ОУУХ (UIAA)-ны 2025 оны Мөсөнд авиралтын Дэлхийн цомын аварга шалгаруулах цувралын сүүлийнх болох тав дахь тэмцээн Канадын Эдмонтон хотноо өнөөдөр өндөрлөж, бүх тэмцээний нийт амжилтыг дүгнэн, танилцуулав.
Монголын тамирчид оны эхнээс "Дэлхийн цом"-ын 5 цувралд бүгдэд нь оролцож, бүгдэд нь өндөр амжилт үзүүллээ.
Сүүлийн тэмцээнд Н.Хэрлэн алтан медаль хүртсэн бол таван цувралын нийлбэр дүнгээр Н.Сэлэнгэ, Ч.Мандахбаяр нар тэргүүлж, алтан медаль, цомын эзэд боллоо. Харин ОУХМ Н.Хэрлэн нийлбэр амжилтаараа хүрэл медаль хүртсэнээр Монголын мөсөнд авиралтын тамирчид 2025 оны "Дэлхийн цом"-ыг байлдан дагуулж чадлаа.
ОУХМ Н.Сэлэнгэ
Тэмцээний эмэгтэйчүүдийн Хурдны төрөлд "Сутайн бор" клубийн тамирчин, МУБИС-ийн БТС-ийн Спорт аялал жуулчлалын ангийн II дамжааны оюутан, ОУХМ Н.Сэлэнгэ Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээний улирлын нийлбэр дүнгээр буюу 3 алт, 1 мөнгөн медаль хүртсэн амжилтаар тэргүүлж, алтан медаль, "Аваргын цом" гардлаа.
Мөнгөн медалийг АНУ-ын тамирчин Ш.Каталина, хүрэл медалийг Чехийн тамирчин, Дэлхийн аварга Р.Анета нар тус тус хүртэв.
Н.Сэлэнгийн хувьд энэ удаа буюу Эдмонтоны V дахь цувралд манай тамирчин IV байрт шалгарсан юм.
ОУХМ Ч.Мандахбаяр
Канадын Эдмонтонд болсон 2025 оны мөсөнд авиралтын "Дэлхийн цом"-ын цувралын сүүлийн тэмцээн өндөрлөж, нийлбэр дүнг танилцуулахад, 2025 оны "Дэлхийн цом"-ын аварга шалгаруулах цуврал тэмцээний эрэгтэйчүүдийн хурдны төрөлд нийт оноогоор ОУХМ Ч.Мандахбаяр тэргүүлж, алтан медаль, "Аваргын цом" гардлаа.
Ч.Мандахбаяр мастер ийнхүү 2024-2025 онд дараалан "Дэлхийн цом"-ын хошой аварга болж, цувралтын алтан медаль, алтан эзнээр тодорч байна.
Таван цувралын хурдны төрөлд нийлбэр амжилтаар мөнгөн медалийг Ираны тамирчин, Дэлхийн аварга Б.Мохсен, хүрэл медалийг ОУХМ Н.Хэрлэн нар тус тус хүртлээ.
ОУХМ Н.Хэрлэн
Н.Хэрлэн мастер 2025 оны Мөсөнд авиралтын Дэлхийн цомын аварга шалгаруулах цувралын Канадын Эдмонтонд болсон 5 дахь тэмцээний эрэгтэйчүүдийн Хурдны төрөлд түрүүлж, Алтан медаль хүртлээ.
Мөнгөн медалийн эзнээр Иран Улсын алдарт тамирчин, Дэлхийн аварга Б.Мохсен, хүрэл медалийг ОУХМ Ч.Мандахбаяр нар шалгарсан бол "Сутайн бор" клубийн тамирчин, Спортын мастер О.Сайханжаргал IX байрт шалгарчээ.
ОУХМ Н.Хэрлэн 2025 он гарснаас хойш ийн Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнээс 3 дахь алтан медалиа хүртсэнээр улирлын 5 цувралыг 3 алт, 1 мөнгө, 1 хүрэл медаль хүртсэн амжилтаар өндөрлүүлж байна.
Тэрбээр эрэгтэйчүүдийн хурдны төрөлд таван тэмцээний нийлбэр амжилтаар хүрэл медаль хүртэж байгааг дахин тэмдэглэе.
Сэтгэгдэл ( 2 )
Yamar mundag zaluus ve!
баяр хүргье....