ОЛОН ӨНГӨ I Амжилттай яваа хүнээс анзаарагддаг зүйлс

2025 оны 03 сарын 12

Амжилттай яваа, алдартай хүмүүстэй уулзаж, тэдний яриаг сонсохоор дараах нийтлэг зүйл илэрхий анзаарагдана.

1. Асар чөлөөтэй. Яримаар байгаа зүйлээ ярьдаг. Яриагаа маш гоё логиктой тайлбарлаж хүмүүст хүргэдэг. Тэднийг сонсоход нүд, бас тархи нээгдэх мэт болно. Өөрөө ярихын зэрэгцээ бусдыг сонсох, бусдын асуултад хариулахыг эрхэмлэнэ.

2. Маш энгийн. Үнэтэй тансаг хувцас, хэрэглэл өмссөн нь ховор юм. Хүнтэй харьцаж буй нь бүр энгийн. Ингэдэг юм, тэр чинь тэгдэг юм гэж хоосон мэдэмхийрэхгүй. Тэгдэг юм билээ, ийм ажил хийхэд ингэсэн гээд баримттай ярина. Гаргасан алдаанаасаа ичиж нэрэлхэх нь бүү хэл харин ч бахархаж сургамж болгож ярих юм.

3. Даруухан мэт боловч итгэлтэй. Харахад даруу мэт боловч хэлж буй үг, өгүүлбэр бүр нь тод, хурц. Энэ нь хууль бус үйлдэл хийдэг ёс зүйгүй хүмүүст шууд үзэн ядагдахаар "тэнэг, мэдрэмжгүй"  мэт харагддаг.

4. Бүгд шахуу хошин шогийн асар өндөр мэдрэмжтэй. Оркестор тоглож буй мэт заалаа мэдэрч, комедианаас илүү олныг хөгжөөж чаддаг.

5. Тэд хэдийнэ ажил, амьдралын үнэ цэнээ тодорхойлсон, маш тодорхой зорилготой хүмүүс байдаг. Ирээдүйд ингэх үү, тэгэх үү гэж асуувал огт бодож эргэлзэлгүйгээр шууд хариулна. Ирээдүйдээ итгэж биш, ирээдүйгээ өөрөө төлөвлөн удирдаж амьдардаг гэсэн үг

Т.Өлзийтогтох

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top