“Инженер, технологийн дээд боловсрол” төсөл судалгаанаас инновац, бизнесийн шатанд шилжиж байна

Я.Болор | Zindaa.mn
2026 оны 04 сарын 28

 

Монгол Улсын Засгийн газар болон Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага ЖАЙКА-гийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж байгаа “Инженер, технологийн дээд боловсрол” төслийн хамтарсан судалгааны багуудын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ хийж, үр дүнг нэгтгэн дүгнэх ажлыг 2026 оны дөрөвдүгээр сарын 13–20-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.

Энэхүү ажлыг Боловсролын яам, Нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгж болон төслийн зөвлөх баг хамтран хэрэгжүүлсэн бөгөөд МУИС, ШУТИС, ХААИС-ийн нийт 26 хамтарсан судалгааны багийн үйл ажиллагаа, үр дүн, цаашдын хөгжлийн чиглэлийг үнэлэн дүгнэлээ.

Судалгааны багууд нь байгаль орчин, эрчим хүч, хөдөө аж ахуй, дэвшилтэт материал, дижитал технологи зэрэг олон чиглэлд 10 гаруй жилийн хугацаанд тогтвортой үйл ажиллагаа явуулж, Монгол Улсад судалгаанд суурилсан их сургуулийн хөгжлийг дэмжихэд чухал хувь нэмэр оруулж байна.

Төслийн хүрээнд олон улсын өндөр зэрэглэлийн сэтгүүлд МУИС-аас 149, ШУТИС-аас 250, ХААИС-аас 6 өгүүлэл хэвлүүлж, их сургуулиудад гарааны компаниуд амжилттай байгуулагдан, судалгаанд суурилсан бизнесийн эхлэл тавигдаад байна.

Дрон технологи, биотехнологийн бүтээгдэхүүн, шинэ материал, дижитал шийдлүүд зэрэг инновацын бодит үр дүнгүүд гарч, инженерийн лаборатори, нарны эрчим хүчний систем, туршилтын төвүүдийг байгуулсан нь судалгааны орчныг шинэ шатанд гаргасан чухал ахиц болж байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top