалал их байсан бололтой. Тэгэхээр нь мань хүн Үндэсний статистикийн газрыг сугалж аваад өвөөгийнхөө нэрийг бариад дайрчихсан байж болох талтай. Уг нь тэр өөр газар сонирхож байсан бөгөөд тэр нь бүтэхгүй болохоор Статистикийн газар руу дайрсан нь амжилт олсон. Амжилт олох ч юу байхав. Өвөөгийн нэр нүүр л түүнийг энэ замд хөтөлсөн гэхэд тэр нэг их бухимдахгүй байх. Энэ бол байх ч зүйл. А.Ариунзаяа бол П.Жасрайн гуайн ууган ганц охины том нь охин. Өөрөөр хэлбэл, Жасрай гуайг өвөө болгосон хүн. Тэр өөрөө ч ‘Пунцагийн Жасрай Миний өвөө’ ном бичсэн.

    Тэр өвөөгөөрөө ихээхэн бахархана. Бахархахаас ч яахав. Тэрбээр нэгэнтээ “Өвөө маань Пунцагийн Жасрай, 1933 оны 10 дугаар сарын 26-нд төрсөн байдаг юм. Өчигдөр төрсөн өдөр нь байлаа. Харин 1951 оны 10 дугаар сарын 27-ны өдөр намд элссэн гэж "бат илэрхийлэх" буюу намын үнэмлэх дээр нь байдаг. Үүнээс яг 62 жилийн дараа буюу 2013 оны 10 дугаар сарын 27-нд би намд мөн адил элссэн байдаг. Намын 27-р Их хурлаар элссэн маань ийнхүү огноо таарч байдаг, сонин шүү. 2007 оны 10 сарын 25-ны өдөр намын 25-р Их хурлын хоёр дахь өдрийн өглөө тэнгэрт дэвшсэн. Ингээд дараалсан 10 сарын 25, 26, 27-ны өдрүүд... Сонин тохиол, огноо, өдрүүдийн талаар би дурсаж бичих дуртай” хэмээн дурссан нь бий.

    Домог болсон өвөөгийн нэр нүүр ч нэг удаа лавтай түшсэн. Тэр энд ажиллахдаа эрх баригчдын хүссэн дүн мэдээг гаргаж өгсөн гэх хардлагыг одоо ч дагуулдаг. Магадгүй л юм. Сүйрчихсэн байсан нийгмийн үзүүлэлтүүд өргөс авсан мэт л өөдөлж дээшилж байсан санагдана. А.Ариунзаяа тэндээ яс дөрвөн жил ажиллаад 2020 оны сонгуульд өрсөлдсөн ч өвдөглөчихсөн. Гэлээ ч дөрвөн жил хүссэн тоо эвлүүлж өгсөн шан харамж гэж нэг зүйл байна биз дээ.

    Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдаар заларсан. Нийгмийн амьдрал уруу дорой, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсчихсөн, цалин тэтгэврийн нэмэгдэл байхгүй. Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэр, Эрдэнэс Тавантолгой гэх мэт төсвийн гол бүрдүүлэгч объектууд халдлагад өртөж, хулгайн бүлэглэл үүрлэчихсэн. Олон улсын валютын сангийн хөтөлбөр хяналт тавиад ороод ирчихсэн.

Эдийн засгийн гадаад дотоод орчин маш эмзэг, хэвтэрт байхад өөдөө дээшээ тоо гаргаж ард түмэнд тайлагнана гэдэг тийм ч амар зүйл биш ээ. Бас л ширэн нүүртэй хүний хийх ажил болов уу. Ийм том алба нугалсан хүнд МАН яам өгөхгүй бол алдас болно биз дээ.

    Тэр хүссэн яамаа ч авсан. Гайхуулаад байх зүйлгүй ажилласан ч 2022 онд МАН дотор тодроод байсан “Хатан эх”-д суудлаа булаалгаж байв. Гэхдээ А.Ариунзаяа арай ч ард түмнээ “Улны” гэж хэлээд огцроогүй. Тухайн үед Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт орж, Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлт гарч УИХ-ын гишүүд давхар дээлтэй байж болох зохицуулалт үйлчилснээр Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт орж түүнийг сайдын албанаас 2022 оны наймдугаар сард чөлөөлсөн байдаг. Ингэлээ гээд яахав дээ, шан харамжаа авч, ямбаа эдэлж байсан сайд шуудхан л Ерөнхий сайдын Ахлах зөвлөх, Ажлын албаны даргаар Төрийн ордноо ирж таарна. Энд бол А.Ариунзаяагийн хувьд хийгээд байх ажил байхгүй. Тодорхой чиг үүргийн яамд тус тусынхаа ажлыг хийгээд явчихаар түүнд ямар ажил олдоно гэж.

Тиймээс Ахлах зөвлөх, Ажлын албаны дарга, МАН-ын орон тооны нарийн бичгийн дарга гэх сүрхий сэтэртэй байж байгаад 2024 оны сонгуульд МАН-ын жагсаалтын 12 дугаарт эрэмблэгдсэн гэхээр түүний хувьд МАН-аас авах ёстой шан харамжаа хангалттай авчихсан гэхэд болно. Бас чиг болоогүй, одоо ч УИХ дахь МАН-ын бүлгийн дэд даргын албан тушаал ч халхавч болон байж л байна. Ер нь бол МАН дотор ч тэр, улс төрд ч тэр гол чигээ алддаггүй улстөрч бололтой юм. Хэн нэгэнтэй дайсагналцахыг бүр ч үзэн ядах замаар явж ирсэн нь улс төрд түүнийг өндөрт суулгадаг бололтой. Миний санаж байгаагаар маш олон хүнийг албан тушаалд дэмжин үг хэлж байхыг харж байжээ.

    Нэгэнтээ УИХ-ын гишүүн асан Н.Оюундарийг Элчин сайдад томилох эсэх тухай санал хураах үеэр тэр “Улстөрч хүн, Элчин сайдаар томилогдож болохгүй гэдэг заалт байхгүй. Харин Оюундарь нэр дэвшигчийн хувьд улс төрд байсан нь давуу тал болж ирж байна гэдгийг онцлон хэлмээр байна. УИХ-ын гишүүнээр ажиллаж байхдаа Европын холбоо Монгол парламентын бүлгэмийн даргаар ажиллаж байсан. Орос, англи, герман, хятад хэлтэй. Бээжин дэх Улаанбаатар хотын төлөөлөгчөөр дөрвөн жил ажиллаж байсан ийм туршлагатай. Гадаад харилцааны дэд сайдаар байсан ер нь улс төрд ажиллаж байсан хүн Элчин сайдаар томилогдох нь өөрөө маш олон давуу талуудыг бий болгодог” хэмээн өмгөөлж хамгаалж байв. Энэ мэтээр тэр хэнийг ч муухай харж, муу хэлэхгүй.

    Гэхдээ парламентад орж ирээд хагас жил болж байгаа гишүүний хувьд шуудхан ажлыг нь дүгнэхэд эртдэнэ. Ерөнхий хандлагаас ажиж байхад чимээгүйхэн намынхаа бүлгийг дагасхийн кноп дараад явчих гишүүн л нэгээр нэмэгдэж байж болох юм. А.Ариунзаяа нь 1986-1996 онд Монгол Оросын хамтарсан гуравдугаар сургууль, 1997-1999 онд ХБНГУ-ын Халле хотын коллежид Германистик чиглэлээр суралцаж, 1999-2005 онд ХБНГУ-ын Ханновер хотын Их сургууль, Улс төр, нийгэм судлал, түүхийн ухааны магистр, 2014-2015 онд Удирдлагын Академи, 2015-2017 онд Монгол Улсын Эдийн засгийн үндэсний дээд сургууль, Бизнесийн удирдлагын магистр, 2021-2024 онд Монгол Улсын Эрдмийн их сургууль, Бизнесийн удирдлагын докторын зэрэг хамгаалсан гэхээр боловсрол тал дээр УИХ-ын танхимын хаяа хатавч бараадах нэгэн биш.

    Яах вэ, Удирдлагын академи гэх нэг шоу цэнгээний шахам газар, Эрдмийн их сургууль гэх мөнгө л байвал хэн ч юу ч хамгаалж болдог хоёр сургуулийг эс тооцвол яах аргагүй төгс боловсорсон хүн. Ийм нэгэн хөөстэй тоон дотроос гарч ирсэн “үсэг” Төрийн эрх барих дээд байгууллагад МАН-ын жагсаалтаар орж ирчихээд сууж байна. Ирээдүйг өнөөдөр зурах аргагүй учраас өндөрлөе.  

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.179.27.232) 2025 оны 03 сарын 13

Үнэхээр улс төрд байх ёстой ёсзүй сайтай, боловсролтой хүнээ алдаагүй залуу улс төрч сбнббс мөн. Харин тэр ГХ сайд гэх хэвлэлийн магнаг бол үнэхээр инээдэм хүргэм боловсрол муу, чадваргүй, заль мэх нь дэндсэн авгай. Ёстой ичмээр.

1  |  0
Zochin(173.73.147.252) 2025 оны 03 сарын 13

Bichsen, bichuulsen 2 huurhii mun taarna!

2  |  0
Зочин(103.57.94.174) 2025 оны 03 сарын 13

Хийсэн бүтээсэн зүйлгүй, бусдыг муулж сэтгэлийн таашаал авдаг хүн хогнууд ямар олон болоо вэ!

3  |  0
Зочин(103.57.94.174) 2025 оны 03 сарын 13

Атаархал, хорсолдоо шатаж яваа нэгэн бичсэн бололтой, хөөрхий өрөвдөлтэй юм.

3  |  1
Зочин(202.9.40.12) 2025 оны 03 сарын 13

Амьдралаас хол асархай ийм хүмүүс их сургуульдаа л багшлмаар юм

4  |  0
Зочин(122.201.31.119) 2025 оны 03 сарын 13

Люмпэн гар л даа. Багшийн хүүхэд багш болж, даргын хүүхэд дарга, эмчийн хүүхэд эмч болдог люмпэн тогтолцооны л нэг зовсон шимэгч нь.

4  |  1
Neg taarch bsan(122.201.31.142) 2025 оны 03 сарын 13

Yostoi neg eldev mayag bhgui hun bn lee shuu.

6  |  1
Close menu