Газын зурвасыг сэргээн босгох 53 тэрбум ам.долларын төлөвлөгөө санал болгов

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 03 сарын 07

Арабын орнуудын лигийн дээд хэмжээний уулзалтаар оршин суугчдыг нь нүүлгэлгүйгээр сэргээн босгох төлөвлөгөөг баталжээ. Дээд хэмжээний уулзалтын дүнгээр гаргасан хамтарсан мэдэгдэлд Египетийн санал болгосон Газын зурвасыг сэргээн босгох төлөвлөгөө бүхий заалтыг тусгаж, энэ ондоо багтаан Палестины бүх нутаг дэвсгэрт сонгууль явуулахаар тусгажээ.

Арабын орнуудын лигийн гишүүн орнуудын тэргүүн нар олон улсын хамтын нийгэмлэг, санхүүгийн байгууллагуудад хандан, Газын зурваст дэмжлэг үзүүлэхийг уриалсан байна. НҮБ-ын үнэлгээгээр, зурвасын сэргээн босголтод 50 тэрбум гаруй ам.доллар шаардагдана.

Энэхүү төлөвлөгөө нь АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын төсөлд сөргүүлэн боловсруулжээ. Цагаан ордны тэргүүн Газын зурвасыг “Ойрх Дорнодын диваажин” болгохыг амласан бөгөөд гэхдээ хоёр сая оршин суугчийг нь Арабын орнууд руу шилжүүлэхийг санал болгосон юм.

Цагаан ордон, Израил хоёр Арабын орнуудын дэвшүүлсэн санал Газын зурвас дахь бодит байдлыг тусгаагүй хэмээн мэдэгдэж, Трампын төлөвлөгөөг дэмжиж буйгаа дахин илэрхийлсэн байна. Цагаан ордон АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Газын зурвасыг Хамасгүйгээр сэргээн босгохыг санал болгож буйг цохон тэмдэглэжээ. Израилын гадаад хэргийн яам тус төлөвлөгөө нь аравдугаар сарын 7-нд Хамас хөдөлгөөний Израил руу хийсэн халдлагаас хойш үүссэн нөхцөл байдлыг харгалзан үзээгүй хэмээн мэдэгджээ. “Хамас бүлэглэлийн балмад алан хядах халдлагын улмаас олон мянган израил хүн амиа алдаж, олон зуун хүн барьцаалагдсаныг дурдаагүйн зэрэгцээ энэхүү алан хядагч бүлэглэлийг буруутгаагүй байна” гэж тус яамнаас гаргасан мэдэгдэлд онцолжээ. Харин Хамасын зүгээс Арабын орнуудын лигийн зүгээс боловсруулсан төслийг сайшаажээ. Төсөл ёсоор Палестины шинэчлэгдсэн засаг захиргаа төрийн эрхийг авах хүртэл тус хөдөлгөөн хараат бус шинжээчдийн түр хороонд эрх мэдлээ шилжүүлэхээр заажээ.  Хамас төслийг хэрэгжүүлэх санхүүжилтийг олгохыг уриалж, Палестины асуудлыг шийдэх чиглэлд Араб, Исламын ертөнцийн зүгээс хийж буй том алхам хэмээн дээд хэмжээний уулзалтыг дүгнэжээ.

 

Бүх Арабын төлөвлөгөө

 

Газын зурвасыг сэргээн босгох төлөвлөгөөг Арабын орнуудын лиг шуурхай хуралдуулсан дээд хэмжээний уулзалтынхаа үеэр хэлэлцсэн. Уулзалтын дүнгээр гаргасан хамтарсан мэдэгдлийг Египетийн төлөвлөгөөн дээр үндэслэн боловсруулжээ. Төлөвлөгөө ёсоор Газын зурвасыг сэргээн босгоход нийт 53 тэрбум ам.доллар шаардлагатай. Арабын орнуудын АНУ-ын Ерөнхийлөгчийн санал болгосон төсөлд саад хийхийн тулд бүхий л хүчин чармайлтыг гаргаж байна. Египетийн төлөвлөгөө өдгөө бүх арабынх болоод байна гэж Арабын орнуудын лигийн тэргүүн Ахмет Абул Гейт мэдэгджээ. Тэрбээр Трампын төслийг шууд дурдаагүй ч Арабын орнууд зурвасын оршин суугчдыг сайн дурын ч тэр эсвэл албадлагаар ч тэр нүүлгэн шилжүүлэхийн эсрэг байр суурьтай байгааг онцлон тэмдэглэсэн байна. Дээд хэмжээний уулзалтын үеэр Египетийн тал өөрийнхөө төлөвлөгөөг танилцуулсан 91 нүүр бүхий товхимлыг танилцуулав. Товхимолд Газын зурвасыг ногоон байгууламжаар чимсэн орон сууцны хорооллууд болон тэнгэр баганадсан барилга, байгууламжуудын гэрэл зургуудаар харуулжээ. Египетийн төлөвлөгөөг Арабын орнуудын лигийн гадаад хэргийн сайд нарын хаалттай хуралдаанаар бэлтгэн боловсруулсан байна. Саудын Арабын угсаа залгамжлах хунтайж Мухаммед бин Салман дээд хэмжээний уулзалтад оролцоогүй ч Саудын Арабын төлөөлөгчдийг түүний шилдэг дипломатч тэргүүлжээ. Хоёр долоо хоногийн өмнө Саудын Арабын хунтайж Арабын удирдагчдыг хүлээн авч уулзан, Трампын төлөвлөгөөг сөрөх арга хэмжээний талаар хэлэлцсэн байна.

 

Египетийн төлөвлөгөө

 

Саудын Арабын “Asharq al-Awsat” хэвлэлд мэдээлснээр, Египетийн төлөвлөгөөг ирэх 3-5 жилийн хугацаанд гурван үе шаттай хэрэгжүүлнэ. Газын зурвасыг сэргээн босгох үеэр палестинчуудад “аюулгүй бүс”-ийг байгуулахаар тусгажээ. Эхний үе шат 2027 он хүртэл хэрэгжих бөгөөд төсөв нь 20 тэрбум ам.доллар. Энэ үе шатад зам, харилцаа холбооны сүлжээ, нийтийн үйлчилгээний объектууд зэрэг дэд бүтцийн гол объектуудыг сэргээхээр төлөвлөж байна. Энэ үеэр 1.6 сая хүний 200 мянган орон сууцыг барих юм. Хоёр дахь үе шат 2030 он хүртэл үргэлжлэх ба дэд бүтцийн төслүүдээ дуусгаж, нэмж 200 мянган айлын орон сууц, аж үйлдвэрийн бүс, далайн худалдааны боомт болон нисэх онгоцны буудал барина. Үүнд 30 тэрбум ам.доллар зарцуулахаар төсөвлөжээ. Үр ашигтай, тогтвортой санхүүжилтийг хангах зорилгоор олон улсын хяналт бүхий сан байгуулахаар төлөвлөж байна. Түүнчлэн, Палестины Засгийн газрын дэргэд Газын зурвасыг удирдах хороо байгуулж, зургаан сар үргэлжлэх шилжилтийн үед тус зурвасыг удирдах юм. Египет, Иордан улс Палестины аюулгүй байдлын хүчнийг сургана. Төсөлд мөн Палестины нутаг дэвсгэрт энхийг сахиулагчдыг байрлуулах тухай асуудал хөндөгдсөн ба Газын зурвас дахь зэвсэгт бүлэглэлүүдийг асуудал хэмээн хүлээн зөвшөөрч, үүнийг итгэл хүлээсэн улс төрийн үйл явцын хүрээн шийдвэрлэхийг санал болгожээ.

 

Хэн мөнгө төлөх вэ. Хамас хөдөлгөөн хэрхэх вэ?

 

Анхандаа тус төлөвлөгөөг Европын Холбооны зарим улс орноос дэмжлэг, санхүүжилт авах замаар хэрэгжүүлэхээр төлөвлөж байсан ч Хамас бүлэглэл Газын зурваст гол улс төрийн хүчин байгаа цагт тус төлөвлөгөө олон улсын дэмжлэг авахгүй гэсэн мэдээлэл сүүлийн үед хэвлэлүүдээр гарч эхэлжээ. Иорданаас гадна Египетийн Персийн булан дахь холбоотнууд болох Саудын Араб, Арабын Нэгдсэн эмирт Улс, Катар зэрэг улс тус төлөвлөгөөг дэмжиж байгаа бөгөөд эдгээр улс томоохон ивээн тэтгэгчээр оролцож магадгүй гэж AFP агентлаг онцолсон байна. “Al-Araby al-Jadeed” хэвлэлд мэдээлснээр, цаашид мөргөлдөөн гарахаас урьдчилан сэргийлэх баталгаа болгон Саудын Араб Палестины эсэргүүцлийн хөдөлгөөн /Хамас болон бусад зэвсэгт бүлэглэлүүд/ -ийг зэвсэггүйжүүлэхийг шаардаж байна. АНЭУ мөн ийм байр суурьтай байгаа бол Хамасыг дэмждэг Катар улс энэхүү арга хэмжээний эсрэг байр суурьтай байгаа аж. Харин Египет үүнийг боломжгүй гэж үзэж байна. Харин Палестины засаг захиргаа палестинчуудын эрх ашгийг төлөөлдөг нэгдсэн байгууллагын хувьд Газын зурвасыг удирдах эрхтэй гэсэн шаардлагыг дэвшүүлж байна. Ройтерс агентлагийн мэдээллээр, тус төлөвлөгөөний төсөлд Палестины засаг захиргаа Газын зурвасыг удирдах бүтцэд ямар нэгэн үүрэг гүйцэтгэх заалт тусгаагүй байна. Төлөвлөгөө ёсоор Хамасын үүрэг, оролцоо бүрэн үгүй болж, Газын зурвасыг өрнөд, араб болон исламын орнуудын консорциум удирдахаар заажээ. Хамасын зүгээс Арабын орнуудад хандан Газын зурвасыг дэмжихийг нэг бус удаа уриалж байсан. Гэсэн хэдий ч палестинчуудын ашиг сонирхолд нийцсэн тохиолдолд эрх мэдлээ шилжүүлэхийг уриалсан Арабын орнуудын лигийн тэргүүн Ахмед Абул Гейтийн уриалгыг няцааж байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu