Айл өнгөтэй өөдтэй явах нь авдар сав, аяга тавагнаас эхэлнэ. Авдар цоожгүй эвдэрч хэмхэрсэн, ам нь санжсан айл бол цагаан сараас өмнө эд хогшлоо шинжээд эмхэлж цэгцлэхээс л сар шинэ сарнайлж саруулсана. Авдар сав цоожгүй бол авшиг үл тогтоно. Алт мөнгө хураана гэж байхгүй.
Ажил бүтнэ гэж үгүй ээ. Хөдөө явж байхад ч баруун үүдэндээ авдраа тавьсан, гэтэл авдарны таг нь байхгүй эвдрээд онгорхой орхисон харагдах. Ядаж байхад урт авдар. Ямар эвгүй мэдрэмж. Үүнийг даруй таглаарай, өнөөх авдарны тагаа эмхлээд цэгцлээрэй.
Эс тэгвэл онгорхойгоор нь ольбингууд цугларч одоо буй биес барагтайхан өвчин хуучид баригдан өр ширт идүүлэх ёр шүү гэж зөвлөнө. Одоо үгэнд орсон эсэхийг мэдэхгүй ч олон айл ундуй сундуй амьдрах. Учрыг тайлж ухааныг бэхэлж явах нь удам сайт бүсгүй таны үүрэг байдаг шүү. Хир дагандаа баригдсан, хэцүүгээ гайхсан айлууд ч байх.
Хэн ч хэн нэгнээс уялдахгүй амьдрал босгодог нь жам, аялал үргэлжилдэг. Ядуу гэж явдлаа цэгцлээгүй хүнийг хэлнэ. Аяга таваг нь хагарсан сэтэрсэн, хутга нь эмтэрсэн, хаана юу байгаа нь мэдэгдэхгүй айл байдаг энэ бүхнийг нэгээс нь аваад цэгцлэх ухаан сэцэн бэрийн ажил үүрэг. Аваад л байна алийгаа алинд хадгалснаа мартчихдаг айл бий. Авахгүй мөртөө аалзны тортой тоонотой айл ч бий. Эр улс бараг мэдрэхгүй, эгэлдэргэлсэн дээлтэй, ивэх дэртэй, идэх хоолтой бол горойхгүй яваад л байна. Дээл товч дутуу, цүнх сав эвдэрхий цахилгаан санжсан байвал засуулчих. Эндээс эмх цэгц эхэлнэ. Байгаагаа тордох ухаан бадрангуй шүү.
Элбэг дэлбэгтээ биш, эмх цэгцэд амьдрал оршино. Ядаж л зуухаа гялалзуулаад арчаад өнгөлчих. Элсээр арчихад ихэд гоё болно. Ороход ундтай, оргилуун сэтгэлтэй, ор дэр нь цэмбэгэр, үүд нь цэмцгэр, өлгүүр нь цэгцтэй байвал болоод явчихна. Амьдрал бол эмх цэгц юм. Бодлоо цэгцлэх, бодио эмхлэх, бодитоо цэгнэх. Өдрийг тухтай цэгцтэй, цэцтэй өнгөрүүлээрэй.
Н.Дуламсүрэн
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )