Японы Засгийн газраас 1977-2024 онд манай улсад нийт 362.4 тэрбум иенийн зээл, тусламжийг үзүүлжээ

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 03 сарын 04

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Япон Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд 2025 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Токио хотноо Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага(ЖАЙКА)-ын ерөнхийлөгч А.Танака-тай уулзав. 

Сайд Б.Батцэцэг Япон Улсын Засгийн газрын Хөгжлийн албан ёсны тусламж Монгол Улс дахь ардчиллыг баталгаажуулж, нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг дэмжихэд нэн чухал ач холбогдолтой байж ирснийг онцолж, үүнд Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-аас ул суурьтай судалгаанд суурилсан, үр өгөөжтэй олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлж, үнэтэй хувь нэмэр оруулж буйд чин сэтгэлийн талархал илэрхийлэв.

Уулзалтаар талууд Монгол Улсын дэд бүтцийн чадавхыг сайжруулах, эрчим хүчний шинэ эх үүсвэрийг нэмэгдүүлж, байгальд ээлтэй эх үүсвэрийг төрөлжүүлэх, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг эрчимжүүлэх, хиймэл оюун ухаан, мэдээллийн технологийн зэрэг салбарт хүний нөөцийг хөгжүүлэх, туршлага солилцох зэрэгт үр өгөөжтэй төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж, хамтран ажиллах асуудлаар дэлгэрэнгүй ярилцав.

Япон Улсын Засгийн газраас 1977-2024 онд манай улсад нийт 362.4 тэрбум иенийн зээл, тусламжийг үзүүлсэн. 

Япон Улсын Засгийн газрын Хөгжлийн албан ёсны тусламжийг хэрэгжүүлэгч байгууллага ЖАЙКА нь тус улсын ГХЯ-ны дэргэд 1974 онд байгуулагдсан бөгөөд эдүгээ дэлхийн 97 улсад Төлөөлөгчийн газартай, 150  улсад үйл ажиллагаа явуулж байна. 

ЖАЙКА-гийн Монгол дахь Төлөөлөгчийн газар 1997 онд байгуулагдсан цагаас хойш манай улсын хөгжлийг дэмжихэд чиглэсэн идэвхтэй үйл ажиллагаа хэрэгжүүлж буй. 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Засаг(206.248.200.242) 2025 оны 03 сарын 13

Тэр их тусламжийн мөнгө хаачсан бэ Хүрэлсүх ээ, ОюунЭодэнэ ээ, Амарсайхан аа???

1  |  0
za bitgii bur za(202.131.225.197) 2025 оны 03 сарын 13

yponuud 1977 ond dainii tulvurtuidee ter govi kompaniig barij ugsun ch dee.ter chin tuslamjind orohgui sh dee..

1  |  0
Close menu