ОЛОН ӨНГӨ I Эр хүн сүрэндээ

2025 оны 03 сарын 18


Хэлхгэр халхагар нь монгол эрийн чимэг. Бодь сэтгэлтэй, борц шиг хатаагдсан, орчлонгийн элдэв явдлыг эрэгцүүлэн чаддаг, эвлэгхэн энгийн оршихуйтай, эвдэрвэл эвлэж чаддаг, найранд дуутай, наадамд даваатай, ар гэрээ ачаа хэмээн түүртэлгүй аварга нуруундаа үүрдэг эр хүнийг шүтнэ, шүлэглэнэ!

Адуу малдаа давхин хийморь нь бадарч байдаг, аглагт гарч амьсгал нь тэнийж явдаг улс бол эрчүүд. Одоогийнх шиг бариухан өмдтэй, намба үгүй, намтар үгүй, шувтан мөртэй, шулхагар цээжтэй, эм эр нь үл ялгагдах өлөн цагаан царайтай, хөнжилдөө төөрсөн, бээрсэн гамин шиг өлчир бус хөвүүдийг бол хөөрхий, хөдөө гарч эмнэг сургуулж, элсэн толгод мацуулж, эрэвгэр болгохсон хэмээн бодно.

Эр хүн бол сүрэндээ, эм хүн бол гоондоо л хэмээх буюу. Эх орны манаа эр цэргийн баярын мэнд ээ...

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu