ОЛОН ӨНГӨ I Олон баяр давхацсан САР ШИНИЙН ӨНГӨ

2025 оны 03 сарын 07

Хөхөгчин модон могой жилийн цагаан сар оройтсон биш Дашням, Балжинням давхацсан өдөр гэгчээр олон баяр ар араасаа дараалсан сонин учралаар дүүрэн байна.

Сар шинийн мэндийг үндэсний сэтгүүл зүйн өдөр, Мартын наймантай нь угсруулсан ийм цагаан сарыг мөддөө бид үзэхгүй биз ээ. Олон баяр давхацсан сар шинийн эдгээр өдрүүдэд тэнгэр хангай налайж могой жилийн эхээр хүн, малын зоо тэнийсэн, бас чиг хуртай устай, цагийн аясаар орсон цас тэр дороо хайлж хөрсөө дэвтээж, ногоо эрт ургаж, мал цадаж, тариаланчид үр тарианы ажлаа эрт эхэлж цаг дэлгэрэхийн урьдал болж байна.

Утааны улирал өндөрлөх тийш хандаж, нийслэл хотынхон дөрвөн уулаа харан баясаж шинэлэв. Сүх далайтал үхэр амар гэгчээр аравдугаар сарын сүүл хүртэл ийнхүү угаар униараа мартаж уушги тэнийх цаг ирж буй. Шинийн эх цастай байж газраа чийглэсэн тул тоос тортоггүй налгар өдрүүд үргэлжилсээр.

Хөдөөгүүр ч цаг тавирч, гол ус, нуур цөөрмүүд цагаасаа эрт баринтгаа тайлан цэлэлзтэл урсаж буй нь ойрын хэдэн жилдээ үзэгдээгүй тохиолдол, хаа сайгүй дулаахан өвөлжсөнийх юм. Гэвч хаврын тэнгэр хартай гэдэг үгтэй. Олон баяр зэрэгцэхийн хажуугаар сонор сэрэмж илүүдэхгүй гэдгийг ялангуяа малчид маань мартаагүй биз ээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top