Америк МӨСНИЙ ДРАМ

Админ | Zindaa.mn
2025 оны 02 сарын 24

А.Батсүх (МҮОХ-ны гишүүн)

Улаанбаатар хот, 2025.02.24

ОУУХ (UIAA)-ны 2025 оны Мөсөнд авиралтын Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээний IV цуврал АНУ,Колорадо муж, Лонгмонтод амжилттай зохиогдож хөшгөө хаалаа.

Монголын баг тамирчид өргөн бүрэлдэхүүнтэй оролцжээ. Мөсөнд авиралтын Техникийн болон Хурдны төрлүүдийн нийт дөрвөн алтан медалийг Монгол Улс, Швейцарийн Холбооны Улсын тамирчид эв найртайгаар 2:2 харьцаатай хуваан авлаа.

Финал. Эмэгтэйчүүдийн Хурдны төрөлд эхэлж салхи хагалсан ОУХМ Н.Сэлэнгэ гараа болгонд (18.01,15.01 сек) амжилтаа ахиулсаар 3 дахь гараандаа 12,64 секунд хурдалж өөрийн гол өрсөлдөгч АНУ-ын Каталинад хүндхэн даалгавар үлдээсэн юм. Учир нь Каталина 13,64 секундээр тэргүүлж явсан бол сүүлийн гараандаа 12,64 секундээс бага хугацаанд бариалах хэрэгтэй болсон. Төрөлх хотдоо хөгжөөн дэмжигчидийнхээ нүргэлсэн уухайн дор гараанаас гарсан боловч “салсан”. Монгол, Америк тамирчдын хоорондох сэтгэл зүйн хүндхэн тулаан энэ хүрээд өндөрлөв.

Улаанбаатарт дасгалжуулагч нар манай багийнханд “холимог” форматаар өрсөлдөхөд ямагт бэлэн байх хэрэгтэйг сануулж байсан нь өөрийн эрхгүй миний санаанд буусан даа.

Санаа нь том тэмцээний, тодруулбал алсдаа өвлийн олимпын наадамд Урьдчилсан шат, 1/8, 1/4, хагас болон шигшээ шатны Хурдны төрөл Дуэль болон Цагийн аль аль форматыг хослуулж зохиогдох боломжтой гэсэн үг юм. Байж болох гоё хувилбаруудын нэг. Гарааны тэгш нөхцөл хангах тухайд болдолцсон ч тэр.

Америк мөсний онцлог бол хэнд ч ямар ч боломж амладаггүйд оршиж байна. Хичнээн олон FALL үнэлгээ гарч ирж байгааг манайхан анзаарсан биз ээ. Хэнийг ч үл ялгаварлана. Энэ нь Мөсөнд авиралтын Хурдны төрлийг улам үзүүштэй болгож дэлхийд сурталчилж байгаа бас нэгэн чухал хувь нэмэр мөн юм. Америк араншин гэсэн ч болмоор. Мөсний доод болон дунд,дээд хэсгүүд тус тусдаа өөр сорилт байх жишээтэй.
 


“Сутайн бор” клубийн тамирчин, МУБИС-ийн БТС-ийн Аялал жуулчлалын ангийн оюутан, ОУХМ Н.Сэлэнгэ ийнхүү Ази, Европ, Америк гурван тивийн тэнгэрт монгол төрийн дуулалаа эгшиглүүллээ. Бахдам амжилт. Супер амжилт.

Тамирчин хүний “Баярлалаа” гэх товчхон, даруухан ганц үгний ард олон олон жил асгаруулсан хөлс хүч, өвдөлт, ядралт, баяр гуниг, тэсвэр, тэвчээр нуугдаж байдаг юм билээ. Багш, дасгалжуулагч нар нь хэнээс ч өр нэхэлгүй өөрсдийгөө илээх.

“Сутайн бор” клубийн тамирчин ОУХМ Н.Хэрлэн шигшээд эхнийхээ гараагаар 7.43 сек хурдалж, алтан медалийнхаа болзлыг түрүүлээд хангасан. Өөр ийм хурд энэ удаад гараагүй болов уу. Хэрэв хэн нэгэн ийм цагийг энэ ханан дээр давах гэвэл түүнийг FALL үнэлгээ өршөөхгүй мэт надад санагдсан. Олон улсын мэргэжилтнүүд ч ОУХМ Н.Хэрлэнг шагналын тавцанд гарах мөч хүртэл 7.43-ыг дурсаж байна билээ. Санаанд нь үлдсэн биз ээ.

Туршлага, ур чадвар, тактик, эрсдэл хийх зориг гэх мэт олон зүйлийн нийлбэр эндээс харагдана.
 


ОУХМ Ч.Мандахбаяр маань мөн л өндөр ур чадвартай, хүчтэй өрсөлдөгч гэдгээ баталж энгэртээ мөнгөн медаль зүүлээ.

Спортын мастер О.Сайханжаргалд маань медаль ойрхон байлаа. Мөсөнд гацсан алхыг маш хурдан ажилд оруулж байсан хэдий ч багахан аз дутав уу. Ердөө “илүү” 1 удаа өчүүхэн төдий алх зоогдоход л медалийн өнгө өөрчлөгдөж, шагналт 6 дугаар байр руу шилжиж байна. Гэвч боломж үргэлж өөрийн тань гарт байдаг гэдгийг санаж яваарай. Тамирчин Б.Баярмаа маань ОУХМ Н.Сэлэнгэтэй хамт шигшээ наймд шалгарсан нь сайшаалтай.

Тэрбээр тэмцээнээс тэмцээнд амжилтаа ахиулсаар байна. Битгий шантраарай.

Америк мөсний салшгүй нэгээхэн хэсэг бол монгол хүний мөс билээ. Та бүхнийг Монгол улсынхаа баг тамирчдаар бахархаж, тусалж дэмжиж байдагт тань үргэлж талархаж явдаг. Монгол орондоо байгаагаас илүү гарна уу гэхээс дутахааргүй халамж, анхаарал тавих юм. Баяртай байна.

Одоохондоо өчүүхэн хариу болгон бидний барьж чадах зүйл бол Монгол төрийн дуулалаа хамтдаа эгшиглүүлж, дуулах л байна даа. Хатагтай Г.Сугармаатай, гэр бүлийнхэнд маш их баярлалаа. Дараа уулзалдах сайхан өдөр олон тохион хэмээн найдаж явдагаа илэрхийлье.

“Сутайн бор” клубийн Ерөнхий захирал бөгөөд дасгалжуулагч, Уулын спортын мастер Х.Нямдоо болон Монгол Улсын Хүндийг өргөлтийн Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч, МУГД, ОУХМ Ц.Хосбаяр багш нартаа дахин баяр хүргэе.

Шавийн эрдэм багшаас гэдэг энэ буюу. Одоо дараагийн,энэ оны төгсгөлийн V дахь цуврал Канад, Эдмонтонд хүлээж байна. Багт амжилт хүсье.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu